Ц.БАЯР

Хан-Уул дүүрэгт   “Ил тод байдлын дэд зөвлөл”  байгуулагдсан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор үйл ажиллагаа нь явагддаг уг зөвлөл байгалийн баялаг ихтэй зарим аймгуудад байгуулагдаад байсан бол энэ удаа Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүрэгт  байгууллагдсан байна. Уг дэд зөвлөл нь төр, иргэд болоод иргэний нийгмийн байгуулага,  аж ахуйн нэгжийн ижил тэгш төлөөллийн бүрэлдэхүүнтэй  байгуулагдснаар байгалийн баялагаас ашиг хүртэх хэлбэрийг ил тод, хяналттай, талуудын сонирхолыг  тааламжтай байдлаар зохицуулж байгаагаар онцлог юм. Хан-Уул дүүргийн  12,13 дугаар багийн нутаг дэвсгэр Туул голын ай савд харьяалагддаг. Тус газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга зэрэг барилгын материалыг зөөж тээвэрлэлт хийдэг 50 орчим  компани бий. Харин төрөөс зам тавьж зөв зохицуулалт хийж чадаагүй мөн аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж  тоос шороо ихээр босож  агаар бохирдуулснаас болж тэнд оршин суудаг иргэдийн эрүүл, ая тухтай оршин суух баталгаа нь алдагдаж  зөрчил маргаан тасардаггүй билээ. Тиймээс зөвлөл байгуулагдснаар иргэд болон ИНБ, компани, төрийн үйл ажиллагаа нягт холбоотой болж хяналт сайжирснаар иргэдийн ая тухтай байдал дээрдэж, аж ахуйн нэгжүүдээс авах татвар ил тод, шудрага болж байгальд ээлтэй баялаг хүртэх үндэс тавигдах ажээ.  “ Ил тод байдлын дэд зөвлөл”-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Зөвлөл байгуулах үеэр Нээлттэй Нийгэм Форум, ББЗХ-ийн дэмжлэгтэйгээр “ТАН” эвсэл, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ, ОҮИТБС-ын ажлын алба, Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран Хан-Уул дүүргийн  Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон талт хэлэлцүүлэгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт гурван талын төлөөлөл оролцож “Ил тод байдлын дэд зөвлөл”-ийн 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг баталсан байна. Мөн анх удаа төрийн байгууллага иргэд болоод  ИНБ, аж ахуйн нэгжид тайлангаа тавьсан. Тайлангын явцад  ажил, ам  зөрж  байгааг тэд онцолж байсан. Тус хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 12,13 дугаар багийн иргэд, багийн  ИНХ-ын дарга Д.Энхтайван,  тэргүүлэгчид, “ Элс, хайрга, дайрга, үйлдвэрлэгчид”-ийн холбооны тэргүүн н.Батжаргал , Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, агентлагуудын дарга, мэргэжилтэн болоод зохион байгуулагчид оролцсон. Энэ үеэр талуудтай уулзаж ярицлаа.

Хан-Уул дүүргийн 13 дугаар багийн  ИНХ-ын дарга  Д.Энхтайван: Татвар төлдөггүй компаниудыг илрүүлнэ

- Иргэд  байгаль хамгаалах ИНБ-тай хамтарч ажилласны үр дүн гарч байна. Бид өнгөрсөн зун “ Элс, хайрга, дайрга, үйлдвэрлэгчид”-ийн холбоотойгоо хамтарч  иргэдийн хүчээр нэг хяналтын цэг ажлуулж  машин бүрээс 3000 төгрөгийн хураамж авсан. Тэр мөнгөөр замаа усжуулснаар шороо босох нь багасаж өмнөх жилүүдээс  арай дээр зуссан. Бас Хан-Уул дүүргээс  нэг хяналтын цэг ажлууснаар улсын чанартай замын хураамж  авснаар замбараагүй элс, хайрга, дайрга ачих байдал хяналттай болсон. Одоо дэд зөвлөл байгуулагдснаар хяналт улам  сайжирна. Манай дүүргийн компаниудаас гадна Төв аймгийн Алтанбулаг сумын компаниудын машин ямарч хяналтгүй, татвар, хураамжаас зайлсхийж хулгайн замаар тээвэрлэлт хийдэг. Үүнийг хяналттай болгох, татвар хураамж нь орон нутагт нь үлддэг байх талаар бид ярьж байна. Нөгөө талаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг  Нийслэлээс өгдөг хэрнээ цуцлах шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргадаг. Нийслэл өгч болсон, буцаагаад цуцлахыг нт нэг дороо байх ёстой баймаар. Үүнээс болж лицензтэй холбоотой зөрчил маш их гардаг. Энэ жил гэхэд 14 газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгөх тухай бичиг манай ИНХ-д ирсэн. Гэтэл хуулинд 30 хоногийн дотор тухайн нутгийн ард иргэдээс асуу гэсэн байдаг.  Хугацаа нь аль хэдийн нь өнгөрчихсөн хойно ирдэг. Дээр нь тухайн компаний талаар дэлгэрэнгүй танилцуулга байхгүй. Зөвхөн хэдэн нэр,  координатын тоо тавьсан ойлгомжгүй бичиг ирдэг. Үүнийг засах хэрэгтэй байгаа юм.

 “ Элс, хайрга, дайрга, үйлдвэрлэгчид”-ийн холбооны тэргүүн н.Батжаргал: Замын хуудастай болгоё

-  Бид багийн иргэдтэй зохицоод үйл ажиллагаагаа явуулж болж байна. Харин гадны нутгийн хяналтгүй тээвэрлэлт хийдэг машинуудыг хяналттай болгож нөхөн сэргээлтийн мөнгийг авах хэрэгтэй. Тэд манай  холбоонд харьяалагддаггүй. Тээвэрлэлт хийхээр зорчсон хувийн болоод улсын  машин бүрийг замын хуудастай болгох аргаар хянаж болно.

 Хан-Уул дүүрэгт уул уурхайн  50 орчим компани идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд  36 аж ахуйн нэгж тайлангаа өгч үүнээс 18 аж ахуйн нэгж нь татвараа төлсөн  бол үлдсэн нь төлөөгүй . 2015 онд 12 компани үйл ажиллагаа явуулсан. Одоогоор 59 сая төгрөгийн татварын өртэй байгаа мэдээг тус дүүргийн Татварын хэлтэсийн мэргэжилтэн н.Гансүх мэдээлж байв. Харин Иргэний Нийгмийн Байгууллага, иргэдийн хийсэн бүртгэл,  мэдээгээр 2015 онд 46 компани үйл ажиллагаа явуулсан. Голын урд, хойно байрлах карериудаас  өдөр шөнөгүй нэг ээлжинд 300 машин тээвэрлэлт хийж байхад төрийн мэдээлэлд 12 компани ажилласан гэж  мэдээлэл зөрж байна.Тиймээс бүртгэлгүй татвар хураамж төлдөггүй компаниудыг илрүүлбэл улсын төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ гэдгийг тэд хэлж байсан. Түүнчлэн хэлэлцүүлэгээр ОҮИТБС-ыг Монгол Улсад хэрэгжүүлж буй байдал ба оролцогч талуудын үүрэг оролцоо сэдвээр төслийн зохицуулагч Ш.Цолмон илтгэл тавьсан. Ил тод байхын ач холбогдол үр нөлөө иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо,  компаниудын үүрэг оролцоо сэдвээр ОҮИТБС-төслийн ажлын албаны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа, мэдээлэл технологийн зөвлөх Г.Ганбат,  “ТАН” - эвслийн ЗЗГ,   “ Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэрггүн Б.Баярмаа нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Эх сурвалж:www.zms.mn