Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Бүх ардын хурлыг өчигдөр зохион байгууллаа. МҮЭСТО-д болсон хуралд эрдэмтэн судлаачдаас эхлээд иргэд байр сууриа илэрхийлэхээр идэвхтэй цугласан байв. Оролцогчдын байр суурийг тоймлон хүргэж байна.
С.Боргил /ХҮН-ын дарга/:ЭРХ БАРИГЧИД ҮЙЛДЛЭЭ ДАВТАХ НЬ
- Бид ардчилсан нийгэмд хөл тавихдаа өөрсдийнхөө оролцоотой асар том үйл явцын эхлэлийг тавьсан нь 1992 онд ард нийтийн оролцоотойгоор тухайн үеийн АИХ, УБХ-ын 400 орчим гишүүний баталсан Үндсэн хууль юм. Тэр үеийн улс төрийн орчин одоогийнхоос илүү цэвэр, хүнлэг, мөнгөний оролцоогүй байв. Тиймээс бид Үндсэн хуулийг улстөрийн маш цэвэр орчинд эх барьсан. Харин улс төрд удахын хэрээр, эрх баригчид илүү туршлага сууж, эрх мэдлийн амтанд автаж, хамгийн гол нь тэд мөнгөжихийн хэрээр анхлан гаргасан, цэвэр, хар буруу санаагүй хийсэн нийтийн зөвшилцлийг өөрчлөх оролдлогыг удаа дараа хийж байсан. 2000 онд хийсэн “Дордуулсан долоон заалт”Үндсэн хуулийн чадамжийг алдагдуулж, өнөөг хүртэл үргэлжилж буй нийгэм, улс төрйин мухардлыг эхлэлийг тавьсан. Одоо эрх баригчид энэ үйлдлээ давтахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Бид олон нийтийн оролцоог хангаач, нийтийн зөвшилцлийн бэлгэ тэмдэг болсон энэ зүйлийг битгий эвдээч гэж хоёр удаа УИХ-аас шаардсан. Одоо ч энэ байр суурьтаа байна. Цаашид ч тэмцэнэ.
П.Дамдин /СХД-ийн иргэн/:САНАЛ АСУУЛГА НЬ ЗАЛЬТАЙ АРГА
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэд хэдэн шалтгаанаар эсэргүүцэж байна. Үйл явцын хувьд буруу, цаг хугацаа шахуу байгаа нь улстөрчид эрх мэдлийн төлөө улайрч байгааг харуулж байна. Юуны өмнө иргэдээсээ асууж, хэлэлцүүлэг явуулах шаардлагатай.Гэтэл тэгээгүй. Эцэст нь санал асуулга гэх зальтай аргаар зөвшөөрүүлэх гэж байгааг бид зөвшөөрөхгүй.
Д.Үүрцайх /хуульч, судлаач/: ПАРЛАМЕНТАТ ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭЛЭЭ
-Хариуцлагын тогтолцоог хэн нэг дарангуйлагч,хүчтэй удирдагч гарч ирж хийдэг үе өнгөрсөн. Энэ хуучин тогтолцоотой хамт дууссан. Монгол Улс ч энэ замаар явсан. Эрхзүйт төрийг төлөвшүүлж, хууль дээдлэх ёсыг сахиж хариуцлагын тогтолцоог бий болгодог. Хамгийн чухал элемент нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв хийх юм. Энэ агуулга Үндсэн хуульд учир дутагдалтай хийгдсэн. УИХ хязгааргүй эрх мэдэлтэй, “Супер парламент” болж хувирсан. Ийм нөхцөлд дур зоргын хуулиуд батлагддаг, дур зоргын үйл ажиллагаа явуулдаг. Манайд ийм нөхцөл байдал үүссэн. Энэ агуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа, ийм байдал үүссэнийг олонх нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ одоо УИХ-ын гишүүдийн боловсруулж, өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн төсөл төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа алдаа дутагдлыг улам гүнзгийрүүлэх, ардчиллын үнэт зүйлс, парламентат ёсыг үгүй хийхээр байна.
Д.Базаррагчаа /БГД-ийн Өрхийн эмнэлгийн сувилагч/: АРД ТҮМЭН ХУУРТАГДСААР БАЙНА
-Бид молгидуулж байна гэж үзэж байна.76 гишүүн өөрсдигөө 99 болгоно л гэнэ, Үндсэн хуулийг өөрчилнө л гэнэ. Хэн ингэж хүсээд, хэн энэ талаараа судалгаа авч үр дүнг нь мэдсэн юм бэ. Хэнд ч ийм мэдээлэл очоогүй. Ард түмэн хууртагдсаар байна. Олон жилийн ял авсан том хэрэгтнүүд шоронгоосоо гарахгүй харин жилээ нэмүүлэх сонирхолтой болдог гэсэн. Түүн шиг 76 гишүүн өөрсдийгөө 99 болгож аваад бүрэн эрхийн хугацаагаа таван жил болгож, тохь тух, эрх ямба, дулаан байр, зөөлөн суудалдаа шигдэх гээд Үндсэн хууль руу улангасан дайрч байгааг хэрхэвч зөвшөөрч болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин