С.САРУУЛ

Өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрт багтдаг нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох урамшууллын системийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.Ийнхүү шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд баримтаа цуглуулснаар  хоёр хувийн татвараа  буцаан авах боломжтой болж байгаа юм.Гэхдээ баримтын дугаараа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлэх юм байна. Хуулийг хэрэгжүүлэхэд технологийн бэлэн байдал ямар байгаа талаар холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд уулзалт хийсэн юм.

 Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд ирэх оноос өмнө Татварын Нэгдсэн Системд холбогдож  баталгаажуулах шаардлагатай байгаа гэнэ. Энэ талаар ТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн захирал Р.Отгонтулга “ААН байгууллагууд кассын машинаа солихгүйгээр Татварын Нэгдсэн Системд холбогдож  баримт хэвлэнэ. Улсын хэмжээнд Худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нэгдсэн нэг стандарттай, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэдэг болсноор иргэд худалдан авалт болгоноосоо  НӨАТ-ын урамшуулал  авч,  үндэсний сугалаанд оролцох таатай нөхцөл бүрдэнэ” гэлээ.

Одоогоор  “Миний дэлгүүр” сүлжээ болон “Sky” их дэлгүүр Татварын Нэгдсэн Системд  холбогдсон байна. Гэхдээ иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрийн баримтаа  Татварын Нэгдсэн Системд бүртгүүлснээр 2017 оноос нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан авах боломжтой болох юм байна.

 Эх сурвалж: www.polit.mn