М.ГАНЦЭЦЭГ

УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцлаа. Тэрээр Үндсэн хууль батлалцсан туршлагатай улстөрч, хуульч юм. Л.Цог дарга зургаа дахь парламентад орж ирснээс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Тэрээр 22 жилийн улс төрийн замналынхаа тухай ийн ярьж байна.
-Та Үндсэн хууль батлалцаж, анхны УИХ-ын шавыг тавьж явсан хүн. Улс төрд орсон түүхээсээ хуваалцаач?
-1990 оны анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон юм. АИХ-аас намайг Улсын Бага Хурлын гишүүн болгосон. Бага Хурлаас Хууль зүйн байнгын хорооны анхны даргаар томилж байлаа. Мөн Үндсэн хууль батлах улсын комиссын гишүүн болж, 1992 онд Үндсэн хууль баталсны дараа анхны парламентыг орхисон юм. Түүнээс хойш 20 жилийн дараа хоёр дахь удаагаа хууль тогтоох байгууллагын гишүүнээр Орхон аймгаас сонгогдлоо.
-20 жилийн өмнөх, одоогийн парламентын ялгаа, онцлог танд хэрхэн мэдрэгдэж байна вэ?
-Ялгаа их байна. Би нэг зүйлээр бахархаж явдаг. Монголын түүхэнд Улсын Бага Хурал шиг хууль тогтоох байгууллага дахиж бий болохгүй. Анхдагч байсан, хувийн өмч байгаагүй учир өмч дагасан хувийн ашиг сонирхол гэж байгаагүй. Хуучин тогтолцоог нурааж, шинэ тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэсэн оюун бодлын уралдаан болж өнгөрсөн. Энэ үед л Монголын дөрөв дэхь Үндсэн хуулийг баталсан. Хүний эрх, эрх чөлөөг хангасан том бүлэг орж, төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Үндсэн хуульд хяналт тавих механизм бий болсон. Өмнөх гурван Үндсэн хуулиас ялгаатай ардчилсан Үндсэн хууль болсон гэж болно.1999-2000 онд хоёр удаа Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон нэмэлтийг эс тооцвол бид зах зээлд шилжсэн ардчилсан Үндсэн хуулийг баталж чадсан.
Тухайн үеийн анхны парламентын шавыг тавьж байхад ажиллах нөхцөл, ахуй хангамж, Тамгын газрын бүрэлдэхүүн, хүч чадал одоогийнх шиг байгаагүй. Өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. Энэ утгаар байрандаа байгаагүй хөгжсөн байна. Одоо бол УИХ-ын гишүүд туслахтай, зөвлөхтэй, Тамгын газар хангалттай орон тоотой, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болжээ. Энэ нь хууль тогтоох байгууллагад тав тухтай ажиллах том боломж мөн. Тэр үед гишүүд туслахгүй, Тамгын газар тусдаа ч байсангүй. 22 жилийн дараа парламентыг эргэж харахад надад сонин сэтгэгдэл төрж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлтийг олон хүн буруутгадаг. Парламент ёс, төрт ёсонд сөргөөр нөлөөлсөн гэдэг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчсөн нэмэлт оруулсан учир төрийн тогтолцоо гажсан. Үүнийг арилгахаар шинэ парламент хүчтэй ажиллах ёстой. Одоо УИХ-д бүлэг байгуулах хэмжээний гурван том нам байна. Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, одоогоор бүлэг байгуулаагүй Ардын нам бий. Мөн ИЗНН ч байгаа. Монголын парламентыг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд ухаалаг ажиллаж, эр зориг гаргавал төрийн тогтолцооны гажиг арилна. Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөлт, шинэтгэлээ суурь Үндсэн хуулиа барьж хийх том чиглэл бий. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд засах томоохон алхмыг ч хийх ёстой. Засгийн газар бүхэлдээ өнөөгийн нийгмийн амьдралыг огцом өөд нь татах том бодлого явуулах ёстой. Манайх том газар нутаг, цөөн хүн амтай, их баялагтай, хоёр том гүрний дунд оршиж буй геополитикийн нөхцөлд байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн хямралыг харгалзсан том бодлого явуулж чадвал Монголын ард түмний амьдрал өөдөлнө. Үндсэн хуульд заасны дагуу байгалийн баялаг тухайн ард түмний өмч байх ёстой учир ард түмэнд түлхүү өгөх, Оюутолгойн гэрээг засах ажлыг энэ парламент, Засгийн газар хийх ёстой.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж улс төрийн тогтолцоог гажуудуулсан нь улстөрчид, намууд өөрсдөө биз дээ?
-Одоо харахад улс төрийн тогтолцооны субъектууд дотроос хамгийн болж бүтэхгүй, үймүүлж будилуулдаг, хариуцлагагүй нь улс төрийн намууд мөн. Намуудыг төрийн дээр биш, төртэй зэрэгцүүлэхгүй, түүнийг орлодог ч биш, хууль зүйн утгаараа Засгийн эрхийн төлөө тэмцдэг иргэний нийгэм, төрд тусалдаг байхаар эрх зүйн орчинг өөрчлөх ёстой юм. Улстөржсөн гажуудлыг арилгах том алхам хийх хэрэгтэй.
-Та УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэдэн онд хашиж байв. Энэ албанд байсан үе үеийн дарга нар мэргэшсэн хуульчид байдаг байх аа?
-1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл Засгийн эрхэнд олуулаа гарахад Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад намайг УИХ-аас томилж байсан. Гурван жилийн дараа Хууль зүйн сайдаар дэвшсэн түүхтэй. Тамгын газрыг хуульч хүн удирддаг олон улсын жишиг бий. Би Тамгын газрын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Энэ удаагийн УИХ-д бүлэгтэй намын хувьд дэд даргаар томиллоо.
-УИХ-ын дэд даргыг бүлэгтэй намаас нэр дэвшүүлэх хуультай. Дэд дарга нь УИХ-ын даргыг эзгүйд орлодог албан тушаал уу, өөр ямар эрх мэдэлтэй байдаг юм бэ?
-Бүлэг байгуулсан нам дэд даргатай байдаг. Дэд дарга нь тухайн намынхаа бүлгийн бодлогыг ерөнхийд нь зохицуулахаас гадна УИХ-ын үйл ажиллагаанд удирдах хэмжээнд оролцдог, УИХ-ын даргын эзгүйд түүний үүргийг гүйцэтгэдэг. Хийх ажил их бий. Сонгууль бүрт харилцан адилгүй байсан. Нэг нам үнэмлэхүй олон болох үед нэг дэд даргатай байсан. Энэ удаад гурван дэд даргатай байх магадлалтай байна. Ардын нам бүлэг байгуулаагүй учир дэд даргагүй байгаа.
-УИХ-ын дэд даргын хувьд таныг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар томилсон байна лээ. Шинэ ажлынхаа талаар танилцуулаач?
-Өргөн цар хүрээтэй нүсэр ажил л даа. Нийгмийг түгшээсэн их хэлмэгдүүлэлтэд өртсөн олон мянган хүнийг цагаатгах ажил одоо хүртэл дуусаагүй байна. Энэ ажлыг шинэ өнцгөөс харж орчин үеийн хэлмэгдүүлэлт гаргуулахгүй байх чиг үүрэгтэй ажиллана гэж бодож байгаа.
-Хэлмэгдүүлэлтийг тухайн цаг үед нь биш олон жилийн дараа мэдэж цагаатгадаг нь харамсалтай гэдэг. 1920-иод оноос эхэлсэн хэлмэгдүүлэлт өнөөдөр ч арилаагүй гэж зарим хүн ярьдаг?
-Хэлмэгдүүлэлт олон түмнийг хамарсан аймшигтай үзэгдэл. 1930-аад оны хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлыг хагас зууны дараа ярьж байна. Монгол удмын сангийнхаа өнгөтэй өөдтэй бүхнээ устгасан. Тэр үеийн коминтерн, гадаад, дотоодын бодлого ч орсон байх. Үнэхээр хэлмэгдсэн учир хүн бүрийг толгой дараалан цагаатгах нүсэр ажил явж байгаа. Нөгөө талаар аймшигт зүйлийг давтахгүй байх нь түүнээс ч дутуугүй хэцүү асуудал. Одоо ч гэсэн хүмүүсийг үзэл бодлоор нь, хэсэг бүлгээр нь, намаар нь ялгах зүйл байна. Ард түмэн сонор сэрэмжтэй байхгүй бол орчин үеийн хэлмэгдүүлэлт болохгүй гэх газаргүй.
-Ирэх дөрвөн жилд парламентад давхар албатай байх нь. Намынхаа ажилд оролцох зав олдож байна уу?
-Би МАХН-ын нарийн бичгийн дарга, орон тооны бус албатай. Хууль тогтоох байгууллагыг намтай холбох гүүр болох үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Шинэ тутам байгуулагдаж байгаа УИХ, хамтарсан Засгийн газар байгуулах ажил хугацаа их авч байна. Тиймээс намын ажил руу орох цаг зав хомс юм. Гэхдээ УИХ, Засгийн газар дотор манай намын ч бодлого явж байгаа.
-Сонгуулиас хойш тойрогтоо ажиллав уу?
-Орхон аймагтаа дөрвөн удаа очсон. Наадмын өмнө очиж баяр ёслолд оролцсон. Чуулганы завсарлагаанаар ажиллах боломжтой. Орхон аймагт наадмын дараа үер болж нэлээд хэмжээний хохирол учирсан. Тэр бүхнийг арилгах, санхүүжилтийг нь гаргуулахад санаачлагатай ажиллаж байгаа. Энэ бүхнийг аймгийн иргэд, удирдлага ойлгож байгаа болов уу. УИХ-ын гишүүний хамгийн гол ажил бол сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж УИХ-д төрийн бодлого боловсруулах, түүнийгээ хууль болгох үүрэгтэй. Энэ жилийн сонгууль холимог тогтолцоогоор болсон онцлогтой. Тойрогт нэр дэвшиж, үзэл бодлоо уралдуулж өрсөлдөж сонгогдоно гэдэг хүнд. Тиймээс тойргоос сонгогдсон гишүүдийн ачаалал зүйрлэхгүй их.
-Өнгөрсөн хугацаанд гудамжнаас парламент руу довтолдог хүчтэй жагсагчдын нэг нь та байсан. Одоо парламентын дотор, тэр тусмаа том албан тушаалтан боллоо. Гудамжны тэмцэл өөрчлөгдөх үү, үргэлжлэх үү?
-Би 1999 онд Хууль зүйн сайдаас огцорсон. Миний огцорсон үнэн шалтгаан бол хээл хахуулийг анх удаа илрүүлсэнтэй холбоотой. Төрийн өндөрлөгт байсан хүмүүс, тухайн үеийн УИХ-ын гишүүдийг илрүүлснийхээ төлөө огцорсон. Үнэн хэрэг ийм боловч огцруулах өөр шалтгаан олсон л доо. Түүнээс хойш хэдэн жил чимээгүй байлаа. Ингээд 2006 онд тухайн үеийн УИХ Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Тэр хууль Үндсэн хууль зөрчсөн, ард түмэн байгалийн баялгаас зохистой эзэмших эрхийг хаалаа гэсэн үзэл бодлоор тэмцэл хийж эхэлсэн. Мөн Үндсэн хууль зөрчсөн Оюутолгойн гэрээ луйврын гэрээ боллоо гэж тэмцлээ өрнүүлсэн. Үүний хажуугаар 1999-2000 оны Үндсэн хуулийн долоон нэмэлтийг ҮХЦ хүчингүй болгосон ч дахин хэрэглэсээр 12 жил боллоо. Энэ бүхний эсрэг өнөөдрийг хүртэл тэмцэж явна. Гудамжинд зургаан жил тэмцсэн байна. Үүнийг маань иргэд, сонгогчид дэмжсэн болов уу. Одоо ч үзэл бодлынхоо төлөө явна, түүнээсээ ухрахгүй. Гэхдээ тэмцлийн арга өөр болж байгаа шүү. Монголын хууль тогтоох байгууллагад орж ирсэн учир оюун бодол, дуу хоолойгоороо уралдана. Гудамжны тэмцэл парламентын тэмцэл болж хувирсан. Үндсэн хуулийн долоон өөрчлөлт, Ашигт малтмалын шинэчилсэн найруулга, Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө дуугарсаар байх болно.
-Таны 22 жилийн улс төрийн амьдралд дарга, сайд, гудамжны жагсагч гээд олон зүйл байжээ. Өнөөдөр УИХ-ын дэд дарга. Ер нь таны тэмцэл, улс төрд эргэж орох эцсийн зорилго юу юм бэ?
-Нийгэм, улс төрийн хүрээнд болж буй бухимдал намайг тэмцэл рүү оруулсан. Миний амьдралын нугачаа ийм болж таарлаа. Мэргэжил маань хуульч, тэгээд ч энэ тогооны араншинг мэддэг учир явсаар байгаад 22 жилийн дараа энэ албыг хашихаар болчихлоо. Төр засгийн бодлого явахгүй, ард түмэн ядуу, хээл хахууль хорт хавдар шиг тархаж, шударга бус явдал хавтгайрснаас ард түмэн гудамжинд гардаг. Түүнээс тайван амгалан байсан бол ингэж бухимдахгүй байлаа. Энэ бол бичээгүй зүй тогтол юм.