Л.ЭНХТУЯА

 

НЭГ АЖ АХУЙН НЭГЖ 30 ОРЧИМ ТАТВАР ТӨЛНӨ

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж мөрдөх журам, хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжид үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тухай, орлогын албан татварын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн аудитын тухай, Гаалийн тариф, татварын тухай, Татварын ерөнхий хууль зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай олон хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Эдгээр хуулиудын нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд зөрүүтэй олон санал гаргасан ч бүгдийг олонхийн саналаар дэмжсэн. Гишүүдийн хувьд Газрын тосны хуулийг өнөөгийн нөхцөл байдалд хангалтгүй байдаг учир хуулиас давсан хэмжээний журмуудаар зохицуулалт хийж ирсэн гэж байсан. Ц.Нямдорж гишүүний хувьд энэ хуульд занарын талаар тусгаж өгөх, тусгай хэсэг болгон оруулах санал гаргаж, судалж үзэхийг хууль санаачлагчдад санал болгож байсан юм. УИХ-ын гишүүн Д.Зоригт Засгийн газар хуулийг санаачилсныг сайшаасан. Харин газрын тосны хайгуул, олборолт зэрэг эрсдэлтэй салбарт төр оролцох тухай саналыг буруушааж байсан. Түүний оронд төр зохицуулалт, хяналтын үүргээ сайн биелүүлж ажиллах нь зөв гэлээ. Мөн түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган, энэ салбарт ажиллах аж ахуйн нэгжүүдэд ноогдуулах татварын талаар дахин судлах ёстойг санууллаа. Түүний хэлснээр нэг аж ахуй нэгж 21 төрлийн татвар төлдөг. Энэ хуулиар есөн төрлийн татвар нэмж, ойролцоогоор 30 орчим татвар төлөхөөр болж байгаа нь аж ахуй нэгжүүдэд хүндрэлтэй гэж үзэж байгаа. Уг хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

БАРИЛДАХГҮЙГЭЭР ЦОЛ НЭМДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ

 

Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Энэ төслийг Р.Гончигдорж, Г.Батхүү нарын гишүүд санаачилсан. Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан байна.

Хуулийг байнгын хороогоор хэлэлцүүлэхэд гишүүдийн олонх нь хуулийн төслийн нэгдүгээр зүйлд заасан улсын баяр наадамд түрүүлээгүй бөхөд улсын аварга цол олгох оновчгүй гэсэн байна. Уг заалтыг өөрчлөх саналыг төсөл санаачлагчид хүлээн авах боломжтой гэж үзжээ. Чуулганы хуралдаанд энэ хуулийн тухай УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Арвин нар саналаа хэлсэн. Д.Арвин “Сүүлийн үед наадам хэт сунжирч байгаад хаа хаанаа анхаарах хэрэгтэй” гэсэн. М.Энхболд хэлэхдээ “Баяр наадмын өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэр оновчтой вэ, энэ тухай бодолцсон уу. Шууд даян аварга цол олгохыг дэмжихгүй байна. Барилдахгүйгээр цол нэмдэг байж болохгүй. Бид өмнө нь хуульд ийм өөрчлөлт оруулж байсан. Бөхчүүдийн дунд үл ойлголцох байдал үүсгэдэг. Энэ байдлыг судалж үзэх хэрэгтэй” гэсэн. Уг төслийг гишүүдийн олонх дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.