С.АВИРМЭД

МУИС-ийн багш, уурхайн инженер-эдийн засагч, доктор-профессор

Баабарын “Шудрага эвсэл” хэмээх бичвэрийг саяхан олж уншлаа. Мон­голын сонгогч иргэдийг  “Төмс идэгчид” гээд тэд­гээрийн сонгосон улс тө­рийн нам, эвсэл, төрийн түшээд энэ хүний таалалд нийцээгүй юм байна  гэд­гийг энэ бичвэрээс хял­бархан ойлгож болно.

Энэ удаагийн сонгуу­лийн үр дүнгээр эх орон ард түмнийхээ тусын тулд зүтгэдэг, эрүүл саруул бодолтой, шудрага ёсыг эрхэмлэдэг, ялангуяа  эх орны  баялгийг ард түмэнд нь, эздэд нь өгөх талаар сүүлийн жилүүдэд тэмц­сэн улс төрийн хүчин,  эх орончид УИХ-д сонгогд­сонд туйлын их бачимдаж байгаа нь  түүний энэ ээлжит бичвэрт тусгалаа олсон байна. Түүний са­цуу Оюутолгой, Тавантол­гойн баялгийг шудрага бус аргаар эзэмших гэж бай­гаа гадаад, дотоодын шу­налтнуудын эрх хязгаар­лагдах вий гэхээс Баа­бартан туйлын их бухим­даж байна.

Түүний  бичвэрийн сэдэв маш өргөн хүрээтэй, түүнд бичихгүй сэдэв гэж байхгүй, мэдэхгүй юм гэж байхгүй мэт,  геологийн, уурхайн анхны мэдлэггүй байж “Оюутолгой”, “Та­ван­толгой” гэж ланжгар гарчиг тавьж байгаад мундаг “авч өгнө”. Тэгээд юуны тухай бичдэг вэ гэхээр , дэлхийн энэ  хоёр баялгийн тухай мань хүнд анхны мэдэгдэхүүн ч байхгүй мөртлөө, Баяр гэдэг мундаг, эх оронч улс төрчийн санаачилгаар, Айвенхоу гэдэг бас нэг мундаг гадаадын хөрөнгө оруулагчид ашгийн 66 хувийг өгөх нь зөв, энэ монголчууд ер нь юу юм бэ гэсэн утга бүхий ухуулга  байдаг л даа.

Зөвхөн Оюутолгой , Тавантолгойн тухай цогц дүгнэлт өгөхөд сайн  гео­логич, уурхайн инженер, эдийн засагчийн мэргэ­жилтэй байх   төдийгүй, цахилгааны, зам тээв­рийн, дулааны, барилгын, металлургийн мэрэг­жил­тэй байх шаардлагатай. Зөвхөн нэг баримт хэлэхэд л Оюутолгойн нөөц одоо хүртэл нэг мөр болоогүй, үүнээс улбаалаад, үйлд­вэрийн бүтээгдхүүний хэм­жээ, чанар, нэр төрөл, улмаар эдийн засгийн үзүүлэлтүүд ч нарийвчлан тогтоогдоогүй, маргаан­тай, зөрчилтөй байгаа гэд­гийг  Баабартангууд мэ­дэх­гүй, мэдэхийг ч хүсэх­гүй байна гэвэл хэтрүүлэл болохгүй. Товчоор хэлэхэд  “Та мэдэхгүй юмаа мэ­дэм­хийрч  элдэв бичвэр “үйлдвэрлэх” юм, энэ нь манай олон мянган гео­логич, уурхайчдын өмнөөс дуугарч, тэдний дургүйг хүргээд зогсохгүй, Монгол Улсын эрх ашигт хар­шилж  байна гэдгийг энэ ялдамд дуулгая.

Б.Батбаяр  1998 онд гуравхан сар Сангийн сай­дын сэнтийд залрах­даа, Монголын банк сан­хүүгийн системийг сүй­рүүлэх эхийг тавьж, Мон­голын хамгийн том алтны ордыг Сү.Батболдод зав­ших, 60 тонн алтны ерээд хувийг гадагш нь алдах нөхцлийг бүрдүүлсэн, сүү­лийн жилүүдэд Баа­барын идэвхтэй орол­цоотойгоор,  Оюутолгойн үйлдвэрийн, роялтийг эс тооцвол, гарах ашгийн 66 хувийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор “бэлэглэж”, монголчууд баялгаа 30 -70 жил гадныхны мэдэлд өгөх, Тавантолгойн “нүүр­сийг үнс” гэх  ухуулга, сурталчилгаа хийсэн нь үнэхээр Монголд гамшиг дагуулсан үйлдэл болсон гэдгийг монголчууд мэдэх  болсон.

“...Өвөг дээдсийн минь үлдээсэн их өв гэсэн тайлбар их гардаг. Худлаа л даа. Чингис хаан үүнийг Батболд, Алтанхуяг нарт хүргээрэй гэж захисан юм юу ч байхгүй” гэж  та цэцэрхжээ. Өвөг дээдэс, Их өв гэдгээ та юу гэж ойлгож байгааг мэдэхгүй юм. Зөвхөн Чингис хаан  биш, монгол хүн бүрийн өвөг дээдэс үе дамжуулан энэ газар нутаг түүний баялгийг халуун амь, бү­лээн цусаараа хамгаалж, өнөөгийн бидэнд өвлүүл­сэн нь хэн ч маргашгүй үнэн юм. Харин зарим хүний өвөг дээдэс ямар хүн байсныг бид мэдэхгүй, тэдэнд  өвлүүлсэн захисан юм байхгүй болохоор,  өнөөдөр үүнийг үрэн таран хийх үйлдэл хийж байгаа юм болов уу гэж ойлгоход хүргэж байна .

“Өнөөдөртөө Монго­лын нийгэм, улс төр, эдийн засгийн авч яваа ганц юм нь уул уурхай. Зөвхөн өнгөрсөн онд Оюу­толгой гэсэн ганц компани хоёр тэрбум долларын хөрөнгө оруулсан нь Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь эндээс бүрэлдсэн гэсэн үг. Уг нь энэ их хөрөнгийг улс орноо хөгжүүлэх дэд бүтэц, эмнэлэг үйлчилгээ, боловсролоо сайжруула­хад хэрэглэсэн бол уул уурхайн орон Австрали, Чили, Норвеги, Канад шиг болохгүй юу.” гэж мундаг дүгнэлт хийжээ.

Монголын нийгэм,  улс төрийн бодлого, хөгжлийг  “уул” тэгээд уурхайтайгаа авч явна гэдэг монгол хүн ухаж ойлгоход бэрх. Харин эдийн засгийн хөгжүү­лэхэд уурхайн үйлдвэрүү­дийн ач холбогдол багагүй байна гэвэл үнэмшиж болох юм.

Монголд эргэлдэж бай­гаа  3 төгрөг тутмын нэг нь Оюутолгой хэмээх ганцхан компаниас орж байгаа тухай, бас Оюу­толгойн хөрөнгө оруулал­тын гэрээг байгуулахгүй байгаагаас өдөр тутам нэг сая доллар алдаж байгаа тухай “үлгэр”-ийг мань хүн олон жил, залхтал ярьж байгаа юм.

2011 онд Оюутолгой компани тооцоогоор 2 тэр­бум долларын хөрөнгө оруулалт хийсэн байж бо­лох юм. Уг нь энэ компа­нийн Монголын талын  төлөөлөн удирдах зөвлө­лийн гишүүн Н.Бага­бан­ди, П.Цагаан нар, дэл­хийн зах зээлийн үнэлгээ­гээр  энэ тоо  хэд болох тухай бидэнд үнэн бодит мэдээллийг тайлбарлаж хэлэх болов уу гэж найдаж байна. Оюутолгойн үйлд­вэр, түүний хөрөнгө оруу­лалт гэж нөөгий байдлаар хүдэр малтах уурхай, түү­нийг баяжуулах гэсэн хоёр үндсэн үйлдвэрийн ба­рилга байгууламж бариг­даж байна. Энэ нь газар ухаж, арматур зангидаж, бетон цутгах, экскаватор, бульдозер, бутлах машин зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авах, тэдгээрийг угсархад  шаардагдах зардал, хөрөнгийг гаргаж байна гэж хялбарчлан ойлгож болно. Бид ийм ажлыг 30 гаруй жилийн өмнө хийж үзсэн, тэр нь өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа Эрдэнэт, Бага нуур, Бор-Өндөрийн  уурхайн үйлдвэрүүд, мөн одоо ид бүтээн байгуулж байгаа Ухаа худгийн уурхайнууд юм.

 Оюутолгойг босгохын тулд цементээ, тоосгоо, хамгийн их зардал гаргадаг цахилгаан эрчим хүчээ хүртэл урд хөршөөс авч байгаа нь, Монголын эдийн засагт гурван төгрөг тутмын нэг нь эргэлдэж байна гэхээсээ, харин  БНХАУ-ын эдийн засгийг илт илүү тэтгээд байна гэж над бодогдоод байгаа юм. Гэтэл Баабар гуай үүнийг дэд бүтэц, эмнэлэг, үйлчилгээ, боловсролоо хөгжүүлэхэд оруулж, Норвеги, Канад улс лугаа  адил хөгжинө гэж алд   дэлэм андуурч, хадуураад байна. Баабарын “мандуулах” гээд байгаа 2 тэрбум долларын хэд нь Монголд үлдээд байгаа нь  үнэхээр сонирхол татсан асуулт юм. Харин үйлдвэ­рийн хөрөнгө зардлаас  Монголд  үлдсэнийг нь биш, харин харь гүрэнд гарсаныг нь тодорхойлох гэж үзвэл илүү ойлгомж­той байж магадгүй. Оюу­толгойн  үйлдвэрийн  бү­тээн байгуулалтад шаар­дагдах  асар их цемент тоосго, арматурын төмө­рийг  Монгол Улсаас ний­лүүлээгүй, харин тэдгээ­рийг ихэвчлэн урд хөршөөс дамжуулан худалдан ав­даг, манай улсын хэрэг­цээний нэжгээдийг  эзэл­дэг дизель түлшийг хойт хөршөөс авч, хөнгөлөлттэй  үнээр Оюутолгойд  ний­лүүлдэг гээд үзвэл тэр хөрөнгө, зардлын чинь дийлэнх  нь хилийн цаад руу урсдаг юм биш үү.  Оюутолгойд  монгол хүний сайн сайхны төлөө хийсэн юм  үнэхээр чамлалтай.  Таны болон таны хам­саатнуудын тайлбар­лад­гаар, нөгөө Зөвлөлтийн “колоничлогчдын” бай­гуулсан Эрдэнэт, Бага нуур, Бор-Өндөрийн уур­хайд хамгийн эхлээд ажил­лагсад гэр бүлээрээ амьдрах тохилог орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, клуб, тэр байтугай дэд бүтцийг хөгжүүлэхэд юу­ны өмнө анхаарч, төмөр зам, засмал зам, өндөр хүчдлийн шугамыг барьж байгуулж, монгол хүн сайн сайхан ажиллаж амьд­рах нөхцлийг бүр­дүүл­сэн, монгол хүн ли­цензийг эзэмшдэг Таван­толгойн уурхайг ч гэсэн энэ жишгээр Монголын үндэсний компани хөг­жүүлж байна.  Тэгвэл Оюутолгойг өнөөдөр орчин үеийн үйлдвэр гэж магтах боловч, кэмп гэгдэх түр барилга байгууламжийг эс тооцвол, малчид, нүүдэл­чийн хэрэглэж олон мян­ган жилийн турш хэрэг­лэж байсан гэр сууц хэ­вээ­рээ байна шүү дээ. Одоо үйлдвэрийн ажилч­дыг хэдэн зуун км-ээс онгоц, машинаар зөөж ээлжээр ажиллуулж бай­на. Та анх тогтвортой байд­лын гэрээ байгуулж, га­рын үсэг зурсан Бороо­гийн алтны  орд  өнөөдөр нөөц нь шавхагдаж, тэндээс ашигласан асар их баялгаас монголчуудад бараг юм үлдсэнгүй,  тэнд нурааж зөөхөд бэлэн болсон кэмп гэдэх түр байгууламж,   онгойсон , нүх овоолсон шороо үлд­жээ.  Оюутолгойг ч ий­мэр­хүү хувь заяа хүлээж байна гэж бодоход харам­саж баршгүй. Одоогоос 7-8 жилийн өмнө Оюутол­гойн үйлдвэрийг барих хөрөнгө оруулалт нь 2.4 тэрбум доллароор тодор­хойлогдож байсан, 2009 онд гэрээ байгуулах үед энэ тоо  2 дахин нэмэгдэж  5.1 тэрбум болох тухай яригдаж байсан. Тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зах зээлийн орнуу­дад жилд нэг оронтой тоо­ноос хэтэрдэггүй, дунд­жаар 5 хувь орчим л бай­даг. Үүнийг тооцож үзвэл хөрөнгө оруулалт 25-30 хувь л өсөх боломжтой. Гэтэл өнөөгийн байдлаар, гадаадын хэвлэл мэдээ­лэлд Оюутолгойн хөрөнгө оруулалт 10 тэрбум нэлээд давж байгаа тухай ярьж эхэллээ. Монголын тал 34 хувьдаа ноогдох хөрөнгө оруулалтаа гаргана гэвэл, бидний өр зээл мөн төч­нөөн дахин нэмэгдэх дүр зураг харагдаж байна.

Та “шудрага эвсэл” хэмээх бичвэрийг үйл­дэхдээ, Монголын ард түмнийг, “ердийн төмс идэгчид”-ийн   сонголтын үр дүнгээр байгуулсан Засгийн газрын нэг бүрэл­дэхүүн улс төрийн намыг гутаах зорилгоор,

-ална, хядна, хөөнө тууна, бослого гаргана, төрийн эргэлт хийнэ, бууд­на, дүүжлэнэ, булаана... гэсэн лоозонтой хэсэг бүлэглэл гэж ,

-Засгийн газрын зарим гишүүдийг нь, Оюутол­гойн гэрээг цуцлаж, ордыг булаан авах төлөвлөгөөтэй, мянган цаг жавьждаж, ард түмэндээ танигдсан сай­хан гар, булаах ажиллагааг зохион байгуулагч өөрөө төрийн зиндааны эхний эгнээнд очсон, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хамгийн баатарлаг гавъяа байгуулж, улаан цагаангүй заналхийлж бараг хутга шөвөг гаргах шахдаг нэг сайхан мээк эр, нэрийг нь хүртэл “Гамшиг, гай бар­цад” гэх зэрэг бүдүүлэг үгийн цуглуулгыг хэрэг­лэсэн нь,  Баабар гэгч өөрөө хэн бэ, ямар хүмүү­жил, боловсрол, ёс сурта­хуунтай хүн бэ гэдгийг үзүүлэх нэг нотолгоо бо­лоод зогссонгүй,  тэрээр олон жилийн турш Мон­голын олон сайхан эх оронч­дыг доромжилж, гүт­гэж, бах таваа хангадаг этгээд гэдгээ  бас дахин нотоллоо.

Баабартаны энэ аяглал бол Монголын ард түмний сонголт, шинэ төр засагт  дургүйцсэн жирийн иргэ­ний  илэрхийлэл биш, түүнд хорссон цаанаасаа захиалгатай, зохион бай­гуулалттай үйл ажил­ла­гааны эхлэл байж магад­гүй юм. Үүнийг “Сон­гуу­лийн дүн харан хэсэг хү­лээсэн нэг нь эдгээр сайн эрсийг хараад Монгол орон нэгэнт морио эмээл­чихжээ хэмээн үзээд гам­шигийн бүсээс нэг мөсөн зугтаах боллоо. Нэгэнт их хэмжээний хөрөнгө оруул­сан компаниуд эрх биш хуулийг буцааж хэрэг­лэхгүй юм байгаа биз дээ хэмээн бурхандаа залбирч сууна.” гэж тэдний өмнөөс бачимдсан түүний зовнил гэж ойлгож болох юм.

Монгол, германы гео­логчдын хэдэн арван жи­лийн шургуу хөдөлмөрийн үр дүн болсон дэлхийд ховор өндөр цайрын агуул­гатай Төмөртийн овоогийн орд, газар зүйн эдийн зас­гийн хувьд хамгийн таа­ламжтай нөхцөлд орших Бороогийн алтны томоо­хон ордыг гадаад, дотоо­дын шуналтнуудад найр тавьж өгөх гэрээг байгуул­сан Б.Батбаярын хариуц­лаггүй үйлдэл  эрдэс баял­гийг үнэгүйдүүлэх эхлэ­лийг тавьсан юм.  Ашигт малтмалын тухай 1997 оны “хар”  хуулийн урш­гаар, олон мянган жилийн турш Монголын газар нутагт хадгалагдаж байсан асар их  баялаг лиценз хэмээгч “алгын чинээ” цаасаар харь элэгтэй хү­мүүсийн гарт очиж, үрэн таран болж, улмаар  2006 онд  Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар монголчууд Оюутолгойн асар их баял­гаас, роялтийг эс тооцвол, гарах ашгийн  66 хувийг гадныханд алдах нөхцөл бүрдсэн билээ.

Одоо үүсээд байгаа улс, төр нийгмийн нөхцөл байдлыг харгалзаж,  олон улсад мөрддөг нийтлэг зарчим, дүрэм журам, урд өмнө гарсан төрийн дээд байгууллагын шийдвэ­рийг үндэслэн зөвхөн Мон­­гол Улсын язгуур эрх ашгийг тэргүүлэх зорилт болгож, мөн хөрөнгө оруу­лагчыг хохироохгүйгээр Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээг засаж сайж­руулах гэрээ хэлэлцээр хийж  эхлэх нь өнөөгийн төр, засгийн  нэн тэргүү­ний зорилт байж болох юм.

Энэ далимд тэмдэг­лэхэд, саяхан УИХ-ын 24 гишүүн Оюутолгойн гэ­рээг өөрчлөх тухай шаард­лагыг Засгийн газарт хүр­гүүлжээ. Энэ шудрага бус гэрээг өөрчилж сайжруу­лахыг бид дэмжиж байна. Гэрээг өөрчлөх бэлтгэл ажлыг сайтар хангах хэ­рэгтэй. Бид 51 –ээс дээш хувийг эзэмших хэрэгтэй гэдэг нь гол асуудал мөн боловч, бас өрөөсгөл ханд­лага юм. Энэ нь юуны өмнө, ордыг ашиглах тө­рийн бодлогын, хууль эрх зүйн,  техник техноло­гийн, эдийн засгийн, дэд бүтцийн асуудлуудаа нэг мөр болгох, нэгдмэл ойл­голт бодлоготой болох хэ­рэгтэй. Үүний тулд улс төрчид, мэрэгжлийн хү­мүүсээс бүрдсэн гэрээг өөрчилж, сайжруулах аж­лын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлаа эхлэх хэ­рэгтэй байх.

Оюутолгойг ашиглах  гэрээ нь гадныханд ашиг­тай Монголын өр зээлийг нэмэгдүүлэх шударга бус гэрээ болж байгааг  ойл­гож, түүнийг шүүмжилж, сайжруулах тухай төрийн түшээд ч тууштай тэмцэж эхэлсэн юм. УИХ-ын ги­шүүн Н.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Тэр­бишдагва, З.Энхболд, Ц.Да­ваасүрэн, С.Эрдэнэ,  Д.Балдан-Очир нар өөрс­дийн намын удирдлагын бодлогыг үл харгалзан, зөвхөн улс орны эрх аш­гийг тэргүүнд үзэж шуд­рага бус Оюутолгойн гэ­рээг өөрчлөхийн төлөө ард түмний шаардлагыг дэм­жиж, улмаар УИХ-ын 20 гишүүнийг нэгтгэж  Оюу­толгойн гэрээг сайжруу­лах,   Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай тууш­тай тэмцэж эхэлсэн. Үү­нийг ч Монголын ард тү­мэн дэмжсэний нэг нотол­гоо бол 2012 оны сон­гуульд нэр дэвшсэн дээрх хүмүүсийг дахин сонгосон билээ.  Түүгээр ч барахгүй эдгээрээс хоёр нь эрдэс баялгийн асуудал хариуц­сан төрийн сайд болсон нь Баабарын зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн бололтой юм. УИХ-д “Мо дарга”, “мөлхдөг”, “улаан ха­царт”, “Кёкүшюүзан”, Баабар гэж олноо нэрийд­сэн олон Батбаярууд бай­сан, тэд  чухам юу хийж гийгүүлснийг би сайн мэ­дэхгүй юм. Харин олноо “фортуна” гэж алдаршсан эрхэм нийтийн баялгаас, төрийн өмчийг ард олондоо аль болох хүртээх гэж зүт­гэж байсан Н.Батбаярыг би гайгүй гадарлах юм. 

Ертөнцийн нөгөө талд байгаа Венесуэлийн тө­рийн тэргүүнийг газрын тосны баялгаа харийнх­наас хамгаалж, ард иргэд­дээ илүү өглөө гэж “Чаа­ваас”-аар нь,  Н.Батбая­рыг 68 хувийн татварыг санаачилж, алтны салба­рыг “унагасан”, энэ оны тавдугаар сард гадаадын хөрөнгө оруулалтыг хяз­гаарлах тухай  хуулийг санаачилсан гэж удаа да­раа “нулимж” байгаа Баа­барыг хэний эрх ашигт үйлчлээд  байгааг би ерөө­сөө ойлгохгүй юм.  

Гэтэл үнэн хэрэгтээ, 68 хувийн гэдэх татвар бол олон жилийн турш, Мон­голын эдийн засагт маш их үр өгөөжтэй байсан. Яг үнэнээр нь хэлбэл, 68 хувийн татвар биш, дэл­хий дахинаа үнийн өсөл­тийн татвар гэж нэрлэсэн олон улсын практикт нэв­тэрсэн татварын нэг төрөл юм.  2004-2005 оны үед Бороогийн уурхайд нэг грамм алт олборлох үйлд­вэрийн өөрийн өртөг  4-5 доллараас хэтэрдэггүй  бай­сан юм. Гэтэл үнэ нь 15-20 доллароос давж бай­сан. 3-4 дахин нугалсан ашиг гарч байна гэсэн үг. Гэтэл ашигт малтмал бол нийт ард түмний, төрийн өмч юм. Ард түмэн энэ өмчөөсөө хүртэх эрхтэй. Энэ нөхцөлд үнийн өсөл­тийн татварыг тогтоох нь ард иргэдэд ч өгөөжтэй, уурхайн үйлдвэрийн эздэд ч хохиролгүй. Мөн зэсийн хувьд ч ийм нөхцөл байдал үүссэн.  Эрдэнэттэй төс­тэй үйлдвэрүүдийн 1 тонн зэс гаргах өөрийн өртөг нь 2000 доллароос хэтэрдэг­гүй байсан санагдаж бай­на. Гэтэл үнэ 5000-6000 доллар, түүнээс ч давж байв.  Гэтэл Эрдэнэтээс гарах ашгийн нэжгээд хэсэг  нь гадагшаа гарах нөхцөл бүрдээд  байв.  Зөвхөн Эрдэнэтээс 2007 оны үед улсын төсөвт жилд  800-гаад тэрбум төгрөг  буюу Баабар гуайн “тооцоолсон” Оюутолгой­гоос ирээдүйд нэг өдөрт 1 сая доллар орохоос  2 да­хин их  ашиг орлогыг Мон­голын төсөвт оруул­жээ.

Мөн саяхан нүүрсний нэг том ордоо гадаа­дын­ханд  “алдах” бодит нөхцөл бүрдээд байсан. Энэ ордыг Монголдоо авч үлдэхийн тулд “шинэ хууль” санаа­чилж, төрийн эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэх шаардлага гарч, Н.Бат­баяр, Д. Ганхуяг нарын  төрийн түшээд сонгогч­доос өгсөн үүрэг даалгав­раа  биелүүлсэн хэрэг. Зарим нь УИХ-ын  76 тэнэг, ямаа гэх эсхүл Баа­бар мэт нь “Хэнтийн гур­ван тэнэг” гэх зэргээр нутаг усаар нь “цоллох” үзэгдэл газар авч байгаа нь сайшаалтай зүйл биш байх. Харин энэ далимд тэмдэглэхэд,  мөнөөх “Хэн­тийн гурван тэнэг”-ийн лав л хоёр нь мон­голчууд баялагтаа эзэн суух хууль гаргах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ой мод гол усаа хамгаалж тэмцэж,   энэ яваандаа бүх нийтийн  талар­халыг хүлээж, өнөө­гийн УИХ-ын гишүүдийн нэлээд нь энэ бодлогыг дэмжиж байгаа нь Баа­бар­тануудыг бухимдуулж байна.  

“...ална, хядна, хөөнө тууна, бослого гаргана, төрийн эргэлт хийнэ, бууд­на, дүүжлэнэ, булаана.” гэх энэ олон, аймаар үгийн цуглуулгыг нэгэн зэрэг хэрэглэсэн анхны хүн бол  Баабар мэтийн ганц хоёр хүн  гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.  

Гадаадын хөрөнгө оруу­лалтын тухайд асууд­лыг тусад нь авч үзэх хэ­рэг­тэй юм. Бидний үед ах дүүгийн найрамдалт Зөв­лөлт холбоот улс туслана, ах дүү социалист орнууд туслана гэж гадаадын хө­рөнгө оруулалтыг суртал­чилдаг байсан, үүний урш­гаар 70 жилийн хуга­цаанд  бид 11 тэрбум дол­ларын өртэй болсон, харин өнөөдөр, гадаадын хөрөнгө оруулалт л Монгол Улсыг хөгжүүлнэ гэж сүүлийн 15 жилийн турш ухуулса­наар, зөвхөн сүүлийн 4 жилийн дотор 8 тэрбум долларын өртэй болсон гэх албан бус мэдээлэл байна. Сүүлийн арваад жилийн хугацаанд  Бороогийн 60 тонн алтаа алдсан, Төмөр­тийн овоогийн 1 сая тонн цайр, Дархан Сэлэнгийн 400 сая тонн төмрийн хүд­рээ алдаж байна. Одоо Оюутолгойн асар их зэс, алтны баялгаа луйвардуу­лах нөхцөл бүрдээд байна. Үүнийг гадаадын хөрөнгө оруулалтаар Монгол Ул­сыг хөгжүүлнэ гэсэн Баа­бартнуудын ухуулга сур­талчилгааны хор уршиг гэж үзэхээс өөрөөр тайл­барлаж болохгүй байх.

Оюутолгойн баялаг Баа­бартаны хүчин зүтгэ­лээр аль хэдийн бидний мэдэл, эзэмшлээс гарс­ныг олон баримт нотолж байна. Хамгийн сүүлчийн баримтаас үзвэл Дэлхийн банкны зөвлөлийн ги­шүүн гэх “Мига” хэмээх нэгэн банк, Оюутолгойн баялгийг бидний өмнөөс  барьцаалж, нэг тэрбум  долларын зээлийг олгох зөвшөөрөл олгож байгаа нь монголчуудын  өрийг тийм хэмжээгээр нэмэг­дүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм биш биз.

“Фортуна” болон түү­ний нөхдүүд, Монголын шудрага,  эх орончид, үндэсний үзэлтнүүд   га­даа­дын дотоодын хязгаар­гүй шуналтнуудын дур хүслийг хязгаарлаж, тэ­дэнд гай барцад, гамшиг болж байгааг үгүйсгэх аргагүй, харин та монгол­чуудын эрх ашгийн эсрэ­гийн “үйлчилж”,  жинхэ­нээ­сээ гамшиг дагуулагч, гамшиг таригч битгий болоосой, “Раман дотроо яйжигнаач ээ” гэж хүсэх байна.

Хууль дүрэм нь бид­ний эрх ашигт нийцээгүй өнөөгийн нөхцөлд,  харь элгийн хүмүүс Монголын баялгийг ашиглаж, мон­голчуудад туслаж, Монгол Улсыг хөгжүүлнэ гэхээ­сээ, өөрсдийнхөө ашиг орлогыг  дээд зэргээр нэ­мэгдүү­лэхийн төлөө ажил­лана гэдэг нь бичигдээгүй хууль, яахын аргагүй үнэн билээ.

Баабар  2006 оноос хойш, Монголын эрдэс баялгийн  талаар, тухайл­бал Оюутолгой, Таван­толгойг гадаадынханд найр тавих, монголын эх орончдыг дайрч давшил­сан чиглэлээр  хориод “бичвэр” нийтлүүлсэн бай­даг. Тэр бүхэнд нь бид товч дүгнэлтээ анхны ху­вилбараар өгсөн, одоо­хондоо энэ нь зөвхөн ху­вийн  архивт, бидний ойр дотны итгэлтэй хүмүүст  хадгалагдаж байгаа, нэ­мэлт судалгаа, дүн шин­жилгээ хийсний дараа, энэ хүний атгаг санаа, хорон үйлдлийг тайлбар­лаж, олон нийтэд дэлгэн  тавьж болох юм.