Д.ЦЭРЭННАДМИД, Б.ЭНХЗАЯА

Өргөн Сэлэнгэ, Тужийн нарс гэхтэй зэрэг улс орны хоймор болсон нэгэн сайхан нутгийн тухай бодол, тариа будаатай эгэл түмний амьдрал кино адил хөврөх. Энэ бол Сэлэнгэ аймаг. Газар нутаг нь үзэсгэлэн төгс, ард олон нь хэзээний хөдөлмөрч. Энэ аймагт нэг очсон хүн дахиад зорихыг боддог гэнэ. Тиймээ, Сэлэнгэ түмний төрж өссөн энэ л нутгийн уул ус, ургаа хад нь хүртэл “домог” түүх ярьдаг байх юм. Сэлэнгийнхэн аймаг орныхоо нэр төрийг өндөрт өргөж явааг нь туг дээрх одонгуудаар нь бардамхан хэлж болохоор. Эднийхээс өөр гурван одонтой аймаг одоохондоо байхгүйг хэн бүхэн мэдэх биз. Тэртээ 1921 онд Монголыг аварсан хувьсгал энэ л нутгаас эхтэй. Ардын хувьсгалт цэрэг харийн дайсны эсрэг эрслэн боссон Ханын хөндий, дөрвөлжин сүмийн үүднээ дөрвөн пулемёт зөөж гаминг тонилгосон Алтанбулагийн баруун энгэр, тун айхтар гардан байлдаан болж байсан. Тужийн нарс, Хярааны хонхор, Шаамарын Шар тохой гээд түүх тэндээс урсана. Орчлонгийн нар зүүнээс манддаг бол Монголд хувьсгалын наран хойноос гийсэн гэж болно. Ер гаран жилийн өмнөх тэрхүү хуучраагүй түүхийг даваад харвал бас их домог ярих болно. Хүннү гүрний хүчирхэг төрт улс төвхнөж байсан Ноён уулын үлэмжит нутаг Эзэн Чингис 1179 онд гурван Мэргэдийг бут цохиод буцаж явахдаа хоноглосон Буур хээрийн хөшөөт хөндийн домгийг Сэлэнгэд очсон хүн л сонсдог, мэддэг. Тэгж түүх домгийн их судартай нутгийг биширдэг юм билээ. Сэлэнгэ нутгийн байгалийн үзэмж гэж хосгүй. Уул, усны оргил энд байдаг гэж болохоор доо. Нэг онцлог нь энэ аймгийнхан Хан цолтон таван уулаараа овоглон өнөөдөр хөдөлмөрлөж амьдарч буй юм. Монголын хамгийн том урсгалтай Сэлэнгэ мөрөн, бас Хараа бараандаа мяралзан байх Ерөө, Хараа голууд. Хэзээ ч бүлээхэн байдаг Гүнжийн нуур гээд л бахархах. Сэлэнгэд очоод Сайхны хөтөл дээр гарахгүй буцах хүн бараг л байдаггүй юм билээ. Аялагч, амрагчид бужигнаж байдаг энэ хөтөл дээр хараа чилээж, уртаар амьсгаа суух нь хот суурингийнханд жинхэнэ амралт болдог. Энэ хөтөл дээр гарахад дэлхий харагддаг гэсэн үг байдаг. Өргөн Сэлэнгэ, Түшээ гүн цолтой Монголын хамгийн урт гол Орхонтой урсгал нийлэх бэлчирийг хараад л баймаар. Цааш нь алслан харвал алдарт Таван хан уул “би энд байна” гэх шиг униар дунд өндөлзөнө. Бас улс орны маань хилийн торгон зурвас, цаана нь хүний нутгийн сүрлэг хангайг тольдох юм билээ. Эх сайхан байгалийн төгс төрх тийм л гайхамшигтай.

 

ХИЛИЙН УЛААН ШУГАМ ДЭЭР ГИШГЭЖ ҮЗЛЭЭ

 

Биднийг Алтанбулаг сум зорих замд сэргэж буй Тужийн нарс ногоорон харагдана. Хэдэн жилийн өмнө харамсмаар цөлмөгдсөн энэ домогт ойг сэргээх санаачилгыг анх “Зууны мэдээ” сониныхон гаргаж олны хөдөлгөөн өрнүүлсэн тухай, одоо Тужийн нарс туждаа сайхан сэргэж байгааг энэ нутгийнхан бахархан ярих юм билээ. Алтанбулаг сум Сүхбаатараас хойш 25 км-т оршдог. Зам дагуу томоохон бүтээн байгуулалт хийж байгааг харав. Энэ нь сумыг аймагтай холбосон бохирын шугам хоолой юм. Засгийн газрын шийдвэрээр 2002 оноос Алтанбулагт худалдааны чөлөөт бүс байгуулах ажлын нэг үргэлжлэл энэ аж. Гэвч хил орчмын ард иргэдийн амьжиргааг тэтгэх тэрхүү чөлөөт бүсийн асуудал 500 га газрыг төмөр хашаагаар хүрээлснээс илүү хийсэн ажил бага бололтой юм. Тэнд хилийн боомт дээр очлоо. Манай эриний 14-18 дугаар зууны үеэс Хиагт, Хүдэр, Зэлтэрээр олон улсын худалдаа явагдаж дэлхийн капиталийг Монголд нэвтрүүлж байсны үргэлжлэл нь энэ боомт гэж болно. Боомт тийм их аяаалалтай биш юм. Замын-Үүдийнх шиг цаг үргэлж буцалсан амьдрал энд харагдсангүй. Боомтын хаалгаар суудлын болон ачааны машин ангилалтайгаар нэвтрэх зохицуулалттай юм. Зорчигчдын хөдөлгөөнийг ганцхан жимээр шалгаж оруулна. Боомтын дарга ахмад Р.Одмөнх хоёр жилийн өмнөөс энэ албанд ажиллаж байгаа гэнэ.

-Манай ажил зургадугаар сараас есдүгээр сарын хооронд ихэсдэг. Одоогоос долоон жилийн өмнө гэхэд боомтоор өдөрт 20-30 автомашин нэвтэрдэг байсан бол одоо хоногт 1200-1500 зорчигч, 400-500 тээврийн хэрэгслийг шалган гаргаж байна. Хоёр ээлжээр ажилладаг эдний бие бүрэлдэхүүнд хил, гааль, мэргэжлийн хяналтын 20 орчим хүнтэй баг бий. Боомтыг 24 цагийн үйлчилгээтэй болгох тухай шийдвэрийг боомтынхон бид дэмждэг гэж хэлсэн юм. Бас ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг сайн гэж магтахын сацуу ачаа шалгах рентген аппарат, бичиг баримт шалгагч үүргэвчийн машин зэрэг техник хэрэгсэл үгүйлэгдэж байдаг тухай нэмж өгүүлсэн. Тэгээд биднийг дагуулан хоёр улсын хилийн зааг өмнө нь огт анзаарч байгаагүй улаан шугам дээр очиж учир начрыг тайлбарласан юм. Тийнхүү бид хилийн улаан шугам дээр гишгэж үзлээ.

 

МАЙМАА ХОТООС ҮҮСЭЛТЭЙ ӨНӨӨГИЙН АЛТАНБУЛАГ

 

Хөрш оронтой ердөө хэдхэн метрийн зайд оршдог ганцхан сум бол Алтанбулаг. Энэ сумын барилга байшин Орос хийцтэй нь нүдэнд тусна. Тэр дунд Ардын хувьсгалын түүхийг өөрөөрөө таниулдаг модон байшин хэд хэд байв. Монгол Ардын намын анхдугаар хурал болж байсан түүхт байшинд саяхан болтол сумын захиргаа байрлаж байжээ. Уг байшинд их жанжин Д.Сүхбаатар эх орноо төвхнүүлэх санаагаа боловсруулж суусан сандал ширээ тэр чигээрээ. Бас их жанжны Оросоос тусламж хүсэх бичиг хийж явсан  зандан ташуур, 683-ын маузер буу, Өглөө кинонд “тоглосон” телефон утас бүхэн энд байна. Энэ бүхнийг тус суманд байдаг аймгийн нэгдсэн музейгээс үзэж болно. Музейн эрдэм шижнилгээний ажилтан Д.Наранчимэгийн тайлбарласнаар хувьсгалын өмнөх үеийн Маймаа хотын эх загвар гоц сонирхолтой байлаа. Уг хотод Заргачийн яам ажиллаж хил нэвтэрч буй хүмүүсийг шалгадаг байж. Хилийн боомтын нэг үе нь тэр гэж болно. Музейн хойморт 84 ам метр талбайтай Шаамарын Шар тохойн тулалдааны тухай уран зургийн бүтээлийг байрлуулжээ. Уг тулааныг монгол цэргийн морины тэжээл өвсийг гамингууд хулгайлснаас үүсэлтэй гэж түүхчид үздэг. Энэ бүтээлийг урлагийн гавъяат зүтгэлтэн С.Дондог 1971 онд зуржээ. Зураач дурдатгал номондоо Сүх жанжныг бусдаас сүрлэг байдалтай зурснаа бичсэн нь бий. Тэр дагуу нь ажвал ухаа хонгороо унасан Жанжиныг амархан олж харав. Мөн Эзэн Чингисийн үе буюу XIII зууны Монгол цэргийн 32 кг жинтэй хөө хуяг байна. Эдгээрийг бусад аймаг хотод байхгүй үзмэр гэдгийг Д.Наранчимэг тодотгож байлаа. Сэлэнгэ зорих, буцах замд “Ээж мод” гэж бий. Энэ бол Монголчуудын уламжлалт зан үйлийн нэг гол төв болж байгаа нэг цэг юм. Хүмүүс Сэлэнгэ явахын утга учрыг ч энэ “Ээж мод”-той холбон тайлбарладаг болсон. Энд очин бусдын адил үйл хийвэл ажил төрөл, амьдрал өөдрөг болдог гэсэн олны итгэл ч улам газар авч байгаа. Сэлэнгэ яваад ирсэн хүн “Ээж мод”-ны хувь хишигтэй гэдэг юм билээ. Үүгээр Сэлэнгийн тухай тэмдэглэлээ өндөрлөе.