Д.МЯГМАР

Наадам дуусаад намартай айлсахад хүүхдийн цэцэрлэгийн асуудал хаа сайгүй өрнөдөг. Ямар ч улсад хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр хүүхдийг өсгөх орчин чухал болж ирлээ. Намар болонгуут хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж эцэг, эхчүүд өдөр, шөнөгүй дугаарладаг. Таньдаг нэгэн рүүгээ утас цохиж бөөн ажил болно. Цэцэрлэгийн таньдаг эрхлэгч байна уу, сайн багштай ангид хүүхдээ өгнө, хахуулийг нь өгөөд оруулчих гэх мэтээр асуудал араасаа ургадаг.
Манай улсын хэмжээнд 945 цэцэрлэг байдаг. Үүнд 181 мянган хүүхэд хүмүүждэг статистик тоо бий. Цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтийдүүлэн ажиллаад ч хүүхдээ шингээж чадахгүй болсныг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Монголд 56 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй гэртээ үлддэг аж. Нийслэлийн хэмжээнд 29.5 мянган буюу 10 хүүхдийн дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж чадаггүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар дүгнэжээ. Амьдрал дээр дээрх тоо өсөлттэй гарах болов уу. Хичээлийн жил эхлээд эцэг, эхчүүд хүүхдээ яаж цэцэрлэгт багтаах вэ гэж шогширдог. Мөнгөтэй, арга зальтай нэг нь балчир хүүхдээ харъяалал харгалзахгүйгээр “албанд” багтаачихдаг. Энэ нь тэдний буруу биш. Нийслэлийн хороодоор жишээ авахад огт цэцэрлэггүй хороо дүүргүүдэд цөөнгүй байдаг. Гэвч манай хороо цэцэрлэггүй гээд хүүхдээ гэртээ цоожилдог аав, ээж сүүлийн жилүүдэд цөөрсөн.
БОСГО ДАВААД БӨӨН БЭРХШЭЭЛ...
Айл бүр л ямар нэг хэмжээгээр банкны өр, зээлтэй учраас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ хараад гэртээ суудаг үе өнгөрсөн. Хот, суурин газрынхан цэцэрлэгийн үүдээр хүүхдээ оруулсан бол өөрсдийгөө их ажил амжуулсанд тооцдог болжээ. Үүний дараа цэцэрлэгүүдийн ариутгал, бохир, цэврийн шугамтай эсэхийг сонирхохгүй. Гэтэл манай улсад 34 цэцэрлэг зориулалтын барилга байгууламжгүй гэсэн баримт бий. Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд нэг бүлэгт байх хүүхдийн тоо 1.5-2 дахин их болжээ. Энэ нь Монголд шинээр олон газарт цэцэрлэг барих ёстойг дарга нарт сануулаад байх шиг.
Халаалт, дулаан нь ямар бол, цонхоо торлосон уу гэх мэтээр хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлсэн эсэхийг лавладаггүй. Цэцэрлэгийн жаал цонхоороо унаж гэмтсэн тохиолдол Улаанбаатар хотод саяхан гарч байсныг мартаж болохгүй. Хүүхдийн тоо нэмэгдэх тусам цэцэрлэгийн тоглоом, хэрэглэгдэхүүнийн чанар улам дорддогийг тэр бүр хүмүүс мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. “Хүүхдээ цэцэрлэгт өгч байвал боллоо” гэсэн аминч бодлоос өөр зүйлийг эцэг, эхчүүд тоохоо больсон нь цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас бий болжээ. Байсхийгээд хүүхдээ өвчин ороогоод байгаагийн шалтгааныг эцэг, эхчүүд нэг их чухалчилж үздэггүй. Эм, тариагаар бөмбөгдөөд л “албанд” нь хүчээр явуулдаг. Ингэхгүй бол арай гэж олсон орон тоогоо алдах болно. Олон хүүхэд нэг дор шавсан умгар тасалгаанд цэвэр агаар, цэмцгэр орчинтой эсэх нь эргэлзээтэй. Хүүхэд харах хүн хайлгүй цэцэрлэгт өгөөд ажлаа хялбар хийж байвал томчуулын санаа амрах нь тэр. Бусад нь асуудал биш болжээ.
ЖААЛУУДЫН ТӨЛӨӨ УЛСААС ЯМАР АЖИЛ ХИЙВ?
2013 онд улсын хэмжээнд 95 цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 3900 ортой 36 цэцэрлэгийн барилга, 3200 хүүхдийн хүчин чадалтай 106 гэр цэцэрлэг, тавилга, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэхээр төлөвлөсөн гэж БШУЯ-наас гаргасан статистик мэдээнд дурджээ. Дээрх байдлыг өнгөрсөн оныхтой харьцуулахад цэцэрлэгийн хүчин чадлыг 3.8 хувиар, гэр цэцэрлэгийг 10.5 хувиар нэмэгдүүлсэн гэв. Жилд цэцэрлэгийн тоог 3.8 хувиар ахиулж байхад энэ салбарт ахиц, дэвшил гарах уу. Цэцэрлэгт хүүхдээ багтаагаад асуудал дуусна гэж бүү ойлгоорой. Дээр өгүүлсэн цэцэрлэгийн стандарт эрэлтээсээ болоод шаардлага хангахгүй болсон нь үнэн. Жишээлбэл, Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан олон хүүхэд хүлээн авснаар анги бүлгийн нягтралыг нэмэгдүүлдэг. Ингэснээр цэцэрлэгүүдийн 79.1 хувь нь нэг хүүхдэд ногдох талбайн стандартын шаардлага хангахгүй болжээ. Нэг хүүхдэд ногдох эдэлбэр газрын хэмжээ стандартаас бага болсон зэргээр тааруу мэдээ олон дуулдана лээ. Монголын хойч ирээдүй болсон үр, хүүхдээ сургуульд орохоос нь өмнө аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинтой цэцэрлэгт явуулах юмсан.