Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо болж байгаа АРФ-ын Бүсийн сайд нарын 20 дугаар чуулганд оролцож байна. Тэрээр чуулганы эхний өдөр Филиппин, Түрк, БНАСАУ, ОХУ, Бруней, Энэтхэг, Вьетнамын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийн хүрээнд тус улсын Гадаад хэргийн дэд сайдыг ойрын хугацаанд Монголд айлчлуулахаар ярилаа. Брунейтэй дипломат болон албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих, Филиппин Улстай иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр болов. Мөн Энэтхэг Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр даруй боловсруулах, Туркийн Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр ярилцсан. Зүүн хойдын Азийн асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээ явуулах санаачилга, Ерөнхийлөгчийн Вьетнамд хийхээр төлөвлөж буй айлчлал зэргийн талаар санал солилцов. Түүнчлэн хурлын дундуур Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Индонези, Тайланд, Австрали, Сингапур, Пакистаны Гадаад хэргийн сайд нартай товч уулзаж, ярилцав.
Талууд дээд, өндөр төвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Цаашид бүх түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг дэмжиж ажиллахаар санал нэгдэв. Хоёр талын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхижүүлэхийн тулд өөр өөрийн боломж, туршлага, сонирхолдоо тулгуурлан харилцан ашигтай хамтран ажиллахыг эрэлхийлэн ажиллахаа илэрхийлцгээв.
Л.Болд Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн бодлогын хүрээнд тус бүс нутгийн улс орнуудтай ойр дотно хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн эдийн засгийн интеграцид аль болох идэвхитэй оролцох эрмэлзэлтэй байгаа, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болохоор идэвхийлэн ажиллаж буйгаа тэмдэглэснийг ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.