М.ЦЭЦЭГ

 

Засгийн газрын гишүүд даваа гариг бүрийн 15.00 цагт Төрийн ордонд цуглаж томоохон төсөл, бүтээн байгуулалтын талаар Ерөнхий сайдад мэдээлдэг болсон. Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнгөрсөн долоо хоногт томоохон төслүүд хэр урагшилсныг танилцуулав.

Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд тавьж буй 267 км төмөр замын суурийн ажил дөрвөн хувиар урагшилж, 24 хувийн гүйцэтгэлтэйгээр саадгүй үргэлжилж байгааг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа мэдээллээ. Энэ онд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох Дорнод, Өмнөговийн чиглэлд хоёр ч хэсэг одоо хүртэл эзэнгүй, зарим компанийн хариуцсан зам ахицгүй, удааширч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зам тээв­рийн яамныханд хатуу анхаарууллаа. Мөн Булганы Уньтаас Хөвсгөл хүрэх замын гүйцэтгэгчийг солих, асуудлын оновчтой шийдлийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай оруулж хэлэлцүүлэхийг даалгалаа. Тэрэлж, Төв аймгийн Эрдэнэ сумын замуудын ажил мөн удааширч, олон салаа шороон зам үүсгэн хөрс ургамал гэмтээж байгаа тул гүйцэтгэгч компанийн хариуцлагыг өндөржүүлэх, товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга Ч.Сайханбилэг тус яамныханд давхар сануулсан юм.

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойшхи 14 хоногийн хугацаанд 8000 иргэн өндөр хүүтэй зээлээс шилжиж, шинээр 400 гаруй иргэн зээл авчээ. Чингис бондын хөрөнгөөр орон сууцны есөн хороолол, гэр хорооллын есөн байршилд хийгдэх 73 ажил төлөвлөгөөний дагуу 10-40 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдээллээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцан ажиллаж байгаа Сайншандын боловсруулах үйлдвэр, Баянхонгорын хоёр сумыг жишиг болгон шинэчлэх ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Чингис бондоос аж үйлдвэрлэлийн төслүүдэд 7-гоос хэтрэхгүй хувийн хүүтэй зээл олгохоор Төв банктай ярьж тохирсон, ирэх долоо хоногоос зээлээ олгож эхэлнэ гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хэллээ. Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхлээд гуравхан сар болж байгаа ч 4500 орчим тонн ноолуур худалдаалсан нь жилийн нийт хэрэглээний 75 хувийг бүрдүүлсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нэмж дурьдсан юм.

ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-5 станцуудын ажил графикийн дагуу хэвийн үргэлжилж байна. Харин Амгалангийн ДЦС-ын ажил газар чөлөөлөлтөөс үүдэн саатаад байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил танилцууллаа. Тус бүсэд газар өмчлөгч 85 өрх байгаагийн 20-оодтой нь л тохиролцоонд хүрсэн, үлдсэнтэй нь гэрээ хэлцэл байгуулахад нэмж хоёр тэрбум шахам төгрөг хэрэгтэй байгааг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тайлбарласан юм. Үүнтэй холбогдуулан газраа чөлөөлөөгүй байж Засгийн газраас шийдвэр гаргуулдаг хариуцлагагүй байдал дахин гаргах ёсгүйг Ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудад анхаарууллаа.

22-ын товчооны замын шинэчлэл, Хүй долоон худагийн өргөтгөлийг энэ долоо хоногийн сүүлчээр, Баянхонгор хүртэлх хатуу хучилттай зам, Замын-Үүд хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлсэн шинэчлэлийн ажлыг наадмын дараа хүлээн авахаар болжээ.