М.ЦЭЦЭГ

УИХ-аар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалахын яамнаас өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бодлогын шинэ баримт бичгийн нэг онцлог нь батлан хамгаалах бодлогын эдийн засаг, нийгмийн чиглэлийг илүү өргөн хүрээнд, тодорхой болгож томъёолсон явдал юм. Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсын батлан хам­гаалах хэрэгцээг хан­гах эдийн засгийн чадав­хыг бүрдүүлэх, бат­­лан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэм­жээг нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасныг дурдлаа.

Харин Бат­лан хамгаалах яам­ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр энэхүү бодлогын шинэ баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар тодорхойлсон. Түүнчлэн төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, тус тусын хуулиар бие даасан үйл ажиллагаа явуулах юм. Харин дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр заасан. Мөн зэвсэгт хүчин нь бүт­цийн хувьд Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр тодорхойлсон тухай дурдав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин