Н.МӨНХЖИН

Европын холбоо болон Туркийн тал дээд хэмжээний уулзалт хийсний дараа Анкарад гурван тэрбум евро өгөхөөр боллоо. Анкара хил хязгаарын хяналт, хамгаалалтаа сайжруулж цагаач, дүрвэгчдийн урсгалыг сааруулж, мөн Европт няцаагдсан цагаачдыг хүлээж авахын тулд энэ мөнгийг зарцуулах аж. Туркийг Европын холбоонд элсүүлэх асуудлыг энэ онд дахин авч үзнэ хэмээн Ангела Меркель амлажээ. Турк улс шаардлагатай бүх хууль дүрмийг дагаж мөрдсөн тохиолдолд Европын холбооны орнуудад визгүй зорчуулах асуудлыг түргэтгэхээр болов. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу “Турк, Европын  холбооны харилцаанд түүхэн өдөр боллоо” хэмээн цохон тэмдэглэв. Энэ онд 900 мянган цагаач Европт орж ирсэн юм. Тэдний ихэнх нь Сири, Ирак, Афганистан дахь дайн, мөргөлдөөнөөс зугтсан хүмүүс ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин