Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн асан Б.Долгортой ярилцлаа. Тэрээр МАН-д шинэчлэл хийх ёстой гэдэгт санал нэгтэй байгаа учраас бидний яриа эндээс эхэлсэн.
-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэгээр ахлуулсан залуус МАН-д шинэчлэл хийх тухай ярих боллоо. Намын гишүүний хувиар дэмжиж байгаа юу?
-Бүхэлд нь дэмжиж байна гэж хэлж чадахгүй. Шинэчлэл өөрөө яаж явагдах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Хэсэг нөхөд гарч ирээд “Бид шинэчилнэ” гэж давхиснаараа шинэчлэхгүй. Ийм арга барил нь зөв биш байдаг. Гагцхүү шинэчлэлийн төлөө нэгдэж, зөв арга барилаар ажиллахад учир байгаа юм. Дээрээс нь шилжилт нь яаж явагдах вэ гэдэг нь чухал байна. Нэг л өдөр удирдлагад байгаа бүгд огцорч, тэдний орыг шинэчилнэ гэж яваа нөхөд эзэлж авснаараа шинэчлэл болохгүй. Миний бодлоор намын их хуралд бэлтгэх, зохион байгуулалтыг хангах комисс байгуулах ёстой. Тэр комисс нь намын дээд, доод шатны бүх төлөөллийг хангаж, уламжлал, шинэчлэлийг аль, алийг нь хослуулах ур чадвартай бүрэлдэхүүн байгаасай. Өөрөөр хэлбэл, намын гишүүдийн оролцоог хангаж чадах зөв хүнээс бүрдэж байж намын их хурлын зохион байгуулалт гольдролдоо орно. Ийм зөв багаас гарах шийдвэр нь зөв байх учиртай. Үүнийг л нэн тэргүүнд анхаарах ёстой гэж үзэж байна.
-Удирдлагуудыг сольсноор шинэчлэл явагдахгүй гэж хэлж байна уу?
-Одоо байгаа удирдлагууд нь 100 хувь солигдож, тэдний албанд өөр хүмүүс орж ирэх нь шинэчлэл биш. Арга барил нь энэ биш. Яах вэ, өнөөдрийг хүртэл сонгуулиудад ялагдал хүлээхэд хүргэсэн тэр албан тушаалтнууд өөрчлөгдөх нь зөв. Зарчмын хувьд өөрчлөгдөх ёстой. Бүхэлдээ өөрчлөгдөнө гэдэг нь юу л бол. Удирдлагууд дотроо цөөнхийн бодлогыг зөв гаргаж ажиллаж байгаа хүн ч байна. Энэ бүхнийг салгаж зааглах ёстой юм. Шинэчлэлийн гол нь шалгуур нь юу гэхээр зөв бодлого, зөв арга барилаар ажиллах явдал юм.
-Сонгууль бүрт ялагдаж байгаагийн учир шалтгааны таны бодлоор юутай холбоотой вэ?
-Манай намын удирдах удирдах бүрэлдэхүүнд байгаа хүмүүсийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Үүнийг хэн нэгэнд нялзаагаад байх юм байхгүй. Яах вэ, өөр гаднах шалтгаан нь бол бий. Гаднах шалтгааныг тооцолгүйгээр үзвэл удирдлагуудын идэвхи санаачлага сул, нэгдмэл хүсэл зоригоор бүгдийг нэг зүг рүү чиглүүлж ажиллахдаа учир дутагдалтай байлаа гэж хэлье. Ер нь МАН өнөөдрийг хүртэл улс эх орныхоо төлөө юу хийсэн бэ гэдгийг хэн хүнгүй эргэж хараарай. Эртнээс л улс орноо хөгжил цэцэглэлтэд хүргэж авчирсан нам нь яахын аргагүй МАН. Харин өнөөгийн төвшинд иргэд яагаад итгэл бага хүлээлгэж байгаагийн шалтгааныг зөв тогтоох ёстой. Хэрэв үнэнд ойртсон дүгнэлтээ олж чадвал ард түмний итгэл сэргээд ирнэ. Маш амархан сэргэнэ. Тэгэхээр итгэлийг алдсан юмнаас салах ёстой. Мэдээж иргэдийн итгэл суларсаны шалтгаан нь төрийн өндөр алба хашиж байсан намын зарим нөхөд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаатай салшгүй холбоотой.
-Та нэгэн цагт МАН-ын лидер эмэгтэй улс төрчийн нэг байлаа. Одоо бол УИХ дахь танай намын эмэгтэйчүүдийн тоо ч цөөхөн. Дуу хоолой нь ч сул байгаа гэх юм?
-УИХ-ын гишүүн байхдаа би Жендерийн хороогоор дамжуулаад Жендерийн тухай хуулийг батлуулж, УИХ-д нэр дэвшигчдийн квотыг нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвшиж сонгогдох боломжийг нь эрх зүйн хувьд өндөр хэмжээнд хангаж өгсөн. Гэтэл манай намын хувьд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэх, жагсаалтын урд байрлуулахдаа маш муу хандсан. Түүнээс болж УИХ дахь манай намын гишүүдийн тоо хоёр болж буурлаа. Одоо бол тэдний дуу хоолой маш бага байна. Бусад намын эмэгтэйчүүдтэй бүлэг болоод ажиллаж байгаа ч тэр дотроо манайхны дуу хоолой маш сул байна шүү дээ. Үүний хажуугаар нам дахь эмэгтэйчүүдийн байр суурь орхигдож дуулсаа. Намын удирдах байгууллагад 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд нь орсон байх ёстой гэдэг квоттой. Энэ квотынхоо төлөө нэлээд тэмцсэний дүнд тодорхой хэмжээнд хүрсэн ч эмэгтэйчүүд маань бүрэн хэмжээнд ажиллаж чадахгүй явна. Үүнд олон эмэгтэй шүүмжлэлтэй хандаж байгааг хэлэх ёстой. Миний хувьд улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө шинэчлэгч хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн. Нам доторх эмэгтэйчүүдийн оролцоо өндөр төвшинд, идэвхтэй үйл ажиллагаагаа явуулах ёстой. Цаг нь ч ирсэн байна.
-Та “Иргэн бүрт-1072” хэмээх түр хороо байгуулсан байх аа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд хяналт тавих түр хороо билүү?
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа учраас “Иргэн бүрт-1072” хэмээх түр хороо байгуулсан. Монголын уул уурхайн салбараас иргэдэд ашиг хүртээх зорилгоор компанийн нийт хувьцааны 20 хувийг 2.7 сая хүний нэр дээр хуваан эзэмшүүлсэн. Нийт гурван тэрбум ширхэг хувьцаа. Хүн бүрийн нэр дээр 1072 ширхэг хувьцаа хадгалагдаж байгаа ч үр ашиг гардаггүй нь хамгийн том дутагдал. Нээлттэй компанийн хувьцаа эзэмшиж байгаа бол түүнийгээ олон улсын жишгээр зах зээлд эргэлдүүлж, ашиг олох ёстой. Тодруулбал, хувьцаат компанийн хэлбэрээр сонгосон бол эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж зөвшөөрөл авна. Хөрөнгийн биржид журмын дагуу бүртгүүлээд зах зээл дээр хувьцаагаа гаргах ёстой. Үүнийг брокер, дилерийн компаниуд, мэргэжлийн зуучлагч байгууллагууд ард иргэдийн нэрийн өмнөөс ажиллаж үр өгөөжийг өгдөг. Гэтэл энэ бүхэн “Эрдэнэс Тавантолгой”-д огтхон ч алга. Компанийн тухай хуульд “Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хэлэлцэх эрхтэй” гэж заасан байтал одоог хүртэл хувьцаа эзэмшигчид эрхээ эдэлж чадаагүй. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч энгийн иргэд энэ талаар мэдээлэл авах боломж олдохгүй байна. Гуравдугаарт, Компанийн тухай хуулийн 60.3-т заасан “Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэснийг зөрчиж байна. Хэрэв хуралдуулсан бол хэвлэл мэдээллээр танилцуулах байсан юм. Түүнчлэн хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаагүй байхад сонгогдсон гэх ТУЗ нь хүчин төгөлдөр бус, хувь нийлүүлэгчдийн хурал хуралдсан байлаа ч ард түмний төлөөлөл ороогүй тул хүчин төгөлдөр бус гэсэн үг. Үүнээс улбаалан одоо ажиллаж буй ТУЗ-ийн гаргасан шийдвэр, тогтоол болон үйл ажиллагаа хүчин төгөлдөр биш болно. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” дотор юу болж байгааг мэдэхгүй учраас мэргэжлийн хүн ч яахаа учраа олохгүй суугаа. Орон нутгаар явахад “1072 хувьцаа маань юу болж байна” гэж асуух хүн олон байдаг нь үүнийг батална. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт эзэмшүүлж, үр ашгийг нь хүртээгээд явах юм уу, үгүй юм уу гэдгийг өнөөгийн Засгийн газар, УИХ-аас илэрхийлэхгүй байна. Нөгөө талаас ТУЗ-ийн дарга нь Г.Дэнзэн гэж нөхөр байлаа. Одоо бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албанаасаа огцорсон учраас энэ ажлаа ч давхар өгсөн байх гэж бодож байна. Эцсийн дүндээ юу хэлэх вэ гэхээр ТУЗ хувьцаа эзэмшигч иргэддээ зориулж ажлаа тайлагнамаар байна. Иргэн бүр үүний төлөө нэг нэгээрээ яваад байхад хэцүү. Тийм учраас ямар нэгэн хэмжээгээр хувьцаа эзэмшигчид зохион байгуулалтанд орж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Тэр үүднээс иргэд хүмүүс асуудлыг байнга тавьж байгаа учраас хуульч хүнийхээ хувьд ажиллая гэж шийдсэн юм.
-Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариу ирсэн үү?
-Хариу ирээгүй байна. Бидний зүгээс Засгийн газрыг “Эрдэнэс Тавантолгой” компанийг хуулийнх нь дагуу ажиллуулаач. Хууль зөрчиж байгаа энэ бүх үйл ажиллагаагаа таслан зогсоогооч. Өмнөх үеийн УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлээч. Хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг хангаж өгөөч” гэсэн шаардлагыг тавьсан юм. Цаашид түр хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж шаардлагынхаа хариуг нэхэх болно.