М.ТИЛЕК

Шинэчлэлийг баримталдаг нэр дэвшигч Хасан Рухани Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай Ираны дотоод хэргийн яамнаас мэдэгдэв. Урьдчилсан санал тооллогоор Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбоотой хэлэлцээрийг удирдаж байсан Хасан Рухани өнгөрсөн баасан гаригт болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд бусад дөрвөн нэр дэвшигчийг ардаа орхисон байна. Ираны 50 гаруй сая сонгогчийн 70 гаруй хувь нь сонгуульд саналаа өгчээ.

Хасан Рухани сонгогчдын саналын 50.7 хувийн илүү хувийг аваад байна. Харин түүний араас сонгогчдын 17 хувийн саналыг авч чадсан Тегеран хотын захирагч Мохаммед Бакер Халибаф хоёрт оржээ. Энэ удаагийн Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын ажиглагчид оролцоогүй юм байна. Сонгууль өгөх байранд санал өгөх хугацаа таван цагаар оройтож хаагдсан аж. Ираны төв телевизийн мэдээлснээр сонгогчид санал өгч амжаагүй тул хугацааг дөрвөн удаа сунгажээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд дээрх хоёроос гадна цөмийн хөтөлбөрийн хэлэлцэрийг удирдсан Саид Жалели, Аятолла Али Хаманеин олон улсын асуудлаархи зөвлөх Али Акбар Велаяти, цагдаагийн корпусын захирагч асан Мохсен Резаи, Харилцаа, холбооны сайд асан Мохаммед Герази нар өрсөлдсөн юм. Хэрэв нэр дэвшигчдийн аль нэг нь 50-иас дээш хувийн санал авч чадахгүй тохиолдолд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч энэ сарын 21-нд дахин өрсөлдөхөөр байв.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Хасан Рухани төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдож, Ираныг найман жил удирдсан Махмуд Ахмадинежадыг орлох болно. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгууль булхайтай болсон гэж  сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Гэвч Ираны эрх баригчид жагсагчдыг хүчээр дарж байжээ. 

Хасан Рухани 1948 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн. Улстөрчийн хувьд шинэ хүн биш. Олон жил удирдах албан тушаал хашсан туршлагатай нэгэн. 1992 оноос Ираны оюун санааны лидер гэгддэг Аятолла Хаманеин дэргэдэх Стратегийн судалгааны төвийг удирдсан. Межлисийн гишүүнээр хоёр удаа сонгогдож,  парламентын дэд даргын албыг хашиж байжээ. 1989-2005 оны хооронд Ираны Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Ерөнхийлөгч Хатемийн үед Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийг удирдаж байсан аж.

Ираны шинэ Ерөнхийлөгч өндөр боловсрол эзэмшсэн Исламын шийт урсгалыг баримталдаг шашны зүтгэлтэн, хуульч мэргэжилтэй. Глазгогийн Каледоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Араб, англи, франц, герман, орос хэлтэй юм.