Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлаганд “ ТОСТЫН НУРУУНД ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИЙНХНЫГ ХАРДАЖ БАЙНА” гэжээ. Түүний өгсөн ярилцлагын хэсгээс .....
-Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан гэдэг мэдээлл-ийг өгсөн.
-Цохиж, зодсон ул мөр байгаагүй. Уснаас гаргаж ирж байгааг нь би өөрөө хараад зогсч байсан. Харин амиа алдах хүртэл дарамтад оруулсан цаад эзэд нь хэн байв гэдгийг цагдаагийнхан шалгаж, олох ёстой. Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртсөн гэж би ярьсан шүү дээ. Хамгийн сүүлд дахин халдлагад өртөж, дарамтад орсон баримт олдсон.
-Юу гэсэн үг вэ?
-Хүү минь хоёр утастай явсан. Хатгал тосгоны Хүслийн хадны зүүн талаас цагдаа нар машиныг нь олохдоо нэг утсыг нь авсан байна лээ. Дараа нь бид машиныг нь хүлээж авахад нэг утас нь олдсон. Цагдаа нар олоогүй хэрэг. Тэр утсан дээр маш чухал нотлох баримт байсан. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарахын өмнөх өдөр утсаар ярьсан бичлэгээ утсан дээрээ хадгалчихсан байсан. Бичлэгт хүүг минь барьцаалсан, хутгалсан нөхдүүд дахиж ярьсан нь тодорхой байгаа. Хүү минь ч нэлээд шийдэмгий ярьсан байна лээ. Би бичлэгийг цагдаа нарт хүлээлгээд өгчихсөн учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. Ерөөсөө утсаар дарамталсны дараа хүү минь айгаад 5-ны үүрээр нутаг руугаа гараад давхичихсан байгаа юм. Тэгэхдээ сим картаа утаснаасаа салгаад дунд хайрцагтаа хийчихсэн байсан. Нутагтаа ирээд тоглож өссөн хадан дээрээ гарсан байгаа юм. Миний тооцоолсноор тэнд гурван цаг зогссон байх. Тэгэхдээ утсаа бичлэг хийдэг тохиргоон дээрээ тавьчихаад суудал доороо хаячихсан бололтой. “Завь ирлээ”, “Завьтай хүмүүс байна”, “Завь байна” гэж гурван удаа хэлээд машинаасаа гарч байгаа бололтой, хаалга хаагдах чимээ утсанд нь үлдсэн байгаа юм. Шөнө дунд завьтай хүмүүс рүү гүйж байгаад давалгаанд татагдаж ус руу орсон байх гэж таамаглаж байгаа.
-Талийгаач өмнө нь хэд, хэдэн удаа заналхийлэлд өртөж байхдаа аль нэг компанийнхан, хүмүүсийг хардаж байсан болов уу?
-Таамаг байгаагүй. Би хүнтэй алалцах хүртлээ муудалцаж байгаагүй гэж ярьж байсан.
-УИХ дахь АН-ын бүлэг энэ хэрэгт анхаарал хандуулахаар болсон гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.
-Би хувьдаа гомдол гаргаагүй. Байгууллагаас нь мэдээлэл өгсөн байж болзошгүй. Би цагдаад л гомдол гаргасан.
-Тостын нуруунд ажиллаж байсан хамт олноос нь ийм дарамтад орж байсан хүн байгаа болов уу?
-Би асуусан. Тийм зүйл гарч байгаагүй гэсэн.
Эх сурвалж: Өдрийн сонин