З.ХҮРЭЛ

 

Ц.Элбэгдорж дахин сон­гогдлоо. Тэрээр нийт сонгогчдын 50.23 хувь буюу 622 794 санал ав­сан тухай Сонгуулийн ерөн­хий хороо албан ёсоор мэдэг­дэв. Ц.Элбэгдоржтой өр­сөлд­сөн Б.Бат-Эрдэнэ 41.97 хувь буюу 521 380 хү­ний санал авчээ.

Энэ бол Ерөнхийлөг­чийн ээлжит сонгуулийн дүн. 2012 оны УИХ-ын сон­гуулиар нам та­виул­сан Ардын нам энэ удаад мөн л ялагдал хүлээлээ. Тэд төрийн эрхийг өрсөл­дөгчдөө алдсан, сөрөг хүч­ний байр сууринаас энэ сон­гуульд өрсөлдсөн гэх олон шалтгийг хэлэх биз. Гэвч энэхүү сонгуулийн өнгө хийгээд дүн олон асуудлыг босгож, бас ч гэж олон асуултад хариултад өгөх шиг боллоо.

Ц.Элбэгдорж бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэр утгаараа дуртай ч дургүй ч төрийн бүх аппарат намтай нь цуг түүний төлөө сонгуульдсан гэсэн үг. Харин Б.Бат-Эрдэнийн хувьд сөрөг хүчнээс нэр дэвшсэн, өөрөө УИХ-ын гишүүн байв. Онцлог нь гэвэл зөвхөн намын дарга нь энэ хүндтэй албанд нэр дэвшиж өрсөлддөг байсан жишгийг эвдэж гарч ирсэн байдаг.

Өрсөлдөөний эцэст 101 гаруй мянган саналын дутуугаар ялагджээ.

Яг үнэндээ Б.Бат-Эрдэнэ ялагдах нь сонгуулийн сурталчилгааны дунд үеэс бараг тодорхой болсон. Учир нь Ардчилсан намын Ц.Элбэгдоржоос гадна Ардын намын журмын нөхөд нь түүнтэй өрсөлдсөн юм.

 Болж өнгөрсөн сонгуулийн суртал­чилгааны процессыг эргэн саная. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дагалдсан Намын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нартай Ардын намын сонгуулийн “даруухан” цуваа улсаа нар зөв тойрон сурталчилгаагаа хийсэн. Сурталчилгааны сар илүү хугацаанд Ардын намын ланжгар лидерүүдийн бараа нь ч харагдсангүй. Боловсон хүчин, болж бүтсэн даргынхаа тоогоор хахаж цацдаг гэдэг энэ намынхан саяын сонгуулиар шаварт унасан шарын хоёр эзнээс өөр Б.Бат-Эрдэнэ аваргыг балиашиглах лидергүй болчихсон нь үнэхээр гайхмаар байлаа.

Ардын намаас хоёр ч удаа  нэр дэвшиж энэ тоогоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд заларч, бүтэн найман жилийн турш Монголын төрийг тэргүүлж асан Нацагийн Багабандийн бараа ч харагдсангүй. Тэрээр нэр дэвшигчээ дагадаггүй юм гэхэд дэмжсэн ганц үгийг телевизийн эфир, сонины хуудсаар дайхад л болох байв. Хийгүй Ерөнхийлөгч хэмээн найман жил суухдаа, түүнээс хойш ч ард  түмэнд хүндлэгдсээр ирсэн Н.Багабандийн телевизээр ярьдаг “Титэм үг”-ийг одоо ч олон түмэн сонссоор байдаг билээ. Гэвч тэрээр Ерөнхийлөгчийн сэтнийгээс буухад нь тосоод авч байсан намынхаа нэр дэвшигчийг дэмжсэн ч үгүй, тоосон ч үгүй. Сонсох нээ, Оюутолгойгоос сар бүр авдаг 40 мянган ам.долларын цалингаасаа салж магадгүй гэх болгоомжлол хийгүй эрхэмд байсан бололтой юм. Өөр бас бус зүйл яригдаж л байх ажээ.

Ардын нам сонгуульд өрсөлдөхөд сайных ч муугийнх ч бамбай болоод зогсч байх ёстой хүн бол Санжийн Баяр. Нэгэн цагт намын даргын албыг өгөхөд Ерөнхий сайдын ажлыг цуг нэхээд авч байсан, ингэхдээ “Дараагийн хариуцлагыг би хүлээнэ” гэж том дуугарч чадсан эрхэм бол тэр. Монгол Улсын төрийн жолоо, цулбуур бүрийг Ардын нам  атгаж байх үед журмын нөхөд нь түүнд бүх эрхийг өгч байв. Тэр утгаараа Санжийн Баяр амлаж байсан шигээ Ардын нам буруутвал хариуцлага хүлээх, зөвдвөл гавьяаг нь хуваалцах эрхтэй, үүрэгтэй хүн. Тэр бас л энэ сонгуульд намтайгаа хамт байсангүй. Канадад амьдарч, шинэ амьдрал эхлүүлэн төвхнөсөн С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн суртал­чилгааны өмнөхөн эх орондоо ирсэн байдаг. Намынх нь гишүүд дэмжигчид хийгээд олон нийт түүнийг нэр дэвшигчээ дэмжихээр ирлээ гэцгээж байв. Гэсэн ч тэр намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэтэй огт хамааралгүй байсаар сонгуулийг дуусгав. Түүний тухайд бас л шалтгаан дуулдаж байна. Зах сэжүүрээсээ хуулийнханд атгуулаад байгаа Оюутолгойн гэрээний хэрэг сөхөгдвөл хамгийн түрүүнд, хамгийн том хариуцлагыг үүрэх тул араа бодсон, амиа хоохойлсон замаар явж буй гэх. Түүний үгийг Ардын намын гишүүд одоо ч сонирхдог хүлээдэг хэвээр гэх юм билээ. Даанч мань эр Канадаас намынхаа сонгуульд бус өөр бусдад амжилт хүсэхээр ирсэн бололтой юм.

Энэ намын өнөө цагийн лидерүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог Ухнаагийн Хүрэлсүхийн сураг бас л гарсангүй. Эхнэрээ эмчлүүлнэ гэж Их хурлын гишүүнээс татгалзсан тэрээр өдгөө Америкт суурьшиж байгаа дуулддаг. Нэр дэвшигч тодруулах намынхаа Бага хурлыг алсаас удирдаж, өдгөө Г.Занданшатар, Я.Содбаатар нарын чиглүүлж буй  “Зүүний хүчний холбоо” фракцаар дэмжүүлэн зүтгүүлсээр Б.Бат-Эрдэнийг гаргаж ирсэн гэдэг. “Б.Бат-Эрдэнийг У.Хүрэлсүх дэмжиж байна. Аргагүй ээ, нэг аймгаас хоёр удаа хамт сонгогдож байсан, ямар ч асуудлыг хамтдаа Их хуралд оруулдаг, улс төрийн хамтрагчид, сайн андууд гэдэг юм” гэж ирээд л ярьцгаасан. Гэтэл тэгсэнгүй. У.Хүрэлсүх Америктаа л өнжив. Зүй нь тэрээр “Аваргаа дэмжиж байгаа шүү” гээд Америкаас ганц өгүүлбэртэй факс шидчихэд л болох байлаа. Ингэж болохгүй шалтгаан У.Хүрэлсүхэд бас л байдаг ажээ. Яагаад тэр УИХ-ын гишүүнээс татгалзав, өндөрт тэгтлээ тэмүүлдэг энэ хүн ямар учраас Америкт суурьших болов гээд олон асуулт гарч ирж байна. Лав ард түмэн түүнийг тээр хол шидчихээгүй, тэгээд яваасай гэж боддоггүй. Түүнийг айлгадаг ганц л бий. Тэр нь Ардын намын өрсөлдөгчид. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө тэр үеийн төрийн өндөр албан тушаалтан У.Хүрэлсүхийг өрөөндөө дуудаад “Аятайхан байгаарай” гэсэн товчхон сануулгыг өгч, мань хүн толгой дохиод гарсан гэдэг. Түүнээс хойш нам нь ялагдаж, өөрөө Г.Баярсайхантай хальт гар зөрүүлээд л өргөдлөө өгөж чуулганы танхимаас гарч одсон. Тэгээд л энэ.

Миеэгомбын Энхболд гэдэг эрхэмгүйгээр Ардын намыг, энэ намгүйгээр М.Энхболдыг төсөөлөх аргагүй. Хотын захирагч, Хотын намын хорооны дарга, дараа нь Ерөнхий сайд, Ардын намын дарга гээд хүрч болох бүх албан тушаалыг тэр намаасаа авсан. Өнөөдөр тэр намынхаа бүлгийг төлөөлөн УИХ-ын дэд дарга хэмээх албанд тохоогдоод байгаа. Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нартай хамт нэр дэвшигчээ даган, сурталчлах үүрэг ч түүнд бий. Харин тэр сурталчилгааны үеэр сураггүй болоодхов. М.Энхболдыг өөр бодолтой байгаа талаар нэлээд эрт яригдаж эхэлсэн нь нууц биш. Тэр бол Ардын нам доторх “Хотын” гэх фракцийн толгойлогч. Энэ фракцад сайд асан, өдгөө Ардын намын санхүүг барин сууж буй Т.Бадамжунай гээд олон эрхэм бий. М.Энхболд яаж хөдөлнө, фракцийнхан нь дагадаг гэсэн үг. Тэр утгаараа Т.Бадамжунай нар аваргыг дэмжих ажилд оролцох гэж ханцуй шамлахгүй нь тодорхой. Хамаагүй юм дуугарвал хотын фракцийнхны газрын наймааны асуудал гээд өрсөлдөгч нь хүсвэл хэзээ ч босгоод ирэх аюултай мина бас бий. Өөр бас нэг зүйл байгаа нь М.Энхболдод өнөөдрийн УИХ-ын дэд дарга гэдэг сэнтий хангалттай. Нам нь ийм дор орчихоод байхад тэр үүнээс дээш ахих боломж үгүйг маш сайн мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр хотын фракцийнхан М.Энхболдыг 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын даргад зүтгүүлэхээр тохиролцсон гэх. Тиймээс М.Энхболд өнөөдөр Ц.Элбэгдорж ялна уу, Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч болно уу, аль нь ч хамаагүй гэсэн байдлаар сонгуульд хандсан нь энэ. Тэр ингэж төсөөлж, мөрөөдөж яваа. Гэтэл нам нь аль хэдийнэ даший шог болох замдаа орчихсон байдаг. Одоо тэр яах юм, бүү мэд.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, өөр хэн хэн ч билээ, намынхаа сэргэн мандаж ахуйд бяр хүч ааглуулж явсан залуус олон. Тэдний сураг, нэр дэвшигчээ хэрхэн дэмжиж буй нь харагдаж, анзаарагдахгүй байсаар сонгуулийн хугацааг дуусгав. Я.Содбаатар гэхэд Үйлдвэр худалдааны дэд сайд байхдаа “Шинэ шивээ” гэдэг компанитай стратегийн ордын лицензийн талаар ойлгомжгүй гэрээ хийсэн тухай яригддаг. Энэ мэт нь загас шиг дуугүй суухад хүргэсэн гэлцэх аж. Ардын намын Нарийн бичгийн дарга хэмээх сэтэртэй Э.Мөнх-Очир хүртэл нэр дэвшигчээ газар доогуур ортол муу үгээр булж үзэл бодлоо илэрхийлсэн нь олон хүнийг гайхшруулж байлаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа гольфийн талбайн газар олгосон зэрэг Э.Мөнх-Очирт олон асуудал байдаг тухай яригддаг. Тэдгээр хүчин зүйл тэгж ярихад хүргэсэн гэх.

Энэ мэтчилэн Ардын намын нөлөө бүхий эрхмүүд даварч явахдаа хийсэн, хэлсэндээ барьцаалуулан, өдгөө эрх баригчдын далласан газар ил гарч, далайхад нь далд орж явна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулиар тов тодорхой харагдав.

Уг нь тэд заавал Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж, үгээ хэлж, дагаж гүйх албагүй л дээ. Гэхдээ Ардын намын Бага хурлын гишүүд учраас намынхаа бодлогоор нэр дэвшигчээ дэмжих үүрэгтэй хүмүүс.

Чухамдаа лидерүүдийнхээ нуруун дээр нэр хүнд, тогтвортой байдал нь ачаалж явдаг үзэл бодлын нэгдлийн хуулиар бол Монгол ардын нам өрсөлдөгчдөө бүрэн ялагдаж, улмаар улс төрийн тавцнаас арчигдаж буй нь үүгээр илэрч байна.

Сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль ч Ардын нам, тэдний лидерүүдийн нэр хүнд, зангараг бус, чухамдаа Улсын наадамд 12 түрүүлж, УИХ-д гурван ч удаа сонгогдсон аваргын бяраар үнэлэгдэв. Өөрөөр хэлбэл, аваргад өгсөн 521 380 санал бол өөрийнх нь л буян. Хүч тэнцвэргүй тулаанд сөрөн зогсож улс төрийн зиндаагаа тодорхойлж чадсан аваргад баяр хүргэе. Харин Монголын улс төрөөс арчигдаж буй Ардын намынханд гүн эмгэнэл илэрхийлье. Учир нь “...үлгэр ингээд дууслаа...” гэдгийн үлгэрийг энэ сонгууль харуулж өглөө.