Б.ЭНХЗАЯА

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаатай орон нутгийн хөгжлийн талаар ярилцлаа.
-Сэлэнгийн байгаль цаг уур таатай байна. Өргөн дэлгэр зуншлага болж байна уу?
-Манай нутагт зуншлага сайхан болж байна. Өвөл цас их орсон болохоор эрт ногоо гарлаа. Энэ нь газар тариаланд эерэгээр нөлөөлж, тариа ургах нөхцөл бүрдлээ.
-Удахгүй ургац авах цаг эхэллээ. Тариа, хүнсний ногоо хэчнээн га-д тариалав?
-Манай аймаг энэ хавар нийтдээ 161 мянган га-д үр тариа, 6.3 мянган га-д төмс хүнсний ногоо тариалсан. Улсынхаа үр тарианы 60 гаруй хувийг, төмс хүнсний ногооны 20-30 хувийг хангаж байна. Нэг л мэдэхэд ургацаа хураах цаг ирнэ. Жил бүр Сэлэнгэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ “Сэлэнгийн ногоон өдрүүд” худалдааг нийслэлд зохион байгуулдаг. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ. Байнгын борлуулалттай байх арга замыг хайж, аймгийн Засаг дарга нийслэлийн удирдлагуудтай уулзаад ирсэн. Нийслэлийн хэд хэдэн дүүрэгт зах ажиллуулах боломжийн талаар судалж байна. Сэлэнгийн ногоочдын хувьд хамгийн тулгамдсан асуудал борлуулалт байдаг. Ногоочдын зуны хөдөлмөр зооринд дарагдаж, үнэ хүрэхгүй байна гэсэн гомдол маш их ирдэг. Иймээс аймгаас ийм арга хэмжээ авч байна.
-Сүүлийн жилүүдэд зөгийний аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа гэж дууллаа?
-Зөгийний аж ахуйг сэргээж хөгжүүлэх талаар бодлого барьж аймгийн жижиг, дунд үйлдвэрийн сангаас хүүгүй зээлийг зарим аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Ингэснээр зөгийн бал үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалт жил бүр өсч, иргэдийн зөгийн аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдэж байна.
Мөн Шаамарын Аргангат компани “Шижир” зөгийн балаа Япон улсад экспортолж байгаа. Ингэснээр дотоодод үйлдвэрлэж байгаа экологийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах эхлэл тавигдсан гэж хэлж болно.
-Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байна вэ?
-Энэ жил улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 35 орчим тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгагдсан. Орон нутгийн хөгжлийн сангаас манай аймагт 8.4 тэрбум төгрөгийг хуваарилсан. Үүний 60 хувь буюу тав орчим тэрбум төгрөгийг сумдад хуваасан. Нэгэнт орон нутагт эрх мэдэл ирсэн болохоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Сум болгон иргэдээрээ хэлэлцүүлэн шийдвэрлэж ажлаа эхлээд явж байгаа.
-Аймагт бүтээн байгуулалтын ажил энд тэндгүй өрнөж харагдлаа. Энэ жилдээ багтааж ашиглалтад орох томоохон бүтээн байгуулалтаас нэрлэхгүй юу?
-Битүү зах гэж ярьдаг худалдааны төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн жилээс он дамжин хийгдэж байгаа ажил юм. Ирэх аравдугаар сард ашиглалтад орох 112 айлын орон сууцны барилгын ажил ид өрнөж байна. Мөн 720 айлын “Мөрөөдлийн хотхон”-ы суурь нь тавигдсан. Манай аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн санал санаачлага, өөрсдийнх нь хөрөнгөөр хийгдэж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг сая Ерөнхий сайдыг ирэхэд шийдвэрлүүлсэн. Ирэх оны улсын төсвөөр инженерийн шугам сүлжээний ажилд 5.4 тэрбумыг өгөхөөр шийдсэн. Инженерийн шугам сүлжээг сайжруулж, нэмэгдүүлснээр бүтээн байгуулалтын болоод иргэдийг орон сууцжуулах ажил эрчимтэй явагдана.
-Орон сууцны үнэ хотыг бодвол хямдхан биз?
-Нийслэлтэй харьцуулбал хямдхан. Гэхдээ орон нутгийн хувьд үнэтэй байна гэж иргэд хэлдэг. Энэ нь аймгийн хэмжээнд орон сууцны тоо цөөн байгаатай холбоотой.
-Сүхбаатар Алтанбулаг сумыг холбосон дэд бүтэц бий болсныг харлаа. Хил орчмын сум гэдэг утгаараа Алтанбулаг дээр төвлөрсөн хөгжлийг хэр анхаарч байна вэ?
-Одоогоор Сүхбаатар Алтанбулаг хоёрыг холбосон бохирын шугамыг тавьж эхэлсэн. Цэвэрлэх байгууламж нь Сүхбаатарт байна. Түүнийг татчихвал бас л бүтээн байгуулалт дагасан хөгжил эхэлнэ. Аймгийн ИТХ-аас шийдвэр гарч тэр чиглэл рүү иргэдэд газар өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэнд дэд бүтэц дагаж хөгжил эхлүүлнэ гэдэг утгаар. Уг нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүс үйл ажиллагаагаа эхэлбэл түүнийг дагаад сум маань хөгжинө гэж иргэд хүлээлтийн байдалтай байдаг.
-Алтанбулагт “Эв мод”-ны наадам болно гэсэн. Хэзээ вэ?
-Зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд “Эв модны наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ бол уламжлал болгон зохион байгуулдаг Орос-Монголын энгийн иргэдийн эв эеийг эрхэмлэсэн наадам. хоёр улс өөрийн нутаг дэвсгэртээ ээлжлэн хийдэг уламжлалтай. Хамтын ажиллагааны гэрээтэй болон хиллэдэг аймгууд болох Зэд, Хиагт, Кабанскии, Сэлэнгинскии районуудтай хамтарч зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр соёл, урлаг, спортын арга хэмжээнээс гадна уламжлалт харилцаагаа сэргээн уулзаж, халуун дулаан яриа хөөрөө өрнүүлэх, хамтран ажиллах санаа бодлоо уудлан ярилцах боломж нөхцөл бүрддэг. Аймаг өөрөө бие даагаад уг наадмыг зохион байгуулна. Бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
-Алтанбулаг сум хувьсгалын үеийн түүхэн дурсгалуудыг хадгалж байгаа үнэ цэнэтэй газар. Ялангуяа Сүхбаатар жанжинтай холбоотой түүхэн үйл явдлын гэрч гэж болно. Энэ чиглэлээр аялал жуулчлал багагүй хөгжиж байгаа байх?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард томоохон соёл урлагийн чуулган зохион байгуулсан. Сэлэнгэ аймаг өөрөө түүхийн дурсгал гэдэг утгаар аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар хэлэлцэж шийдвэр гаргасан. Ялангуяа хил орчим, байгалийн үзэсгэлэнт газар, нөөц баялгаа түшиглээд хэрхэн хөгжих талаар хөндөж салбарын яаманд саналаа тавьсан байгаа.
Сүх жанжинтай холбоотой түүх дурсгалыг засч тохижуулах ажлын талаар санал хүргүүлсэн.Хийх ажил их байгаа. Мөн аймгийн төв талбайд байсан Сүх жанжны анхны хөшөө дурсгалыг Алтанбулаг сумын төв хэсэгт байршуулж, тэр орчмыг сумын зүгээс олон улсын байгууллагатай хамтран тохижуулж, хүүхэд залуучуудын амрах, тоглох наадах нөхцөл боломжийг бүрдүүлж байна.
-Сэлэнгэчүүдийн амьдралын төвшин ямар байдаг вэ. Ажилгүйдэл хэр байна?
-Ажилгүй, ядуу хүн гэдэг ойлголт Сэлэнгэд байдаггүй гэсэн үгийг жирийн иргэд хүртэл ярих дуртай байдаг. Учир нь Сэлэнгэчүүд цаанаасаа ясны хөдөлмөрч, тэгээд ч үржил шимтэй хөрстэй, байгалийн баялаг ихтэй, дэд бүтэц түлхүү хөгжсөн, амьдрахад таатай нөхцөл боломж нь энэ үгийг бататгадаг. Залхуу хүн л ядуу амьдарна.Айл өрх бүр ногоо тарьж, амьдралаа залгуулж байна.Саяхан Олон улсын судалгааны байгууллагаас аймгуудын эдийн засгийн чадавхиар нь судалгаа хийхэд ажилгүйдлийн түвшингээр манай аймаг хамгийн бага түвшинд буюу ажилгүй иргэдийн тоо цөөн байгааг тодорхойлсон байналээ. Иргэд ямар нэг албан газарт харъяалагдахгүй болохоор өөрийгөө ажилгүй гэж үздэг ч ногоо тарьж амьжиргаагаа залгуулж, хувиараа аж ахуй эрхлэж өөрөө өөртөө ажлын байрыг бий болгож байдаг хүмүүсийг ажилгүй гэж хэлэхэд нэг талаас өрөөсгөл юм.
-Сэлэнгэд хүн амын өсөлт ямар вэ. Танай нутгийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байдаг. Ялангуяа баруун аймгаас зорин ирэгсэд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэж ярьдаг?
-Манайх хүн амын тоогоороо улсад тавд ордог. 103.0 мянган хүн амтай. Зам харилцаа сайн, хөрсний үржил шим сайтай болохоор зорин ирэгсэд олон. Ялангуяа Увс, Ховд гээд баруун аймгийн малчид ихээр суурьшиж байна.
-Аймгийн хэмжээнд хэчнээн мал тоологдов?
-Манай аймаг нэг сая 300 мянга гаруй малтай. Малаа чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилт олж, мах, сүүний чиглэлийн үүлдрийн мал оруулж ирж байна. Сүүлийн үед сүүний чиглэлийн ферм нэлээд эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Зүүнхараа чиглэлд.
Манай аймгийн бодлого бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх. Малын тоо чухал биш, чанар гол үзүүлэлт. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх талаар малчид маань өөрсдөө их хичээдэг болсон байна.
Малчин, тариаланч хоёрын хооронд үүсдэг зөрчил бол тариалангийн талбай, бэлчээр хоёроос үүсдэг. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр мал бүхий иргэдийг шилжүүлж авахгүй байх хатуу бодлого баримталж байна.
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан байх. Аймгийн зүгээс ирэх жилүүдэд ямар бодлого баримтлах вэ?
-Аймгийн Засаг дарга хоёрдугаар сард томилогдож, ИТХ-аараа хөтөлбөрөө батлуулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр гурван бүлэг, 157 зорилттой. Эдийн засгийн салбарын хувьд эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, дэд бүтцээ сайжруулан, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг хөгжүүлье, дунд орлоготой иргэдийг дэмжье гэсэн чиглэл баримталж байна. Иргэдийн дунд өөрсдийгөө болгоод амьдардаг, биеэ даачихсан хэсэг хүмүүс байдаг шүү дээ.Тэднийг бусдад үлгэр дууриал болгох талаар тодорхой ажлыг хийхээр зорьж байгаа. Төрөөс дэмжлэггүйгээр явчихдаг хүмүүсийг улам дэмжээд өгвөл тэдэнд илүү боломж харагдаад байгаа.
Нийгмийн салбарын хувьд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхүйц хэмжээний зорилтуудыг тусгасан.Иргэдийн өөрсдөө эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх гээд хүмүүсийн сэтгэлгээний хандлагыг өөрчилсөн, сайжруулсан бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Эрүүл мэндээ, боловсролоо бусдад даатгаад, бусдыг буруутгадаг хандлагыг өөрчилж өөрөө өөрийнхөө төлөө явдаг, тэмцдэг, эрдэг, сурдаг цаг болсон байна.Мэдээж төр засгийн зүгээс дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ л иргэд үүргээ ухамсарлах нь зүйтэй юм шиг зарим зүйл дээр анзаарагддаг.
Нутгийн захиргааны ажил үйлчилгээний хувьд аймгийн Засаг даргын хэлж ярьж, санаа тавьж байгаа асуудал бол дунд шатны албан хаагчдыг чадваржуулах явдал. Иргэд нь ч илүү юм нэхэхгүй, албан хаагч өөрөө ч хөгжиж дэвшихгүй. Бие биедээ дасчихсан ийм нэг хандлага байна. Тэднийг дэвшилттэй байдал руу оруулах, ажлын байранд нь сургах, чадваржуулах, хариуцлагыг өндөржүүлэх асуудал анхааарлын гадна үлдэж болохгүй. Энэ мэтчилэн шат дараалсан олон ажлууд байна. “Хүнээ дэмжиж, хөгжлөө түүчээлье” гэсэн уриатайгаар ирэх жилүүдэд ажиллана.
-Өмнөх удирдлагын бодлогын үргэлжлэл болж байна гэж ойлгож болох нь ээ?
-Яг тийм. Өмнөх Засаг дарга маань “Иргэнээ дэмжиж өрх гэрээ тэтгэе, үйлдвэрлэлээ өргөжүүлж эх нутгаа хөгжүүлье” гэсэн уриатайгаар амжилттай сайн ажилласан. Энэ удаа ч хүнээ дэмжвэл хөгжил аяндаа ирнэ гэсэн зорилгоор одоогийн Засаг дарга ажиллаж байгаа.