Б.ЗАЯА
Ерөнхий боловсролын сурагчид хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн мөрөөр шалгалт явуулсан. Шалгалтаар нэгэн сургуулийн XII ангийн Г, Т, Х нарын гурван сурагч мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсан нь тогтоогджээ. Сурагчид17-18 насныхан байсан байна. Цагдаа нар тэднийг Эрүүгийн хуулийн 192..1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхины гэмт хэргээс уг зөрчил гаргасан сурагчдын сургуулийн 113 сурагчид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхины хор хөнөөлийг сурталчлах зорилгоор нэг цагийн сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн сургуулийн захиргаанд гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах талаар мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.
Эх сурвалж: www.polit.mn