М.ГАН

 

Н.ЗОЛЖАРГАЛ: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА

УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаан өглөө эхэлсэн ч гишүүдийн үл ойлголцол, маргаанаас болж өдөр завсарлаад үдэш үргэлжилж 23:00 цагт хуралдаж дуусав. Ингэх­дээ хэд хэдэн чухал хууль баталж Төвбанкны удирд­лагыг томилсон юм. Аж­лаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Л.Пүрэв­доржийг Монголбанкны ерөнхий­лөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж тус банкны шинэ ерөнхийлөгчөөр Н.Зол­жар­галыг томиллоо. Н.Золжаргал “Валютын зохицуулалтын тухай хууль зайлшгүй шаард­лага­тай, ойрын хугацаанд өргөн барихаар төлөвлөж байна. Валюттай холбоо­той үйл ажиллагаа, ханш хуульчлагдсан байх нь зүйтэй.

Цаашид алтны олбор­лолтыг алт худалдан авах үйл ажиллагаагаар дэм­жиж, гааль, цаг­даагийн байгууллагатай хамтран ажиллана. Инфляцийг бууруулах ёстой.

Инфляци бага, дунд орлоготой иргэдэд хүндээр тусч байсан. Засгийн газрын зорилтууд хэрэг­жин, инфляцид нөлөөлж байгаа бүх арга хэмжээг авч чадвал инфляци буурна, зээлийн хүү ч буурна. Энэ үр дүн ойрын хоёр жилд харагдана гэж тооцож байгаа. Энэ бол зорилт гэхээсээ илүү шаардлага болоод байна” гэв. Монголбанкны шинэ ерөнхийлөгч зээлийн хүү болон инфляцийг нэг оронтой тоонд хүртэл буулгах том амлалтыг чуулганы танхимд өглөө.

 

С.БЯМБАЦОГТ: БҮЛЭГ ТӨРЧИХӨӨД БАЙХАД БҮРТГЭЖ АВСАНГҮЙ

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь төсвийн тодотгол байв. Өмнөх өдөр нь Монголбанкны ерөнхийлөгчийг томилох хуваарьтай байсан хуралдаанд оролцоогүй МАН-ын гишүүд баасан гаригийн хуралдаанд оролцсон ч төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр картаа сугалж ирцэд бүртгүүлэхгүй байлаа. Тэд танхимд суусан ч гишүүдийн ирц хүрэхгүй­гээс маргаан дэгдэв. МАН-ын бүлэг байгуулж өгөхгүй бол төсвийн тодотголыг батлахгүй гэсэн хандлагатай байжээ. Тэд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах буюу Ардын намыг бүлэгтэй болгохгүй бол ирцэд бүртгүүлж хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн юм. Ардын намаас бусад нь олонхийг бүрдүүлэх боломжтой ч энэ өдөр олон гишүүн гадаадад томилолттой байсан тул ирц хүрэхгүй байв. Танхимд 40 гаруй гишүүн сууж байсан ч ирцэд 32 гишүүн бүртгэлтэй байлаа. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан “Засгийн газар байгуулагдаад 21 хонолоо. Төсвийн байгууллагын санхүүжилт хүлээгдэж байна. Тэтгэвэр, тэтгэмж хийгдээгүй байна. Иргэд, байгууллагаас манай яаманд шаардлага тавьж цугласан. Бид аль болох энэ байдлыг зөвөөр ойлгуулахыг оролдож байна. Төсвийн хуулийг баталж өгөөч. Даваа гаригаас санхүүжилтээ хийхгүй бол нийгэмд бухимдал үүсэх нь. Олон хүн хүсэн хүлээж байгаа асуудал боллоо. Аахар шаахар зүйлээр барь­цаалж нийгэмд таагүй уур амьсгал битгий бүрдүү­лээч. Би үнэн зүйлийг хэлэхээс өөр арга алга” гэв. Ерөнхий сайд Н.Ал­тан­хуяг “Төсөв мөнгөө батлаад явбал яасан юм бэ. Сонгуулийн жил гээд их хэмжээний орлого тасалдсан. Төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Олонх, цөөнхөө­рөө явъя, картаа хийчих. Хуучин төсөв чинь будаа болсон. Хүүхдийн мөнгө, хөгшидийн тэтгэвэрээр барьцаалж болохгүй. Өөр тоглоом байгаа шүү дээ. Дургүй бол эсрэг кнопоо дар. Ажил битгий уяад бай” гэв. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энх­түв­шин “Бид хуулийн дагуу ажиллая гэж хэлээд байхад асуудлыг авч хэ­лэл­цэхгүй, намын бүлгийг байгуулж өгөхгүй байна. Өнөөг хүртэл гацчихаад байгаа асуудлаа шийдээд явья. Тиймээс энэ хурлаа түр хойшлуулаад тулга­раад буй асуудлаа ярьчихаад ороод ирье” гэв. Гишүүн С.Эрдэнэ “Та нар төсвөөр тоглосон. Танай нам бүлэггүй байгаа нь тийм чухал юм уу. Ард түмэн цалингүй, тэтгэвэргүй өлсөж байхад танайх бүлэггүй байх нь асуудал биш. Бид цөөнх байхдаа хэзээ ч төсвөөр барьцаалж байгаагүй. Сүүлийн 22 жилийн улс төрийн түүхэнд төсвөөр барьцаалж байгаагүй шүү. Олонхи байж сур, бас цөөнх байж үз” гэсэн юм. Харин гишүүн С.Бямбацогт “Хүүхэд төрчихөөр бүртгэж авдаг биз дээ. Түүнтэй адил манай бүлэг төрчихөөд байхад бүртгэж авахгүй байгаа нь хууль бус” гэв. Ингээд нэгдсэн хуралдааныг түр хугацаагаар завсарлуулав.

САЙД НАРЫН ТӨСӨВ ТОДОРХОЙ БОЛЛОО

Үдээс хойш үргэлжил­сэн хуралдаанаар төсвийн тодотголыг батлав. Ингэс­нээр Засгийн газрын сайд нарын төсөв дараах байдлаар батлагдлаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 92.8 тэрбум,  Хууль зүйн сайд 303.5 тэрбум, Барилга хот бай­гуу­лалтын сайд 107.7 тэрбум, Боловсрол, шинжлэх ухааны сайд 953.8 тэрбум, Зам тээв­рийн сайд 498.3 тэрбум, Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд 122,1 тэрбум, Уул уурхайн сайдын баг­цыг 16.6 тэрбум, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 167,5 тэрбум, Хөдөлмөрийн сайдыг багцыг 214.1 тэрбум, Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд 569.4 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн сайд 16.7 тэрбум, Эрчим хүчний сайд 181.1 тэрбум төгрөг байна.

 

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21-НД БОЛНО

Үдэш үргэлжилсэн чуул­ганы нэгдсэн хурал­даанаар Аймаг, сум, дүүр­гийн иргэдийн Төлөө­лөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг батлав.  Хуулийн төсөлд аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргаа­ны нэгжийн бүтцийг хар­галзан тогтоохоор томьёол­сон байна. Тухайлбал, сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15,  2000-5000 хүртэл бол 21, 5000-9000 хүртэл бол 27, 9000 ба түүнээс дээш бол 31 байх аж. Мөн дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог мөн хүн амын нягтрал байр­шил, засаг захир­гааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоооно. Ингэхдээ дүүргийн хүн амын тоо нь 20 мянга хүртэл бол 17, 20-80 мянга хүртэл бол 25, 80-180 мянга хүртэл бол 35, 180 мянга ба түүнээс дээш бол 41 байхаар боллоо.

Орон нутгийн сонгуу­лийг холимог хувилбараар явуулах заалтыг МАН-ын гишүүд эсэргүүцэв. Тухайлбал, Д.Дэмбэрэл гишүүн орон нутагт холи­мог тогтолцоогоор сон­гууль явуулах нь нутгийн иргэдийг талцуулж, хэт улстөржүүлэх аюултай  гэсэн санал хэлж байв. Ийнхүү Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах хуулийн төслүү­дийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны эцсийн хэлэл­цүүлэгт шилжүүлсэн.  Үдшийн 21:00 цаг хүртэл хуралдсан чуулган түр завсарлаад Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хо­рооны хуралдаанаар санал авах өдрийг арваннэг­дүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт байна гэснийг арван­нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт зохион байгуула­хаар өөрчлөв.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлэн хуралдсан юм. Гишүүд санал авах өдрийг урагшлуулах тухайд нэлээд маргасны эцэст  ирэх арваннэгдүгээр са­рын сүүлийн долоо хоногт буюу 21-нд орон нутгийн сонгуулийг зохион байгуу­лахаар боллоо. Ийнхүү хуулийн төслийг хэлэлц­сэ­ний эцэст гишүүдийн 69,8 хувийн баталлаа. УИХ-ын ээлжит бус чуул­ганы хуралдаан  үдшийн 23:00 цагт өндөрлөв.