Улсын Их Хурлын дарга З.Энхболд Өвөр­хангай аймгийн Ар­вай­­хээр сумын ир­гэд сон­гогчидтой уулз­саныхаа дараа тус айм­­гийн Баянгол су­манд ажиллалаа. Тэ­рээр сумын иргэдэд УИХ-аар батлагдсан хууль тогтоомжуудыг тайл­барлан таниулж, сонирхсон  асуултад нь хариулт өглөө.   Баянгол сумын хувьд зуншлага тааруухан байгаагаас малын тарга тэвээрэг тө­­дийлөн сайн биш байгааг  малчид хэлж бай­на. Тус сум нь өн­гөрсөн жил 171,000 тол­гой мал тоолуулж, 68000 төл хүлээн авч, малын хорогдолгүй өвлийг өнтэй давжээ. Иргэдийн гол амьжиргаа нь мал аж ахуйн салбар. Тиймээс тус сумын иргэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон түүнийг дагалдан яваа Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаас хө­дөө аж ахуйн сал­барт ямар бодлого бо­ловсруулан, хэрхэн тусламж дэмжлэг үзүүлэх гэж байгаа талаар асууж тодруулав. Тухайлбал, малчдын гол үйлдвэрлэл явуулдаг бэлчээрийн газрыг хувьчлах, малч­дын нийгмийн даатгал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг хэрхэн малчдад ойр байдлаар шийдэх гэж байгаа зэрэг олон зүйлүүдээр мэдээлэл авахыг хүслээ.

 Дэд сайд Ц.Туваан ”Малчдыг мэргэжлийн үнэмлэх, тамга, тэмдэг, гэрчилгээтэй болгох аж­лыг улс орон даяар зохион байгуулж байгаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хичнээн малчин өрх байгааг мэдэх, мөн ноос, сүү, арьс ширний  урамшуулалд хамрагдах, цаашлаад малын гарал үүсэл нь буух эзэнтэй буцах хаягтай болох давуу талтай болно” гэдгийг хэллээ.

Мөн сүүний чиглэлээр 86 суманд сүүний цех ашиглалтад оруулахаар төлөвлөж, иргэдийн хэрэглэж байгаа хуурай сүүний хэрэглээг бууруулах, малчдын сүү, сүүн бүтээгдэхүүнийг бор­луулах боломжийг газар дээрээс нь шийдэх боломжтойг онцлов. Тэ­рээр хүнд, эрсдэлтэй үйлд­вэрлэл эрхэлж байдаг газар тариалан, болон мал аж ахуйн салбарыг байнга дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

 Мөн иргэдийн хувьд “Төсөл бичээд зээлд хам­рагдаж чадахгүй байна. 30, 40 сая төгрөгийн төсөл бичсэн хүмүүс зээлээ авчихдаг. Харин хоёр гурван сая төгрөгийн зээл авах гэхээр  чадахгүй байна” гэсэн гомдлыг хэлж  байлаа. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Сум хөгжүүлэх сангаар дэмжуулан сум бүрт мөнгө хувиарлаж байгаа. Баянгол суманд жилд 60 сая төгрөг хувиарлагддаг. Энэ мөнгийг гурван жилийн өмнөөс өгч эхэлсэн гэхээр танай суманд 180 сая төгрөг байгаа гэсэн үг. Өмнө нь зээл авсан хүмүүс зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас дараагийн хүмүүст зээл олдохгүй байгаа. Хэн хэдэн төгрөгийн зээл авч, хэдийг нь төлсөн байна гэдгийг интернэтээр ороод харах боломжтой. Ингэснээр өмнөх зээл авсан хүмүүсээ зээлээ төл гэж иргэд өөрсдөө шаардах эрхтэй  юм” гэлээ.Ийнхүү Баянгол сумын уул­залт өндөрлөлөө. УИХ-ын дарга өнөөдөр тус аймгийн Сант, Баян-Өндөр, Өлзийт сумдад ажиллана.