УИХ-аар Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулийн төслүүдийг баталсан. Уг хуультай холбогдуулан өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Ингэснээр Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийг хамтад нь ирэх оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Мөн өдрийн үдээс хойшх хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Нийгмийн даатгалын салбараас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар асуулга тавьсны дагуу Ерөнхий сайд мэдээлэл хийлээ.
Тэрээр тэтгэвэр олголтын нэгдсэн хяналтын хүрээнд Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудаас 2006-2015 онд нас барсан тэтгэвэр авагчдын оршуулгын тэтгэмж олголтод нэгдсэн шалгалт хийж, илэрсэн төлбөр зөрчлийг арилгасан гэдгийг хэлэв. Шалгалтаар нас барсан нийт 148 тэтгэвэр авагчтай холбоотой 164.9 сая төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчлийн бүртгэлийн алдаа, банкны илүү суутгагдсан тэтгэвэр, ар гэрийн итгэмжлэлээр авсан зэрэг 142 сая төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудалд нухацтай хандсангүй, нийгмийн даатгалын сантай холбоотой олон тэрбумын асуудал яригдаж байгаа ч үүнд үндэслэлтэй мэдээлэл өгсөнгүй гэж шүүмжлэв. Энэ талаарх дэлгэрэнгүй тоо баримтыг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр танилцуулав. Тэрээр “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй ахмад настны тоо 220 мянга байдаг гэж үзвэл 90 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Гэтэл Ерөнхий сайд 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэж дарж хэллээ. Нийгмийн даатгалын сангийн хугацаатай хадгаламжийн 43 хувь буюу хамгийн их хөрөнгө нэг банк болох Капитал банкинд байршиж байна. Нийгмийн даатгалын сангийн 210 тэрбумын хөрөнгийг өөртөө төвлөрүүлсэн Капитал банк ердөө 630-хан тэтгэвэр авагчдад үйлчилж байна” гэсэн юм. Энэ мэт тоог илүү тодорхой болгохыг хүссэн гишүүдийн зүгээс Ерөнхий сайд, салбарын сайдад хандаж саналаа хэлэв.
Ж.Энхбаяр:
-Нийгмийн даатгалын сан 11 банкинд мөнгө байршуулж байна. Солонгосын дөрвөн банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгө байршсан гэх мэдээлэл бий. Энэ мөнгө яагаад гаднын банкинд байрших болов. Нийгмийн даатгалын харилцах үлдэгдлийг 5.5 хувир арилжааны банкуудаас тооцож байгаа юм байна. Гэтэл Ерөнхий сайд та арилжааны банкуудаас 15 хувийн хүүтэй зээл авч урсгал зардлаа санхүүжүүлж байгаа. Яагаад төр захиран зарцуулж байгаа мөнгөө 5.5 хувийн хүүтэйгээр байршуулж, үлдэгдэл тооцоо хийгээд байна. С.Эрдэнэ сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв барина гэх нэрээр “Шонхор” нэртэй том барилга бариулсан ч цэвэр өөрийн мэдэлд, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Үнэн үү. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулсантай холбоотойгоор арилжааны банкуудаас авлига авдаг гэсэн мэдээлэл байна. Банкуудаас мөнгө авч, тэр мөнгөө тодорхой дансуудаар дамжуулж зарцуулалт хийдэг олон тэрбумын асуудал гарч ирсэн. Нийгмийн даатгалын орлого их наядаар хэмжигддэг. Зарцуулалт, үлдэгдэл ч мөн хэдэн зуун тэрбумаар хэмжигддэг. Ер нь авлига, хээл хахууль авдаг байдал энэ салбарт бий болоод байна. Энэ дагуу хууль хяналтын байгууллага ажилласан. Харин Ерөнхий сайд үүнд ямар хариуцлага тооцож, арга хэмжээ авсан бол. Хамгийн ноцтой нь арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж байна. Иргэдийн цалингаасаа төлдөг мөнгийг буруу захиран зарцуулж байгаа асуудалд Засгийн газраас ямар ч хариу өгөөгүй. Яагаад нийгмийн даатгалын сан шилэн биш байна. Яагаад Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл, арилжааны банкууд дээр байгаа үлдэгдэл 140 тэрбумаар зөрсөөр байтал хариу өгөхгүй байна. Үүнийг яагаад шалгахгүй байна.
С.Эрдэнэ:
-Солонгосын ямар нэг банкинд хадгаламж байршиж байгаа асуудал огт байхгүй. “Шонхор тауэр” гэдэг миний нэртэй ямар ч барилга байхгүй. Таныг ч гэсэн генералуудад зориулсан гэх Хандгайтад барьсан барилгатай чинь холбовол яах вэ. Бодолцох хэрэгтэй. Шагнал авдаг зөрчил гарч байсан ч одоо ийм асуудал байхгүй. Нийгмийн даатгалын үйл ажиллагаа үзүүлж байгаа нийт хүнийг авлигачин болгож ярьдаг чинь буруу. Арилжааны ямар банктай үгсэн хуйвалдсаныг нотолгоогоор гарга. Шалгадаг газар нь шалгуул. Түүнээс биш индэр, УИХ-ын чуулганы танхимыг ашиглаад гүтгэлэг хийдгээ боль. Нийгмийн даатгалын шилэн данс маш сайн ажилладаг гэж танай намын бүлгийн ажлын албаныхан мэдээлж байгаа. Бүхэл бүтэн байгууллагын үйл ажиллагааг харлуулахаа боль. Энэ салбарт ажиллаж байгаа 5000 гаруй төрийн албан хаагчийг гутаах гэж байдгаа боль.
С.Бямбацогт:
-С.Эрдэнэ сайд аа, та Нийгмийн даатгалын сан дампуурахаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсныг МАН-ын гишүүд оролцож засч өгөөд хонь бүрэн, чоно цатгалан хууль баталж өгсөн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг МАН-ын бүлэг шаардсан ч үр дүн гараагүй. Саяхнаас сайд нь 2-4 хувиар бууруулах боломжтой гэж үг унагаж байгаад баярлаж байна. Ахмадын 90 хувь тэтгэврийн зээлтэй, тэтгэврийн зээлийн хэмжээ 340 тэрбум төгрөгт хүрсэн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 550 тэрбум төгрөг. Үүнээс 190 тэрбум харилцах дансанд нь таван хувийн хүүтэй байршиж байна. Ийм бага хүүтэй байршуулж байгаа юм чинь ахмадуудад 18 хувийн биш 10 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож болдоггүй юм уу.
Ч.Сайханбилэг:
-Бодлогын хувьд санал нийлэхгүй зүйл байна. Нийгмийн даатгалын сангийн хадгалалт, хадгаламжийн хүү болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулаах гэсэн хоёр асуудлыг хооронд нь барьцалдуулж байгаа нь бодлогын хувьд буруу юм. Эрсдлээсээ шалтгаалаад харин ч аль болох хол явж байх хоёр өөр асуудал. Харин Нийгмийн даатгалын сангийн менежментийг хэрхэн сайжруулах тухай яривал зөв асуудал юм. Энэ сангаас орж ирэх хөрөнгөө хөрөнгийн эх үүсвэр болгоод, түүнийгээ тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эх үүсвэр болгоод явах нь хоорондоо уялдаа холбоотой асуудал биш. Ер нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулахын цаад зорилго нь юу юм бэ. Ингэснээр дахиж зээл авах сэдлийг нь улам өрдөх ёстой юм уу эсвэл бодлогынхоо дагуу тэтгэврийн зээл авах хувь хэмжээг бууруулах нь бидний зорилго юм уу гэдгээ эхлээд зөвөөр харах ёстой. Тэтгэвэр авагчдын 90 биш 60 хувь зээлд хамрагдсан байгаа. Тэтгэврийн зээлийн хувь хэчнээн бага тогтоосон ч байсан тэтгэвэр өөрөө банкны зээлийн хүү гэдэг зүйлд идэгдэж байх ёсгүй гэсэн байр суурьтай байна гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин