М.ЦЭЦЭГ

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.23 хувийн санал авсан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс байнгын хорооны гишүүд асуулт асуув.

Л.Цог:

-Өмнөх сонгуульд сонгогчдын хэдэн хувь нь оролцож байсан, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал их нэмэгдсэн, зарцуулалт нь хэр байгаа вэ?

Ч.Содномцэрэн:

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчийн 73.59 хувь нь саналаа өгч байсан бол энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогчийн тоо өмнөхөөс 200 гаруй мянгаар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл ирцийн хувь буурсан ч санал өгсөн сонгогчийн тоо өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн зардлын тухайд улсын төсөвт 17.2 тэрбум төгрөгийн зардал туссан ч СЕХ 15.8 тэрбумын санал оруулж батлуулсан. Харин батлуулсан зардлаа хуваарилахын өмнө төлөвлөлтийн аудит хийлгэхэд зардлаа хэмнэх, зарим зардлыг бууруулах зөвлөмж өгсөн. Энэ дагуу сонгуулийн хороо, хэсэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож урамшуулал олгосон, эндээс зохих хэмнэлт гарна. Хуваарилсан зардлыг зарцуулах, тайлан гаргах талаар өгсөн зөвлөмжийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороод тайландаа аудит хийлгэж ирүүлэх ёстой, үүнийг нь нэгтгэж Үндэсний аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

Сү.Батболд:

-Хяналтын тооллогыг хэрхэн хийсэн, дүн мэдээ нь яаж гарсан, хүчингүй саналын хуудас гарсан эсэх, мөн гадаадын болон намуудын ажиглагчдын зүгээс ямар үнэлэлт, санал бодолтой байгаа вэ?

Ч.Содномцэрэн:

-Хяналтын тооллогыг хуулийн дагуу сум бүрт нэг, дүүрэгт хоёр хэсгийн хороонд санамсаргүй сонголтын аргаар 348 хэсэгт хийхэд нэг ч зөрчил гараагүй. Тооллого хийхэд гадаадын болон намуудын ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн байлцсан. Хүчингүй саналын хуудасны тухайд загварын бус саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульд заасан байгаа. Энэ удаад хүчингүй саналын хуудас нэг ч гараагүй. Гадаадын ажиглагчид урьдчилсан дүгнэлтээ гаргаж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Сонгуулийн оролцогч талуудын итгэлийг хүлээсэн, сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан бөгөөд ажиглалт явуулсан 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явц эерэг байсан. Сонгуулийн сурталчилгаа хүний үндсэн эрхүүдийг хүндэтгэсэн орчинд өрнөсөн, санал тоолох үйл явц ерөнхийдөө эерэг зэрэг үнэлэлт өгсөн. Гэхдээ хуульд сонгуулийн сурталчилгааг хязгаар­ласан заалт байна, СЕХ-ны бие даасан хараат бус байдалд ч бас анхаарах зүйл байна гэсэн зөвлөмж өгсөн.

СЕХ-ны даргын илтгэл, хуулийн төсөлтэй холбоглуудан гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг УИХ тогтоох хуулийн заалттай. Энэ дагуу УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг байнгын хорооны дарга А.Бакей гишүүдэд танилцуулсан юм. Ц.Элбэгдорж 2013 оны долдугаар сарын 10-ны өдрийн 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөр заасныг дэмжив.

Дараа нь УИХ-ын 1993 оны 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар төсөл санаачлагч гишүүн Г.Батхүү танилцуулав.  Өмнө нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулдаг байсныг өөрчилж Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд үйлдэх, түүнчлэн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулахаар тусгасан байна.

Төрийн ордны Их танхимд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэлт гаргасан учир олон хүн цуглаж тангараг өргөх ёслолыг үйлдэх боломжгүй гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.  Иймд бороотой байсан ч гадаа тангараг өргөх ёслолыг хийх боломжтой гэж төсөл санаачлагчийн нэг Г.Батхүү гишүүн хэллээ. Гэхдээ цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10-ны өдөр бороо орохгүй гэж гишүүн Г.Батхүү мэдээлсэн юм.