Л.ЭНХТУЯА
МИДАС төрийн бус байгууллага санал тоолох машины тестийг өнгөрсөн долоо хоногт намуудтай хамтран хийжээ. Энэ тухай тус байгууллагын тэргүүн Г.Энхжаргалтай ярилцлаа.
-Танай байгууллага сонгуульд оролцоо өндөр байна. Дараалан хоёр сонгуулийн өмнө санал тоолох машин шалгах ажлыг зохион байгууллаа. Яагаад улс төрийн сонирхол ийм өндөр байна вэ?
-МИДАС гэдэг төрийн бус байгууллага бол мэдээллийн сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тиймээс мэргэжлийн үүднээс хандаж байна. Өөрөөр хэлбэл санал тоолох машин буруу ажиллаад байна гээд байгаа нь мэдээллийн технологийг үгүйсгэсэн хэрэг. Тиймээс энэ асуудалд улс төрийн хачиргүй, мэргэжлийн зүгээс судалж үзээд, олон нийтэд мэдээлэл хүргэх сонирхолтой байна.
-Та бүхэн хоёр дахь удаагаа туршилт хийлээ. Санал тоолох машины ашиглалтын хувьд УИХ-ын сонгууль болж өнгөрснөөс хойш гарсан өөрчлөлт юу байна?
-Тэр үед бид бүгд туршлагагүй байсан. Одоо бол гурав дахь удаагаа ашиглах гэж байгаагийн хувьд харьцангуй туршлагатай болсон байна. Иргэд автомат машин ашиглаж санал өгөх нь хялбар гэдгийг мэдэрсэн байх. Эхлээд хүн бүхэн айдастай байсан. Хувь хүн санал бөглөсөн хуудсаа машинд уншуулахдаа алдаа гаргах вий гэдэг болгоомжлол байсан. Их код шалгах гэсэн асуудал тэр үед тавьж байсан. Тэр үед манай байгууллага дан ганц Шударга сонгуулийн төрийн бус байгууллагуудын сүлжээ гэдэг үүднээс, энэ хүрээндээ ажилласан. Тэгж ажиллахад нийгмийн хүлээж авах хандлага муу байсан.
-Тэр ажлын үр дүн юу байв?
-Тухайн үед шинээр ажиллуулж эхэлж байсан тооллогын машины талаар тийм их шуугиан тарихыг хүсээгүй. Тооллогын машин шалгах хүсэлт маань оройтсон байсан учир тухайн үед анхаарах ёстой жижиг асуудлуудыг тайланд бичээд УИХ-ын даргад и-мэйлээр явуулсан. Түүнийг Сонгуулийн Ерөнхий хороонд явуулсан байсан. Харамсалтай нь зарим асуудлуудыг орхигдуулсан. Тусгалаа олсон зүйл ч бий.
-Яг ямар асуудлыг орхичихсон байсан бэ?
-УИХ-ын сонгуулийн дүнгийн талаар хамгийн их ярьсан асуудал бол санал өгсөн сонгогчийн нэр дэвшигчдийн авсан саналын тоо зөрж байна гэж байсан. Жишээлбэл 100 сонгогчтой, гурван мандаттай тойрог байлаа. Энд нийт 300 санал байх ёстой. Гэтэл нийлбэр саналын тоо 182 байж болно. Яагаад гэхээр бүх хүн гурван мандат дугуйлаагүй байж болно. Нэг хэсэг нь гурван нэр дэвшигчээ дугуйлж байхад, зарим нь нэгийг, хоёрыг дугуйлаад орхисон байж болох уу, болно. Уг нь программ санал тооллогын протоколыг хэвлэхдээ нэг санал өгсөн, хоёр өгсөн, гурвыг дугуйлсан тэд байна гэж тус тусад нь гаргаж өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан. Гэтэл тийм юм байгаагүй.
-Энэ асуудал дээр намууд улс төр хийсэн?
-Улс төрчид үүнийг ашиглаад улс төр хийгээд байсан атлаа хэн ч энэ тухай тайлбарлахгүй байсан. Одоо бол эсрэгээрээ ганцхан мандат байгаа. Гэтэл сонгогч санамсаргүй болон санаатайгаар хоёр, гурван нэр дэвшигчийг дугуйлчих юм бол дахиад л ийм асуудал гарна. Хүмүүс ингээд ярихаар ганцхан хүнийг сонгох гэж байхад юун хоёр, гурван саналын тухай яриад байна гэж болно. Тэгэхдээ УИХ-ын сонгуулийн үед 27 нэр дэвшигчийг бүгдийг нь дугуйлсан тохиолдол байгаа. Хэсгийн хорооны ажилчид энэ тухай тайлбарыг байнга сануулж хэлэхэд буруудахгүй л болов уу.
-Та энэ удаагийн туршилтадаа улс төрийнхнийг оролцууллаа. Яагаад бусад төрийн бус байгууллагыг оролцуулахгүй байгаа юм бэ?
-Энэ туршилтыг хийснээрээ одоо бүх асуудлыг цэгцэлээд сайн болгочихож чадахгүй нь мэдээж. Гэхдээ үүнийг хийснээрээ дараагийн удаа бид яаж сайжруулах бэ, юуг анхаарах ёстой тухай намууд тодорхой хэмжээний ойлголттой болсон. Энэ бол эхний алхам. Цаашдаа энэ тал дээр намууд бидэнтэй илүү нягт хамтарч ажиллана гэж найдаж байна. Аливаа асуудлыг мэдэхгүй, судалж үзээгүй байж шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Их кодыг нээлттэй болгох, урьдчилсан тест, хяналтын тооллого гэсэн гурван асуудлыг тодорхой болгоод тухай бүрд нь хяналтаа тавиад явчих юм бол нийгэмд байгаа хардалт гайгүй болно.
-Урьдчилсан тест хуульчлагдаагүй. Та бүхэн иргэний санаачлагаар хийж байна. Хуульчлах ёстой юу?
-Хуульд өөрчлөлт дэвшил гарч байна. Улсын Их Хурлын сонгуулийн хуулинд автомат машинаар тоолно гээд л орхичихсон. Хяналтын тооллогын асуудал байхгүй байсан. Бид анхнаасаа энэ тухай саналаа тавьж явсан. Бидний ажил үр дүн өгсөн. Энэ удаагийн сонгуулийн хуульд энэ тухай орсон байгаа. Дүүрэгт хоёр, суманд нэг хэсгийн хороонд хяналтын тооллого явуулахаар болсон. Гэхдээ хяналтын тооллого явуулсны дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай заалт байхгүй. Тухайн хэсгийн хороон дээр явуулсан хяналтын тооллогын дүнд хэдий хэмжээгээр зөрөхөд автоматмашины тооллогыг хүчингүй гэж үзэх юм бэ гэсэн асуултын хариулт байхгүй. 350 гаран хэсгийн хороонд хяналтын тооллого хийгээд хэдэн хэсгийн хороон дээр алдаа гарахад ямар арга хэмжээ авах, ямар тохиолдолд хүчинтэй, хүчингүй гэж үзэх нь тодорхойгүй хэвээр үлдэж байна. Хяналтын тооллого гэдэг чинь үндсэндээ чанарын хяналт хийж байгаа хэрэг. Энэ тухай Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүд яаралтай шийдвэр, журам гаргах хэрэгтэй. Аливаа асуудлыг тулгарсан хойно нь бус урьдчилаад үүнийг олж хараад арга хэмжээ авах ёстой.
-Та бүхний хийсэн туршилтаар машин хэр ажиллаж байна гэсэн дүгнэлт хийсэн бэ?
-Юуны өмнө энэ туршилтад намуудын төлөөлөл оролцсон гэдгийг дахиад хэлье. Бидний хувьд аймгуудаас сугалж сонгох саналтай байсан ч намуудын төлөөлөл Дорноговь, Дархан-Уул, Орхон аймгуудыг сонгохоор болсон. Машинаа сонгохдоо серийн дугаараар биш, машин байгаа газруудаас санамсаргүйгээр сонгосон. Машинууд саналыг зөв тоолж байсан. Тест бүрийн дараа биллийг хэвлэж намуудын төлөөлөгчдөөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Хоёр үндсэн алдаа харагдаж байсан. Үүнд , санал огт тэмдэглээгүй хуудсыг хүчинтэй саналын тоонд оруулж тооцохгүй байгаа нь нийт саналын тоог тооцоход харагдахгүй байгаа. Нөгөө нэг алдаа нь санал давхар тэмдэглэсэн нөхцөлд саналын хуудас нэг, хүчингүй саналын тоо хоёр болж нэмэгдэж байгаа нь зөрүүтэй байдал үүсгэж, төөрөгдүүлэх боломжтой байсан. Өмнөх сонгуулийн дараа автоматмашины мэдээллийг сүлжээгээр зассан гэсэн мэдээлэл их тарсан. Санал тоолж билл гарсны дараа сүлжээнд холбож байгаа болохоор тийм боломж байхгүй.
-Үүнээс өөр мэдээлэл засах арга байдаг?
-Тийм. Түүнийг бид саяын хийсэн тестээрээ шалгасан. Цагийн бөмбөг гэж байна. Энэ нь тодорхой цагт нэг нэр дэвшигчийн саналыг автоматаар нэмдэг. Тиймээс тестийн үеэр намуудын төлөөлөгчдийн сонгосон цагуудын тохиргоог хийж санал уншуулах зэрэг аргаар шалгасан.
-Өнөөдөр та бүхэн программын алдааг олж харсан нь сайшаалтай ч аль хэдийнэ санал тоолох машин тарчихсан. Тэгэхээр ямар ч ашиггүй ажил болж байгаа юм биш үү?
-Алдаа засахад оройтосон байгаа нь үнэн. Энэ нэг сургамж. Нөгөө талаас нь харвал бид дараа дараагийн сонгуульд алдаагаа засах боломж өгч байна. Бид ингэж туршиж үзээгүй бол ийм алдаа олон удаагийн сонгууль дамжиж гараад, үүнийгээ улс төржүүлээд байх байсан.
-Энэ алдааны буруутан нь хэн бэ?
-Санал тоолох машины программыг захиалахдаа л алдаа гаргасан байна гэж харж байна.
-Яаж засах бэ?
-Энэ программыг лицензээр эзэмшиж байгаа юм билээ. Тэгэхээр дараагийн сонгуулиас өмнө захиалгаа өгөхдөө программын алдааг засуулаад авчихаж болно.
-Яагаад хэвлэл мэдээллийнхнийг оролцуулаагүй юм бэ?
-Тест явуулсан байр жижигхэн. Манай хэвлэлийнхэн олуулаа, багталцахгүй. Цөөхөн хэдэн байгууллага авчирвал бас л захиалгатай гэж хардана. Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг хараат бус, олон нийтийн гэдэг утгаар нь урьсан боловч хайхрамжгүй хандсан бололтой, ирээгүй. Тэгэхээр бид намуудыг хэвлэлийн төлөөлөгчидөө хамт авчирахыг хүссэн. Харамсалтай нь тэд яаж ажилладаг болохыг харлаа. Өөрсдөө оролцож, гараараа урсан саналыг хуудсыг твиттер дээр тавиад шал худлаа мэдээлэл тавьчихсан байх юм.
-“Хар машин” шалгалтад бүдэрлээ гэсэн мэдээллийг та яриад байна уу?
-Тийм. Зарим хүмүүс энэ мэдээллийг хараад санал тоолдог машин саналын хуудас “зажилаад” урчихсан гэж хүртэл ойлгосон байна. Уг нь бол намуудаас ирсэн төлөөллүүд тест хийх үер ингэвэл машин унших уу гэх зэргээр л шалгаж байсан. Тэр хуудасны зургийг Ерөнхий сайдын зөвлөх асан Б.Долгор авсан. Учир мэдэх хүмүүс ингэж асуудлыг гуйвуулж байгаа нь харамсалтай. Ардын намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдтэй холбоо барьж энэ тухай хэлсэн. Биднээс албан ёсоор уучлал гуйсан. Тэр хүн анхнаасаа энэ саналыг дэмжиж байсан. Тодорхой мэдээлэлгүй хүмүүс ийм мэдээлэл тараасан байвал мэдээгүй гээд ойлгож болно. Гэтэл өөрөө бодит үйл ажиллагаанд нь оролцоод, гарсан үр дүнтэй танилцаж гарын үсэг зурчихаад ийм мэдээлэл тарааж байгаа нь хачирхалтай. Хүмүүсийн хөдөлмөрийг ингэж үгүйсгэмээргүй байна. Магадгүй иймэрхүү байдал нь сонгуулийн санал луйвардлаа гэж иргэдийг жагсаал цуглаанд турхирах хэрэгсэл болж болно гэдгийг анхаармаар байна.
-Энэ ажил танай байгууллагад ямар ашигтай бэ. Санхүүжилтыг нь хаанаас хийж байна?
-Нээлттэй нийгэм форумаас гурван мянган долларын санхүүжилт авсан.
-Зарим хүмүүс, төрийн бус байгууллагын хувьд энэ их бага. Гэтэл та ийм хэмжээний санхүүжилтээр энэ ажлыг хийсэн. Нөгөө талаас нийгэмд “хар машин”болохгүй байна гэсэн мэдээлэл их байна. Гэтэл та “болж байна” гээд байдаг. “Хар машин” ашиглаад ялах нь тодорхой хүний захиалгаар та ийм ажил хийгээд, мэдээлэл тараагаад байгаа юм биш үү?
-Намайг хүн бүхэн, нам бүхэн хардаж байгаа. Энэ ажлыг санаачлаад намуудад оролцооч гээд санал тавихаар бүгд хардсан. Одоо энэ тухай мэдээлэл аваад хүн бүхэн хардах байх. Би аль нэгэн намын гишүүн биш. Аль нэгэн намын халаасанд орж мөнгө олох хэмжээний хүн биш. “Хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөн” гэж байгуулсан гэж сонссон. Манай найзууд надад “Чи хар машин хамгаалах ганц хүний хөдөлгөөн байгуулчихсан юм уу” гэж тоглоомоор хэлж байсан. Уг нь эхлээд хар машиныг луйвраас хамгаалах мониторинг хийж эхэлсэн. Одоо бол үүн дээрээ нэмээд хар машиныг хардаж байгаа хүмүүсээс хамгаалах ёстой болоод байх шиг байна.