Н.МӨНХЖИН

 

Египетийн армийн удирдлага Ерөнхийлөгч Мохамед Мурсийг ард түмнийхээ шаардлагыг биелүүл хэмээн 48 цагийн хугацаа өгч байсан билээ. Тууштай, хүчирхэг Ерөнхийлөгч хэмээн өөртөө эрдсэн Мурси мэдээж “Үгүй” хэмээн няцаав. Тулган шаардалтын хугацаа ч дуусч армийн удирдагч Абдель Фаттах Аль-Сиси хэлсэндээ хүрч Каирын гудамжинд танкуудаа гарган, Мохамед Мурси Египетийн Ерөнхийлөгч биш болсон хэмээн үндэсний телевизээр зарлаж, Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоолоо.

Фаттах Аль-Сиси ард түмэнд хандан үг хэлэхдээ “Хямрал үүсгэлгүй, гэм зэмгүй хүмүүсийг уруу татахгүйгээр, хүчирхийлэлгүйгээр жагсаал цуглаанаа хийцгээ. Үндэсний хагарал, хуваагдлыг зогсоох гэж чармайхдаа ийм үйлдэл хийлээ. Египетийн зэвсэгт хүчин эх орондоо үнэнч хэвээрээ, ард түмний аюулгүй байдлыг хамгаалахын тулд үргэлж бэлэн байгаа” хэмээн онцолжээ.

Шинэ сонгууль хүртэл улс орны жолоог гартаа авсан Аль-Сиси үндэсний эвслийн Засгийн газар байгуулна хэмээн зарлав. Шинжээчдийн багийг томилж, үйлчлэлийг нь түр зогсоогоод байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бололтой. Батлан хамгаалахын сайд шашны удирдагчид болон цэргийн лидерүүдийн хамтаар мэдэгдэл хийхдээ, зэвсэгт хүчин Мурсигийн Засгийн газрын эсрэг жагсаж байсан ард түмний хүсэл зоригийг сонссон гэжээ. Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Адли Мансур Египетийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр болжээ. Тэрээр дотоодын шилжилтийн үеийг удирдаж, зэвсэгт хүчин болон нам, эвслүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хугацаанаас өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах юм.

 

“ЭВЛЭРЛИЙН ЗҮГ ХИЙЖ БУЙ АЛХАМ”

 

“Зургадугаар сарын 30” сөрөг хүчний фрон­тын төлөөлөгч Мохамед Барадей Үндсэн хуулийг зог­соож, Мохамед Мур­сийг эрх мэдлээс тусгаар­ласан зэвсэгт хүчний үйлд­лийг “Үндэсний эвлэрэл рүү хийж буй алхам” хэ­мээн нэрлэлээ. Армийн удирдагч Абдель Фаттах Аль-Сиси болон шашны удирдагчдын хамтаар мэдэгдэл хийсэн Барадей “Одоо нэгдүгээр сарын 25-ны хувьсгалын алдааг за­сах боломжтой боллоо” хэмээн мэдэгджээ. Нэгдү­гээр сарын 25-нд ард түм­ний хүсэлт, шахалтаар улс ор­ныг 30 жил удирдсан Хосни Мубаракийг эрх мэд­лээс зайлуулсан би­лээ. Египетийн лалын шаш­ны удирдагч Ахмед Таеб “Хуваагдсан ард түм­нийг нэгтгэх боломж гарч ирлээ” гэсэн бол коп­тууд буюу христос шаш­ны удирдагч Теодоро “Гарцгүй болчихоод бай­сан гудамжны эмх зам­ба­раагүй байдлыг нам­жаах зам нээгдлээ” гэ­жээ. Өчигдөр сөрөг хүч­ний лидер Барадей, “Лалын ахан дүүс” хөдөл­гөө­нийхэн, суннитууд болон коп­туудын удирдагч нар уул­заж, цаашид хэрхэх тө­лөв­лөгөөг ярилцсан байна.

 

М.МУРСИ ЭХ ОРНООСОО ГАРЧ БОЛОХГҮЙ

 

Цэргийн удирдагч те­ле­визээр мэдэгдэл хийс­ний дараа М.Мурси цэр­гийн удирдагчид болон цэр­гүүдэд хандан Үндсэн хуулийг биелүүлж, төрийн эр­гэлтийг няцааж, цус урс­гахаас зайлсхийхийг уриалжээ. Үүнтэй хол­бог­дуулан Мурсийн ойрын зөвлөхүүдийн нэг, “Лалын ахан дүүс” хө­дөл­гөөний өндөр албан ту­шаалтан Эсам Хадад, цэр­гийн эргэлт гарч, Үнд­сэн хуулийг зогсоосон нь илүү хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг ав­чир­на хэмээн онцолжээ. Цэр­гийн эргэлт гарснаас хойш дөрөвхөн цагийн да­раа хойд хэсгийн Марша Матрух хотод та­ван хүн амь насаа алд­сан байна. Цэргийн эргэл­тийг дэмжигчид болон эсэр­гүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болж хүний амь үрэгджээ. Төрийн эр­гэлт хийсэн цэргийнхэн Мохамед Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөл­гөөний удирдагчдыг эх орноо орхин явахыг хориг­ложээ. Мөн лалын шашны удирдагчдыг ч гадаад руу явахыг хориглосон тушаал Каир дахь олон улсын нисэх буудлын удирдлагад ирсэн байна.

Зэвсэгт хүчин эрх мэд­лийг гартаа авснаа зар­ласны дараа баярлаж хөөр­сөн олон мянган хүн Тах­рир талбайд цугласан юм. Харин Мурсийг дэмж­сэн хүмүүс цуглах гэж байсан Рабеа Адау тал­байг хаасан байна. Экс Ерөнхийлөгчийг дэм­жигчид болон эсэргүү­цэгчдийн хооронд мөргөл­дөөн гарч хүний амь үрэг­дэ­хээс сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авсан бололтой.

 

УЛС ОРНУУД ЮУ ХЭЛЭВ

 

Египетэд цэргийнхэн төрийн эргэлт хийсний да­раа АНУ Каир дахь дип­ломат төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудыг та­таж, шаардлагатай цөө­хөн хэдэн хүн үлдээхээр бол­жээ. Ерөнхийлөгч Барак Обама Египетэд өрнөж буй үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, шилжилтийн үеийг түр­гэсгэж, ардчилсан Зас­гийн газраа сонгохыг цэр­гийнхэнд уриалжээ. Европын холбооны дип­ломат албаны тэргүүн Кэт­рин Эштон, Египетийн шинэ засаг захиргаанд хан­­даж ардчилсан үйл яв­­цаа түргэтгэж, чөлөөт сон­­гууль явуулахыг уриал­лаа. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, цэр­гийнхэн Ерөнхийлөгч асан Мохамед Мурсийг барив­чилжээ. Мөн түүний ойрын хамтран зүтгэгчид болон “Лалын ахан дүүс” хө­дөлгөөний хэд хэдэн удир­дагчийг саатуулсан байна.