Б.СОЛОНГО
“Бид Тося мамагаа явахад нь ядаж баярлалаа гэж хэлээд тэврээгүй. Хамтдаа авахуулсан гэрэл зураг ч үгүй юм”. Ингэж ярих хүмүүс бол Тося мамагийн хүүхдүүд. Хэдийгээр төрүүлсэн ээж нь биш ч бурхан тэднээс аав, ээжийг нь харамласныхаа төлөө Тося мамаг илгээсэн гэлтэй. “Амьдралын тойрог” булангийн зочноор уригдсан, өдгөө 40 гаруй насны энэ хүмүүсийн Тося мама хэмээн авгайлан дуудаж, хүндлэн хайрлаж ирсэн хүн нь Анастасия Ивановна Филатова.
Эр нөхрөө даган Монголд ирж, хүний нутгийн тэргүүн хатагтай болсон энэ хүний талаар 1990-ээд оноос хойш янз бүрээр ярьсаар ирсэн.
Гагцхүү
Цэдэнбал-Филатоваг Монголын хүүхэд багачуудын төлөө их зүйл бүтээснийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Түүний тэр зүтгэл улс төрийн зорилго, оросжуулах төлөвлөгөө эсэх нь бидний хөндөх гэсэн сэдэвт хамаагүй.
Түүний санаачлан хийсэн ажлын үр дүнг үе үеийн хүүхэд багачууд хүртсээр ирсэн. Хүүхэд залуучуудын парк, Монголын хүүхдийн ордон, Найрамдал зуслан, Залуу техникчдийн ордон, Хуримын ордон, Яармаг дахь хүүхдийн эмнэлэг гээд эхлэвэл уншигч та аяндаа ойлгоно. Бас аймаг, хот, бараг сум болгонд барьсан хүүхдийн цэцэрлэг-ясль, хүүхдийн амралтын газар. Үүний зэрэгцээ хүүхдийн өсч торних орчин нөхцөл, хүн болох төлөвшил гээд бүх л асуудалд тэрээр анхаарлаа хандуулдаг байжээ. Цэрэг-спортын “Дөл” тоглолт, орон нутгийн хүүхдүүдийн урлаг уран сайхны тайлан тоглолт гээд хэлээд байвал хөврөх шинжтэй. Харин бид энэ удаад амьдралын элдэв учралаар хайрт аав, халамжит эхээсээ хагацан бүтэн өнчирсөн хүүхдүүдийг төр засгийн бодлогоор өсгөж хүмүүжүүлэх, ажил амьдралтай нь хэрхэн холбох ажлын шанг А.И.Цэдэнбал-Филатова хэмээх энэ эмэгтэй татаж, ямархан сэтгэл зүтгэл гаргаж байсныг гэрчлэх зочдыг урьсан юм.
Манай оронд Хүүхдийн төлөө фонд 1973 онд байгуулагдсан. Олон нийтийн үүсгэл санаачлагын энэ байгууллагын тэргүүнээр Цэдэнбал-Филатова ажиллаж байсан юм. Үүнийг ингэж хэлэхээр өдөрт л хэд хэдээрээ байгуулагддаг өнөө цагийн байр сууринаас бол “Юун сүртэй юм” гэх л байх. Цаг үеийн нөхцөл байдал өөр байсан юм. Монгол түмэн хотжин суурьшиж, үйлдвэр-аж ахуйн газар олноор байгуулагдаж, айл гэрт хүүхдийн тоо ч олон байсан цаг. Үүнийг дагаад хүүхдийн цэцэрлэг, сургууль, хүмүүжлийн байгууллагын хэрэгцээ шаардлага хурцаар босч ирж байсан цаг. Манай хүн амын 46-47 хувийг 0-16 хүртлэх насныхан эзэлж байсан. Ийм л цаг үед Хүүхдийн төлөө фонд хэмээх байгууллага өрхөө татаж, ханаа шийрлэсэн юм билээ. Анастасия Ивановнагийн удирдлага, зохион байгуулалтын дүнд жилд л 4-5 цэцэрлэг ашиглалтад орж, нийтдээ энэ хүн 63 цэцэрлэгийг байгуулж өгсөн байх юм. НҮБ-аас Олон улсын хүүхдийн жил-1979 он гэж зарласан. Энэ хүрээнд манай оронд багагүй ажил өрнөсөн. Гэтэл хөрөнгө мөнгө, хүч чадал, хур боломжийн хувьд төдий сайнгүй байсан манай улсын хувьд олон нийтийг хамарсан энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэх саналыг ХТФ-ын төв комисс, түүний тэргүүн А.И.Цэдэнбал-Филатова гаргаж, АИХ-ын чуулганаар тусгайлан хэлэлцэн 1983—1985 оныг “Сурагчийн жил” болгон зарласан юм. Хүүхдийн цэцэрлэгийг хүн бүр дэмжиж нэг өдрийнхөө цалинг хандивлах арга хэмжээг хүртэл зохион байгуулж байжээ.
Мөн энэ үед өнчин хүүхдийн асуудал ч босч ирсэн байна. АБЯ-ны харъяанд ийм хүүхдийг асран хүмүүжүүлэх газар байгуулагдан одоогийн тавдугаар сургуулийн орчим орших нэгэн байранд ажиллах болжээ. Харин ийм байгууллага манай орны хувьд шинэ болоод тэр үү, ажиллах багш сурган хүмүүжүүлэгчид нь бэлэн биш байсан уу, цэрэг цагдаа, хууль хяналтын байгууллагын зүгээс хэл ам таталдаг нэгэн газар болж хувирчээ. Юутай ч Анастасия Ивановна 1974 онд энэ газраар ороод шинэ тулгар байгуулагдаж байсан Хүүхдийн төлөө фондын ивээлд авахаар шийдсэн байна. Ингээд тэнд хүмүүжиж байсан 27 хүүхдийг орос цэцэрлэг байсан байранд оруулж, улмаар зориулалтын байранд 58 дугаар тусгай цэцэрлэг болгон өргөтгөн байгуулжээ. Тэгээд тэр цэцэрлэгээ үлгэр жишээ хэмжээнд бүрэн тохижуулж, орон нутгийн удирдлага, эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтнуудад үзүүлдэг байж. Тэр үеийн багш Т.Наранцэцэг, Д.Нонна нар болон эхний 27-ийн төлөөлөл болох Д.Ичинноров, Д.Отгонсүрэн, Д.Баасанжав нар манай нийтлэлийн зочид билээ.
АЗТАЙ ХҮҮХДҮҮД
Тэдэнд амьдрал хатуу хандаж, аав ээжээс нь салгасан ч өөрсдийгөө азгүй хүмүүс гэж нэг удаа ч хэлсэнгүй. Тэд цэцэрлэгтээ хоолны сайныг идэж, хувцасны сайхныг өмсөж, амьдралд хэрэгтэй бүх л зүйлсийг сурч мэдсэндээ их л олзуурхаж байлаа. Анастасия Ивановнаг тэд Тося мама гэж дууддаг байж. Байнга хамт байж, хоолыг нь өгч, хувцсыг нь өмсгөж байгаагүй ч нэг нь л өвдөхөд гүйгээд ирдэг, баяр алгасалгүй хүн бүрт зориулж өөр өөр бэлэг илгээдэг Тося мама. Үнсэж эрхлүүлээгүй ч хэний ч аав, ээжээс дутахааргүй тийм их хайраар хайрладаг байсныг нь өөрсдөө амьдрал үзээд, үр хүүхэдтэй болсон хойно л ухаарсан гэдгээ тэд ярьж байна.
Д.Ичинноров:
-Би арай сүүлд очсон юм. Дөрвөн дүүтэйгээ тавуулаа 58 дугаар цэцэрлэгт очиж байлаа. Тэр үедээ Тося мамагаа мэддэггүй байж. Хүн шиг эх, эцэг байх чадварыг бидэнд суулгаж өгснийг хожим ухаарсан юмдаг. Даанч баярлалаа ч гэж хэлж чадаагүй явуулсан даа.Бид үнэндээ л хаан, хатны хүүхдүүд шиг байсан. Нэг ч монгол хувцас өмсч үзээгүй. Хэний ч хүүхэд өмсөөгүй гоё, ганган хувцсаар биднийг хувцасладаг байсан. 1979 онд цэцэрлэгээсээ дотуур байранд шилжихэд явахгүй гээд ширээгээ тэврээд уйлж байж билээ. Дотуур байрандаа очиход хүн бүрт зориулсан хувцсыг бэлдээд орон дээр нь тавьчихсан, мебель, модон тавилгатай хачин гоё өрөөнүүдээр ээлжилж хэсээд л. Хамгийн их таалагдсан нь өмнө нь хараагүй намирсан гоё халад байсан санагдана. Түүнийгээ өмсөж аваад байрныхаа шатаар дээш доошоо мөн ч их явж билээ. Хамгийн сүүлд л гэхэд наймдугаар ангид байхад сүлжмэлийн үйлдвэрийн захиалгаар гадаадад гаргадаг ноосон хослол бүгдэд нь явуулсан байсан. Байнга цирк үзнэ. Дуурь, симфони сонсгоно. Амралтаараа дандаа Хандгайт явна. Номын санд ном уншуулна. Хүүхэд бүр гурваас таван дугуйланд хамрагдах ёстой гэсэн дүрэмтэй байсан. Эр эмгүй нэхэж сурсан. Ер нь амьдралд гараад хэрэгтэй бүхнийг суралцсан. Өөрсдөө орос цахилгаан оёдлын машинаар хачин гоё эрээн даавуугаар даашинз хийгээд өмсчихдөг байлаа.
Д.Отгонсүрэн:
-Би их бие муутай хүүхэд байснаа санадаг.Тося мама бидэн дээр байнга ирнэ. Жаахан ханиахад л эмч дуудаж үзүүлдэг байсан. Одоо өвдөх бүртээ л Тося мамагаа үгүйлдэг шүү.
Д.Баасанжав:
-Хөвсгөлөөс 1977 онд ирж байлаа. Манай хоёр дүү түрүүлж ирсэн юм. Гэтэл нисэх онгоцны буудал дээр манай дүүгээс радиогоос яриа авч таарч. Би тэрийг нь олж сонсоод гэнэт араас нь явмаар санагдсан. Тэгээд ээжийнхээ дүүгээр хүргүүлээд 58 дугаар тусгай цэцэрлэгт ирж байлаа. Тухайн үед сургуулийн насанд хүрчихсэн байсан болохоор авахгүй гээд. Хоёр дүүгээсээ салахгүй гэж уйлсаар байгаад үлдсэн хүн дээ.
Хүүхдүүдийн хүлээдэг, гэхдээ учрыг нь хэзээ ч олж чадаагүй нэгэн дурсамж бий гэнэ. Тэр нь төрсөн өдрийн бэлэг. Нэг сард төрсөн хүүхдүүдийн бэлгийг Тося мама хамтатган явуулдаг байж. Өглөө босоход орных нь хажууд тавьчихсан байна. Эсвэл хоолны ширээн дээр нь орхино. Хэн, хэзээ авчирч тавьсныг хэн ч мэдэж чадаагүй гэнэ. Бэлэг бүр өөр. Хувцас бол яг л эздэд нь зориулсан хэмжээтэй байх жишээтэй. Төрсөн өдрөөс гадна тэмдэглэлт баяр бүрийг Тося мамагийн бэлэггүйгээр угтаж байгаагүй ажээ. Оёж хатгах, хоол хийх, тэр ч байтугай зуслангийн явган замыг өөрсдөөр нь хийлгэж амьдралд сургаж байсан хэдий ч бүх л зүйл нь бэлэн, үргэлжийн халуун хоол, цэвэрхэн хувцас угтдаг байсан гэх. Ямар сайндаа дотуур байрнаасаа амьдралд гараад болсон явдлаараа онигоо бүтээсэн түүх олон юм. “Манай хүүхдүүдийн онигоо зөндөө. Манай Байгалаагийн онигоог ярья. Мах авахаар явсан гэнэ. Хүмүүс хаа, гуя гээд янз бүрийн мах аваад л яваад байж. Манай хүн худалдагч дээр очоод юу гэж хэлэхээ мэдэхгүй “Тэр нэг ийм махыг авья /гараа хоёр тишээ сарвайлгаж харуулав” гэж л дээ. Худалдагч нь гайхаж байгаад хонины хаа авч өгсөн байгаа юм. Дараа нь дахиад мах авах болж. Хоёр уут мах авчир гэсэн даалгавартай. Гэтэл хүмүүс нэг цагаан юм аваад яваад байна гэнэ. Нэг өвөөгөөс үүнийг хоолонд хэрэглэдэг юм уу гэж асуутал тэгэлгүй яахав гэж. Тэгэхээр нь хоёр уут дүүрэн хонины сүүл аваад харьсан. Эгч нь дахиж Байгалааг маханд явуулаагүй гэсэн. Тийм л хүүхдүүд дотуур байрнаас гарч шүү дээ. Бид шар будаа идэж үзээгүй. Би нэг өвөөгөөс энэ шар будааг хүн иддэг юм уу гэж асуугаад “Монголоо алдсан монди вэ” гэж зөндөө загнуулсан” гэж Д.Ичинноров ярилаа.
“ХҮҮХЭД ӨВДӨХӨД ИХ САНДАРДАГ БАЙЖ БИЛЭЭ”
“Та яагаад хүүхдийн төлөө ажилладаг юм бэ” гээд Анастасия Ивановнагаас асуусан хүн байдаг болов уу. Хүүхдээр дамжуулж энэ улсыг оросжуулж байна, фондын хөрөнгийг хувьдаа завшиж байна гэх зэргээр түүний Монголын хүүхдүүдэд зориулж хийсэн зүйлсийг үгүйсгэсэн нэгэн олон байсан. Харин түүний хүүхдүүд нь бурхан энэ хүнийг хүүхдийн төлөө илгээсэн гэдэгт итгэлтэй байдгаа нэгэн дуугаар хэлнэ лээ. Удирдах албан тушаалтанд ажил олон. Тэр яаж энэ олон бүтээн байгуулалтыг амжуулж, тэр олон цэцэрлэгийн хүүхдүүдэд нэг бүрчлэн хүрч ажилладаг байв. Үе шаттай, системтэй, шударга, ажил хэрэгч гэсэн тодорхойлолтыг зочид минь өгөв. Анастасия Ивановна байгуулсан цэцэрлэг бүрийг үлгэр жишээ байлгахыг хүсдэг байж. Бүгдийг нь өөрөө очиж хүлээлгэж өгдөг, дараагийн цэцэрлэг байгуулах дарга нарт заавал иймийг хийгээрэй гэж хатуу даалгана. Ялангуяа орон нутгийн дотуур байруудыг хүүхдэд тохирсон тохилог байлгахад илүүтэй анхаардаг байж. Магадгүй хариуцлагатай байхыг ямагт шаарддаг, цаг барьдаг түүний зан өөрийг нь яхир, хатуу, ааш муутай нэгэн болж харагдуулдаг байсан байж мэдэх юм.
Хүүхдийн төлөө фондын 10 жилийн ойгоор Анастасия Ивановнагийн даалгавраар хуучнаар Сарны титэмд том үзэсгэлэн нээгджээ. Тэнд айлын гэрт, хүүхдийн цэцэрлэгт хүүхдэд зориулсан ямар тавилга байх ёстойг бүгдийг нь дэлгэн харуулсан байна. Ор, дэвсгэр, хөнжил, матрассаас эхлээд гутал хувцас хүртэл байж. Мэдээж бүх тавилга нь модоор хийгдсэн байж. Дараа нь тэр нүсэр үзэсгэлэнг онгоцоор тээвэрлэн аймаг бүрт дэлгэн танилцуулах ажил ямар хүнд хэрнээ, үр өгөөжтэй байсныг Д.Нонна багш дурсан ярилаа.
Т.Наранцэцэг:
-Энэ хүн Монголын хүүхэд залуучуудын төлөө маш ихийг хийсэн дээ. Бүгдийг нь чин сэтгэлээсээ хийдэг байсан. Бүр гардаж хийдэг. Боловсон хүчнээ ч сайн сонгодог байж. Яаж энэ их ажлыг амжуулдаг байсныг нь гайхаад бардаггүй. Тэгсэн хэрнээ өнчин хүүхдийн цэцэрлэгтээ байнга санаа тавина. Хүүхэд өвдөхөд их сандардаг байсан. Манай цэцэрлэг сүүлдээ 105 хүүхэдтэй болсон шүү дээ. Тэднээс нэг хүүхэд хүнд өвчнөөр хорвоог орхисон юм. Анастасия Ивановна тэр үед үзүүлээгүй эмнэлэг гэж байхгүй. Монголын бүх сайн эмч нарыг дуудаж үзүүлээд дараа нь Оросын нэртэй эмч нараар хүртэл үзүүлсэн. Тэр хүүхдийг авч үлдэхийн төлөө их гүйсэн дээ. Өвчин нь улам хүндэрсээр байгаад нас барсан. Оношийг нь тодруулахад 10 мянган хүний нэгд тохиолддог удамшлын өвчин байж таарч. 1982 онд манай цэцэрлэгийн Ганбаатар гэдэг хүүхэд бас өвдсөн юм. Тархи нь доргисон босч чадахгүй байлаа. Тэр үед Ивановна өдөр бүр хүүхэд яаж байна гэж асуудаг байсан. Эмч дуудаж үзүүлнэ. Хүүхдүүдийн араас уйгагүй хөөцөлддөг хүн байсан.
Сур: Анастасия Ивановна Филатова ер нь ямар хүн байсан юм бэ. Яаж хувцасладаг байв. Хүмүүсийн ярьдгаар үргэлж л уурлаж байдаг хүн байв уу?
Д.Нонна:
-Тийм ширүүн догшин байхыг нь би л мэдэхгүй юм. Гол нь хариуцлагатай, зарчимч байхыг шаарддаг байсан хүн. Хүүхдийг соёлтой, боловсролтой байлгахын төлөө маш их хичээдэг байсан. Нэг удаа цэцэрлэг дээр ирээд майкны гадуур пижак өмсөөд гүйж явсан хүүг хараад уурласан юм. Тэр үед нь би ямар орос хүүхэд биш дээ гэж хэлээд загнуулж байлаа. “Би орос хүүхэд хийх гээгүй, монгол хүүхдийг соёлтой, боловсролтой болгох гэж хичээж байна” гэсэн юмдаг. Өнөөдөр залуучуудаа хараад би их бахархдаг. Их соёлтой, боловсон болж. Түүнийг яаж муулж, элдвээр хэлснийг бид мэднэ. Гагцхүү монгол хүүхдүүдийн төлөө юу хийснийг нь хүн бүр харж байгаа. Өөрөө бол даруухан хувцасладаг хүн байсан хар юбка, цагаан цамц ихэвчлэн өмсдөг. Миний мэдэхийн ээлжилж өмсдөг гурван л хослол байсан санагдана.
Д.Отгонсүрэн:
-Хүмүүс тэр хүнтэй хамт байж үзээгүй болохоор сайн талыг нь олж хараагүй байх л даа. Бид хэрэв ээж аавтай байсан бол бас л мэдэхгүй өнгөрөх байсан биз. Бид цуг байсан болохоор мэдрээд байна. Ирээд л орилоод загнаад байсан бол бидний сэтгэлд тийм л зүйл үлдэнэ биз дээ. Нэг хүүхэд бүлээрэхэд л гүйгээд ирнэ. Үнэхээр тэр хүн хүмүүсийн ярьж байгаа шиг идэж уусан бол насны сүүлд тэгж амьдрах уу. Би Тося мамаг гоё хувцастай байхыг хараагүй. Орос авгай нарын өмсдөг навсайсан урт цамцтай л явдаг байсан. Одоо бодоход тэр олон хүүхдийг бүгдийг нь өөрийн хүүхэд шиг санаж явсан байгаа юм. Миний хүүхдүүд гэж дандаа дуудна. Та нар бол улсын хүүхдүүд гэж хэлнэ. Ингээд бодохоор бид их азтай ч юм шиг. Тэр хүн байгаагүй бол бидний хэдэн өнчин хүүхдүүд одоо хаана юу хийж явах байсан бол.
Т.Наранцэцэг:
-Ширүүн дориун харагддаг байсан гэж би хэлэхгүй. Хүнд их итгэдэг. Шударга бус юманд маш дургүй. Нэг удаа угаалгын машинуудыг анги ангид нь тавьчихсан байхыг хараад загнаж байсан юм. Хүүхдийн орчинг чийгтүүллээ гэж. Тэгж л юм бүхэнд сэтгэл гаргаж, арга хэмжээг дор нь авдаг хүн байсан.
“БИ ЯДУУГИЙН ЯДУУГААР АМЬДАРЧ БАЙНА”
Ю.Цэдэнбал дарга 1984 онд тэтгэвэртээ гарч эхнэрийн хамт Москва явсан. Анастасия Ивановна 2001 онд таалал төгссөн юм. Түүнийг амьд сэрүүн байхад хүү Зорига нь ирж багш нар болон 58 дугаар цэцэрлэгийн төгсөгчидтэй уулзжээ. Энэ үед нь Д.Нонна багш захиа бичиж явуулжээ. Хожим захианых нь хариу түүнд ирсэн байна. Анастасия Ивановна захиандаа “Би энд ядуугийн ядуугаар амьдарч байна. Би Монголын хүүхдүүдийн төлөө явсан хүн. Одоо намайг эргэж харж байгаа хүн алга. Монголын Элчингээс ч хүн ирж уулзахгүй юм” гэж бичсэн байж. Д.Нонна багш захиаг уншаад уйлж байснаа дурсан ярилаа.
Сур: Энэ эмэгтэйн хийсэн бүхнийг яагаад үнэлээгүй юм бол?
Д.Нонна:
-Орос царайтай учраас л энэ хүнийг үнэлээгүй юм болов уу гэж харамсч байна. Хүүхдийн төлөө юу хийснийг та бид мэднэ. Тиймээс хожимдсон ч гэсэн алдаршуулаасай. Бүтээн байгуулсан ганц цэцэрлэгийг нь ч болов түүний нэрэмжит болгоосой. 58 дугаар тусгай цэцэрлэгийг тийм болгож болно шүү дээ.
Д.Баасанжав:
-Энэ орос эмэгтэйн тухай зүгээр л бодоход хийсэн зүйлс нь үнэхээр бодитой. Одоо хүүхдийн төлөө гэх тодотголтой байгууллага олон болж. Амаараа яриад байх юм. Энэ гээд харуулах зүйл нэг ч алга. Тэр хүний хийсэн зүйл яаж өдий хүртэл байгаа туршлагыг судалж болдоггүй юм байх даа. Оросжуулах гэсэн оролдлого гэж их шүүмжилсэн. Тэгвэл би хүүхэддээ англи хэл сургах гээд байгааг америкжуулах гэж байна гэж шүүмжилж болно шүү дээ. Түүнийг хүүхдийн төлөө ямар их сэтгэл гаргасныг ярих хүн хангалттай олон байна. Бид одоо ч энэ хүний хийж чадсан шиг бүтээн байгуулалтыг хүүхдүүддээ хийж өгч чадах ёстой. Мөнгөгүйдээ биш, сэтгэлгүй дээ хийхгүй байгаа юм. Яаж хөрөнгө мөнгө зөв хуваарилж, хүн нэг бүрд хүрсэн бодит ажил болгох вэ гэдгийг маш тодоор харуулсан хүн бол Анастасия Ивановна. Бид бол энэ хүнийг ээжээ л гэдэг. Тэгэх ч ёстой. Аав ээжгүй, алийгаа мэдэхгүй, харж хандах хүнгүй хоцорсон бид энэ хүний буй болгосон цэцэрлэг сургуулиар дамжаагүй бол өдийд ямар ч улс байхсан билээ гэж би дандаа боддог. Бидний өдий зэрэгтэй явж байгаа амьдрал бол энэ хүнийг сэтгэл зүтгэлийн үр дүн. Хаанаас ч юм харж, буруу гишгэвэл зас, будилж эндвэл түшээд байх шиг санагддаг юм шүү, надад.
Д.Отгонсүрэн:
-Тэр үед түүнийг жаахан дэмжээд өгсөн бол дахиад хэдэн төрөх эмнэлэг барьчихсан байх байлаа. Нэмээд хэдэн цэцэрлэг бариулчих байсан. Одоо бидэнд цэцэрлэг, төрөх эмнэлгээс илүү дутагдсан зүйл байхгүй шүү дээ.
Д.Ичинноров:
-Тэр хүн өөрийнхөө төрүүлсэн хоёр хүүхдийг хаяад Монголын хүүхдүүдийн төлөө амьдралаа зориулсан. Хоёр хүүхэд нь аав, ээжийн хайрыг үзээгүй. Өнчин гэлтгүй бидний үеийн бүх хүмүүс мэднэ. Урлагийн томчууд байна. Бүгд пионерийн ордны дугуйлангийнхан байгаа. Тося мамад загнуулаад явж байсан багш, пионерийн удирдагч, нийгмийн ажилтнууд байна. Бүгд өнөөдөр гавьяат, ардын багш болчихсон. Тэр хүнийг хангалттай муулсан. Бидэнд ярих боломж олдсон энэ завшааныг ашиглан хэлэхэд ганцхан хүсэлт л байна. Түүний хийсэн бүтээснийг нь үнэнээр нь яриад, нэр хүндийг нь буцааж өгөөд, түүхэнд бүрэн бүтнээр нь бичээд үлдээчихээсэй. Анастасия Ивановна тосгондоо ямар сайхан хүүхэн байсан тухай түүх байдаг. Хэрэв тэр Монголд ирээгүй бол амьдралынхаа сүүлийн жилүүдийг тэгж зовж өнгөрөөх байсан уу. Гэтэл манай Тося мама ханийн жаргал ч үзээгүй. Цэдэнбал дарга улс эх орондоо өөрийгөө зориулсан хүн байсан. Тося мама ах дүү, амраг садантайгаа цуг байсангүй. Бүх хүүхдэд өөрийнхөө хайрыг цувуулж өгөөд өөрөө авч чадсангүй. Ямар их нулимстай буцсан бол.
Ингээд бидний яриа өндөрлөлөө. Одоо бодоход миний аав, ээжийн үеийнхэн азтай хүүхдүүд байж. Тэдэнд тохижилт сайтай цэцэрлэг, дугуйлан, спорт-урлагийн ордон байж. Бас барьж байгуулж ч байж. Харин өнөөдөр тэр үед барьж байгуулагдсан байр савны нэлээд нь бизнесийнхний мэдэлд шилжиж, хэвээр ажиллаж байгаа гэх газрынх нь гадна талбай нь танагдан хавчигдсан хөөрхийлэлтэй байдал ороод байгааг хэн бүхэн харж байна. Өнөөгийн бидний хүүхдүүдэд өдөр өнгөрөөх цэцэрлэг байтугай, чөлөөт цагаараа тоглож наадах талбай алга. Энэ бол өнөөдрийн үнэн дүр зураг.
Энэ нийтлэлийг бичиж суухад сэтгүүлч надад ийм бодол төрж байна. Хэн нэгэн сэтгэл сайтан хүүхдүүдийг минь цэцэрлэгтэй болгох санаачлага гарган буяны сан байгуулъя гэвэл нэг байтугай хэсэг өдрийн цалингаа дуртай нь аргагүй хандивлахсан.