Н.МӨНХЖИН
Туркт болж буй “Их-20” уулзалтын үеэр Америк, Оросын лидерүүд уулзаж ярилцжээ. Оросын цэргийн оролцоо Сирийн үйл явдалд чухал гэдгийг Цагаан ордны эзэн Барак Обама болгоомжтой, тойруугаар хүлээн зөвшөөрсөн аж. Москвагийн талаар баримтлах Вашингтоны байр суурь ийнхүү өөрчлөгдөж байна хэмээн Америкийн хэвлэлүүд бичих болов.
Парис дахь алан хядлага “Их-20”-ийн уулзалтыг аюулгүй байдал руу төвлөрөхөд хүргэсэн юм. Австралид болсон өмнөх уулзалтаар өрнөдийн лидерүүд В.Путинаас зугтаж байсан бол, Антальяд Оросын лидер хамгийн нэр хүндтэй байр суурьт тавигдаж байна. “Исламын улс” бүлгийн эсрэг үр дүнтэй тэмцэж байгаа Оросын алхмыг өрнөдийнхөн өөрөөр харах болов. Оросын талаас Сирид явуулж буй ажиллагааг АНУ илүү нааштайгаар хүлээн авах болсон нь Б.Обамагийн хэлсэн үгнээс харагдаж байна. Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болсон хоёр лидерийн уулзалт албаны зураг авалтаас хэтрэхгүй байсан бол энэ удаа Путин, Обама нар хагас цагийн турш нухацтай ярилцсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс энэ уулзалтад оролцжээ.
Уулзалтын дараа Сири дэх Оросын үйл ажиллагааны талаарх АНУ-ын засаг захиргааны байх суурьт “өөр өнгө аяс” орсныг “Wall Street Journal” сэтгүүл онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин