Н.МӨНХЖИН

Нэг хүүхэд ч төрүүлж өсгөнө гэдэг тун ч адармаатай ажил. Гэвч түүхийн баримт сэлтээс харвал нэгэн орос эмэгтэй 69 хүүхэд төрүүлсэн хэмээн баталж байна. Орчин үеийн анагаах ухаан эмэгтэй хүний үржих, төрөх чадварыг дээшлүүлж чадах уу гэсэн олон асуулт дээрх мэдээллийн араас хөвөрч байна.

Британийн шар хэвлэлүүд XVIII зуунд байсан бол орос тариачин Федор Васильевийн гэр бүлийн түүх жинхэнэ шуугиан дэгдээх байсан биз. Нэр нь түүхэнд бичигдэж үлдээгүй Васильевийн анхны эхнэр төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор дэлхийн үнэмлэхүй рекордыг эзэмшинэ хэмээн үзэж байна. Никольскийн сүмийн хандмаа нараас Москва руу илгээсэн баримтаар, тариачин Федорын эхнэр 1725-1765 онд 16 ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр төрүүлсэн аж. Нийтдээ 27 удаа төрөхдөө 69 хүүхэд гаргасан байна.

Эмэгтэй хүний бие бялдар байгалийн жамаар ийм олон хүүхэд төрүүлэх чадвартай юу гэсэн асуулт гарч, маргаан ид өрнөх болов. Зарим эрдэмтэн, судлаач орчин үеийн шинжлэх ухааны ачаар эмэгтэй хүн үүнээс илүү хүүхэд төрүүлэх боломжтой болсон хэмээн хэлж байна. Васильевийн эхнэр 40 жилийн дотор 27 удаа хөл хүнд болж амаржсан гэдэг нь 1.4 жил тутамд хүүхэд гаргаж байсан гэсэн үг. Эмэгтэй хүн байнга ингэж төрөөд, амаржаад байж чадах уу, ийм олон удаа жирэмсэлж чадах уу, хэдэн нас хүртлээ төрж чадах вэ зэрэг олон асуулт гарч байна. Ихэнх эмэгтэй хүн 45 хүрээд жирэмслэх чадваргүй болдог аж. Тэгвэл тариачин Федорын эхнэр бараг 60 хүртлээ жирэмсэлж, хүүхэд төрүүлж байсан бололтой. Энэ үнэн үү, энэ боломжтой юу гэсэн асуултын хариуг эмч, мэргэжилтнүүд хайж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин