Д.МЯГМАР

Улаанбаатарынхны хорт агаарыг 40 жилийн турш Ботаникийн цэцэрлэг цэвэрлэж ирсэн билээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн эдэлбэр газар эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөж, устах аюул нүүрлээд байна. Сүүлийн үед өрнөх болсон газрын чимээгүй “дайн”-ы талаар Ботаникийн хүрээлэнгийн ботаник цэцэрлэгийн секторын эрхлэгч С.Жамъянсүрэнтэй ярилцлаа.

 

-Ботаникийн цэцэрлэг нэлээн өргөн уудам нутагтай харагдаад эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөв үү. Танай цэцэрлэгийн газар руу дайрах ямар учир байна вэ?

-Манай хүрээлэн төрийн өмчит байгууллага. Ойн, ботаник цэцэрлэгийн, ургамал физиологийн, геоботаник, ангилал зүйн таван сектортой. Албан ёсны кадастрын зургаараа цэцэрлэг маань 34.7 га талбайтай. Ургамал, ногоон байгууламжийн талаар мэдлэггүй хүмүүс манай цэцэрлэгийг  хоосон талбай гэж хардаг юм шиг. Энэ хоосон орон зай дээр барилга барьчихъя гэж ухвар, мөчид боддог бололтой.

Манай цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаад 40 жил болчихжээ. 40 жилийн хугацаанд манай эрдэмтэн, судлаачдын цуглуулсан,  нутагшуулсан бут, сөөг тэнд бий.  Манай орны хэмжээнд ховор болоод ховордсон ургамлуудыг энэ цэцэр­лэгт нутагшуулдаг. Га­даадын орнуудаас ши­нээр олон ургамлыг авч нутагшуулдаг. Учир нь манайх Олон улсын ботаникийн секторын холбооны гишүүн бай­гууллага. Гишүүн орнууд хоорондоо ургамлын үр солилцдог юм.

-Ямар учраас дэлхийн бусад улстай ургамал солилцож нутагшуулдаг юм бол. Энэ нь та бүхний хийж байгаа ажлыг дэлхийн эрдэмтэд мэддэг, хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Далайтай орон эх газартаа тарьж байсан ургамлаа тал хээрт нутагших уу гэж туршдаг. Хэрэв нутагшиж байх юм бол тухайн ургамал, бут, сөөгийг нэг нэгэндээ шилжүүлж нутагшуулдаг. Гоёл чимэглэлийн ургамал тарьж болно. Ховор, ховордсон эмийн ургамлын чиглэлээр цаашид ашиглана. Мэдээж дэлхийн 250 улс энэ холбоонд нэгдэн харилцан туршлага солилцож ажилладаг учраас бидний хийдэг эрдмийн ажлыг дэлхий нийт аль эрт үнэлж эхэлсэн гэсэн үг юм.

-Танай цэцэрлэгийг том газартай гэж шийдвэр гаргагчид харж байна. Та мэргэжлийн хүний  хувьд тэдэнд цэцэрлэгийнхээ талаар цэгцтэй ойлголт өгч болох уу?

-Манай цэцэрлэгийн талбай дээр 350 гаруй зүйлийн ховор, нэн ховор ургамал ургаж байгаа. Дээр нь гадаадаас манай улсад нутагшуулсан 100 орчим зүйлийн ургамал бий. ОХУ-ын улсын зургаан хотын ботаник цэцэрлэгтэй бид хамтран ажилладаг. Унгар, Чех, Хятад зэрэг улсын ботаник цэцэрлэгийнхэнтэй харилцан туршлага судалдаг. Сүүлийн үед Тайванийн ботаникийн цэцэрлэгийнхэн манайхтай өргөн харилцаатай болсон. Тайваны эх газрын ургамал манай хуурай, сэрүүн уур амьсгалд хэрхэн дасан зохицож байгааг бид туршиж, судлаж байгаа. Манай эрдэм шинжилгээний хоёр ажилтан Ново­сибирскийн ботаникийн цэцэрлэгт туршлага судлахаар явсан. ОХУ-ын Тува, Хакас, Горно-Алтайд бас мэргэжилтэн ажиллаж байна. Тэд хамтарсан ажлын хэсэг гаргаж энэ сарын сүүлчээр Монголд ирж Увс, Завханы нутагт ажиллах юм.  Хятадын Шинжан-Уйгурын өөртөө засах орны ботаникийн цэцэрлэгийнхэн хамтран ажиллах гэрээг өнгөрсөн жил хийсэн. Удахгүй манай улсад ирж туршлага судлахаар болсон. Бид төсөв тааруугаасаа болоод гадаад улсад 14 хоног туршлага судалдаг. Гаднынхан эрдэмтэн, судлаачдаа нэлээн дэмждэг юм билээ.Тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөл биднийхээс шал өөр юм билээ.

-Манай Засгийн газар эрдэмтэн, судлаачдын хийж байгаа туршилт, судалгааг үнэлдэггүй гэсэн үг үү. Тиймээс танай цэцэрлэгийг хоосон газар гэж хараад барилга босгохоор дайраад байгаа юм биш үү?

-Манай хүрээлэнгийн төсөв үнэхээр хөөрхийлөлтэй. Тал дугуйны үлгэр шиг танагдсаар арай гэж цалин тавихтайгаа үлддэг. Энэ асуудлаа холбогдох яам, хүрээлэнгийн удирдлагуудад хэлж үзсэн.

-Тааруухан төсөвтэй юм бол зорьсон ажлаа хэрэгжүүлж, 34.7 га талбайгаа бүрэн ашиглаж чадаагүй гэж ойлгох уу?

-Үнэхээр чадахгүй. Хөрөнгө тааруу. Хүн, хүч бага.  Манай цэцэрлэг анх социалист нийгмийн үед байгуулагдахдаа 50 хүнтэй, эрдэм шинжилгээний 20 ажилтантай, 30 цэцэрлэгчтэй байлаа.

-Одоо хэдэн ажил­тантай болов?

-Манаач, инженер тех­никийн дөрвөн ажилтан, эрдэм шинжилгээний долоон ажилтантай байхад энэ талбайд яаж хүрэлцэх билээ. Дээд байгууллагууд руу саналаа хэлдэг. Өмнөөс маань жил ирэх төсвийг танаж хариу барьдаг. Жишээлбэл, өнгөрсөн жил манай эрдэм шинжилгээний ажлын зардалд 8.5 сая төгрөгийн төсөв хийхэд 4.9 сая болгоод хасчихсан. Жил бүр манай төсвийг ингэж хасч байгаа нь цаашдаа дэмжихгүй л гэсэн ойлголт шүү дээ. Шинжлэх ухааны академи манай төсвийг танаад цааш нь явуулдаг. Дээрээс нь БШУЯ-ныхан яаж зүгээр байхав, Шинжлэх ухаан технологийн сан хасчихна. Засгийн газар танана. Яг л тал дугуйны үлгэр шиг байгаа биз дээ. “Та нарыг цалинжуулж байгаа нь их юм гэж бод” гэж хэлж байгаа улс эрдэмтдийн ажлыг яаж ойлгох вэ дээ.

-Засаг барьж байгаа нөхдүүд дунд эрдэмтдийг оруулахгүй бол нарийн зүйлийг ойлгохгүй байгаа юм биш үү?

-Үнэхээр ойлгох тал дээрээ тун тааруу улс болчихож. Манай салбарыг ойлгодог улсыг төрийн толгойд гаргах биш дээ. Гарлаа гэхэд сонгууль болж, намын харъяаллаар халж, сольдог. Төрийн залгамж чанар манай салбарын хэмжээнд алдагдчихсан.

-Танай цэцэрлэгийн зүүн талд олон га газарт барилга барих гэж байгаад ямар тайлбар хэлэх вэ?

-Манай цэцэрлэгийн зүүн талаас таван га газрыг авч шүүхийн цогцолбор барих бичиг ирсэн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй бичгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд манай академид ирүүлсэн байдаг. Зохих тайлбарыг нь өгөөд ойлгох ухаан алга, тэдэнд. Харахад зүгээр өвс, ургамал, мод тарьсан газар боловч газрын хөрсөн доогуураа битүү усалгааны системтэй. Х.Тэмүүжин сайд БШУЯ, ТӨХ-нд энэ асуудлаа тавьсан байна лээ. Барилга, хот байгуулалт, Зам тээврийн сайд нар “Ботаникийн цэцэрлэгт барилга барьж болохгүй. Судалгааны ганц төвөөр бүү оролд. Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг ганц цэцэрлэгийн газрыг битгий оролд” гэсэн мэдэгдлээ өгсөн байдаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай бид уулзсан. Тэрээр, “Энэ асуудлыг эсэргүүцээд, Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэж хэлсэн. Бид 16 яамны сайдын нэр дээр цэцэрлэгийнхээ талаар мэдээлэл хүргүүлсэн. Зарим сайд ойлгох байх. 20,30 гарсан залуу сайд, дарга нар ойлгохгүй юм шиг байна лээ.

-Танай цэцэрлэгийн ажлыг ойлгохгүй байгаа сайд нарыг нэрлэж болох уу?

-БШУ-ы зарим сайд манай газарт “Ботаникийн цэцэрлэгт сургууль барина” гэж байсныг өөр салбарын сайд дуулаад халаглаж, харамсаж байсан шүү. Тэрээр “Танай салбарын сайд нар газрыг чинь сонирхоод сургууль барина” гэж хэлэхийг дуулаад гайхсан гэж хэлж байна лээ.

-Хотын дарга Э.Бат-Үүлийн хүүгийн компани ботаникийн цэцэрлэгийн газраас “хумсалсан” гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм бичиг албан ёсоор манайд ирээгүй. Гэвч манай цэцэрлэгийн хоёр га газрыг дайруулаад зам тавина гэж нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийнхэн зурагтаа багтаасан байна лээ. Баянзүрх дүүрэг, Амгалангийн 12 дугаар хорооны нутагт дахин төлөвлөлт хийж, барилга барьж байгаа нь хотын даргын хүүгийн компани гэсэн яриа гадуур хүчтэй таржээ. Дүүргийн Засаг даргын орлогч манай газартай холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй талаар “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгсөн байсан. 

-Хотын даргын орлогч нар энэ асуудалд түлхүү анхаарал хандуулаад байгаа юм биш үү?

-Э.Бат-Үүл даргын орлогч Н.Энхцэнгэл манай цэцэрлэг дээр ирээд, “Энэ газарт сур­гууль, эмнэлэг барина. Төр өөрийн өмчөө мэддэг юм. Та нарт ямар хамаа байна” гэж загнасан. Дараа нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруу­лалтын хэлтсийн дарга ирээд “Танай газарт ба­рилга барина” гэж хэлээд явсан.

-Бүтээн байгуулалт нэрийн дор газрын наймаа хийгээд байгаа юм биш биз, тэр нөхөд?

-Уг нь тэр албан бичигт нь зургаан га газарт сургуулийн барилга барина гэсэн байдаг. Гэвч хотын даргын орлогч нар, төлөвлөлтийн хэлтсийнхэн ярихаараа дээрх газрын тоо нь өсчихдөг. Зургаан га газар явсаар 17 га болсон. Үүний цаанаа таны хэлдэг санаа байхыг үгүйсгэхгүй гэж би дотроо хардаж байна. Х.Тэмүүжин сайд манай зүүн талын газраас дөрвөн га газарт барилга барина гэсэн байдаг.  Хууль зүйн яамны хэлтсийн дарга ирээд “5.5 га газарт бид барилгын зураг хийсэн” гэж хэлдэг юм.  Эндээс газрын наймаа зогсоогүй гэдэг нь харагдаж байна. Дарга нарын газрын наймаа өнөө хэр тасраагүй байна. Төрийн ажлын ард нуугдсан нь харагдаж байна.

-Та Засаг дарга нарыг хардаж суухаар хотын даргатай улаан нүүрээрээ уулзахгүй дээ?

-Уулзах гэж үзлээ. 20 хоног болж байна. “Э.Бат-Үүл дарга Ерөн­хийлөгчийн сонгууль дуустал ямар ч хүнийг хүлээж авахгүй” гэж нарийн бичиг нь хэлсэн.

-Уг нь Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүр­тэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийг эрс нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл тэд эсрэгээрээ ажиллах гээд байна уу?

-Улаанбаатар нэг хүнд 4-5 ам метр ногоон байгууламж ногдож бай­гаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө дүүрч гэж үзье. Шинэчилсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлнэ гэж заасан.  Энэ бол дэлхийн дундаж ногоон байгууламжтай хотын хэмжээнд хүрэх зорилт л доо. Гэвч нэгэнт сонгогдчихсон учраас зорилтоо хоосон амлалт болгодог юм байлгүй.

-Танайх хэчнээн га газраа барилгажуулалтад алдахаар болчихов?

-Цэвэр агаартай, утаагүй, тоосгүй сайхан хотод иргэдийг амьдруулна гэж амласан дарга нар одоо ногоон байгууламжаас 24.5 га газрыг булаан авах гэж байна. Хэрэв тэд санасандаа хүрвэл нийслэлийн ногоон байгууламжийн тавны нэг хувийг устгалаа гэсэн үг. Эрх баригчдын ажил, ам хоёр ингэж л зөрж байна. Хамгийн гол нь доод, дунд шатны дарга нар газрын наймаа хийх гэж яаж улайрч байгааг олон түмэн харлаа.

-Та бүхний бүтээсэн хөдөлмөрийг үнэлбэл...?

-Дэлхий нийтэд нэг га навчит ойг 220-275 кг угаарын хийг өөртөө шингээгээд 180-215 кг агаарыг цэвэршүүлдэг цэвэр хүчил төрөгчийг ялгаруулдаг гэж үздэг юм байна. Ингэж тооцоолохоор 430-415 хүн арван цаг амьсгалах агаарыг тэр хоосон газар чинь үйлдвэрлээд байгаа юм.  Тэд 24.5 га газрыг манай цэцэрлэгээс авч устгах юм бол  хоногт 1200 хүний амьсгалах бохир агаарыг бий болгож байна гэсэн үг. Иргэдийг нэмж хордуулъя гэсэн хорон санааг та бүхэн хэрэгжүүлэх гэж байгаа юм шиг санагдаж байна.

-Олон улсын ботаникийн холбооныхон та нарт ямар хариу өгсөн бэ?

-ОХУ, Германы ботаникийн цэцэрлэгүүдийн холбооноос “Танай Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг дээдлэхгүй ногоон байгууламж, цэцэрлэгээ устгах гэж байгаад бид туйлын харамсаж байна” гэсэн бичиг ирүүлсэн байна лээ. Энэ байдлаараа байвал Монгол Улс ботаник цэцэрлэгээ устгаж барилга барья гэсэн дэлхийн хоёр дахь орон болно. Турк улс ямар байдалтай болсныг дэлхий нийт харж байгаа. Бид ирэх баасан гаригт түүнийг эсэргүүцэж жагсаал хийнэ.