
Л.ЭНХТУЯА
Сайд, дарга нарыг төөрүүлж, будилуулдаг Бурхан Халдун. Уг нь хэн дуртай нь гардаг ч юм биш, Төрийн тахилгатай уул. Их хайрхан Монгол түмний түүхийн улбаа, гарал угсааны эхлэл цэг юм.
Бидний хэсэг нөхөд Их хайрханаа алсаас харах аялалд гарлаа. Оргилд нь гарахгүй гэсэн Ерөнхийлөгчийн зарлигтай. Энгэр бэлд нь очихгүй гэсэн сайдын тушаалтай болсон. Тийм учраас аяллын маршрутыг сонирхвол Улаанбаатараас Мөнгөнморьт сум хүрээд Илүүрийн голын отогт очиж хоноглох байв. Тэндээс 17 км замыг машинаар туулж, дархан цаазат газрын хамгаалалтын бүс эхлэх цэгээс Тарвагатайн дэвсэг хүртэл 20 гаруй км морин аялал үргэлжилнэ гэсэн байв.
Манай “Зууны мэдээ” сонин Монголын их тахилгат уулыг онгон дагшнаар нь авч үлдэх зорилготой Бурхан Халдуныг онцгой бүс болгох санаачлага гарган энэ сэдвийг олон удаа хөндөн бичиж, УИХ-ын гишүүд, салбарын сайд, олон эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, холбогдох хүмүүсийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Ийм санаачлага гаргаж ажил хэрэг болгож байгаагийн хувьд манай “Зууны мэдээ” сонины сурвалжлах баг уг аялалд оролцсон юм.
Бидний очих газарт хөтлөх зам хэцүү, бартаа саад их учир унаа хөсөг сайтай, зорьсон хүмүүс л очдог гэнэ. Тэр дундаа хавар, намартаа шавар, ус ихтэй, өвөлдөө цасаар шуурч, зам боодог байна. Хэдий ийм ч гэлээ сүүлийн 10 жилд Бурхан Халдуныг чиглэх зам зурайж тодорсоор байгаа юм. Бурхан Халдун хайрхан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хойд хэсэгт байдаг боловч тийш очих зам Төв аймгийн Мөнгөнморьт сумаас цаашилдаг.
Наран жаргахтай уралдан эхэлсэн бидний аяллыг зөөлөн салхины сэрчигнээн, нялх ногооны үнэр чимнэ. Их хотын дуу чимээг ардаа орхисон манай багт Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад болон Аялал жуулалын үндэсний төвийн захирал О.Цоодол, Маркетинг, судалгааны хэлтсийн дарга С.Мэндбаяр Ш.Цолмон, Д.Орхон нарын мэргэжилтнүүд багтсан юм.
ЗАМ ЗУУРЫН ЯРИА

Аяллын турш бид олон зүйлийн тухай ярилцсан. Аглаг хөвчийг зорьж байгаа бидэнд баян хангайн хишиг хүртэгч анчин гэж хэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй хариулт нэхлээ. Эмэгтэй хүнийг яагаад анд дагуулж явдаггүйн учрыг тайлах гэсэн хүсэл “Эмэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй учир ан битгий тааралдаасай, суманд бүү оногдчихоосой” гэж бодсоор байгаад ан авыг бүтэлгүй болгодог гэсэн нэг хариулттай болсон. Гэтэл өөр нэг нь “Харин ч эмэгтэй хүн нэгийг авлаад буцахыг зөвшөөрөхгүй. Дахиад нэгийг гэнэ. Эмэгтэйчүүд ахуйн шунал ихтэй” гэсэн. Энэ ярианаас үүдэн анчин гэж хэн юм бэ гэсэн бидний яриа үргэлжилсэн юм. Б.Хашмаргад дарга энэ ярианд “Баавай минь алуурчин, анчин хоёрын хооронд нэг л гохны зай байдаг гэж захидаг байсан юм даа” гэснээр цэг тавьсан юм. Үнэхээр ч ар хөвчийн аглагтай байгальдаа уусч, байгаа бүхнийг нь бус хэрэгцээндээ зориулан агнаад “Баян хангай минь баар, баар” гэж сүсэглэдэг байсан анчин эрийн түүх өдгөө бүдгэрчээ. Орчин үеийн анчид буу үүрч, хурдан унаагаар ан амьтныг хөөж хөнөөж байгааг ан гэхээсээ зугаацах гэвэл үнэнд илүү нийцнэ. Ам дамжсан хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй цуу үг ч хулгайн анг өөгшүүлж байгаа гэх. “Баавгайн савраар домновол өвдөхгүй, амар төрдөг” ч гэх шиг. Ийм мухар сүсэг ан амьтныг хорогдоход хүргэж буйг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл, санаачилгатай яваа бидний замын ярианд онцлохыг хүссэн юм.
САЙДЫН ЗААСАН МАРШРУТААР АЯЛСАН АНХНЫ АЯЛАГЧИД
Манай багийнхан шөнө дунд зорьсон газраа хүрлээ. Илүүрийн голын отогт биднийг тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид угтсан юм. Тэнгэрийн одод хэчнээн гэдгийг тоолчихож болмоор тод, цэвэр агаарын цэнгэг сайхан үнэрийг, моддын навч сэрчигнэхийг, голын усны урсгал, морьдын тургих чимээ.... Энэ бүхнийг мэдрэх сайхан байлаа. Байгаль хамгаалагчдын гарын цай, хоолоор дайлуулаад өглөөний 06:00 цагт босох үүрэг аваад унтлаа.
Өглөөний аялал 07:00 цагт эхэллээ. Газрын зураг дээр нэр нь өнөөг хүртэл тэмдэглэгдээгүй Бурхан Халдуныг тун удахгүй харна. Өмнө нь тахилгат хайрханыг зорьсон хүмүүс техникийн хүчээр бартаа саад, шавар шалбаагийг туулдаг байсан бол бид энэ удаад мориор аялна. Гэхдээ Босго тэнгэрийн даваанаас цааш нэг ч алхахгүй, алсаас харна. Залбирна. Учир нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны 2013 оны тавдугаар сарын 21-нд гаргасан А-159 тоот тушаал бий. Энэ тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зам, чиглэлийн маршрутыг тогтоож өгсөн. Бид энэ тушаалд заасан маршрутаар аялж байгаа анхны аялагчид байсан юм. Ийм маршруттай болсноор тусгай хамгаалалтай газар нутагт зорчихыг зогсоох зорилгоо хэрэгжүүлэх эхний алхмаа хийлээ гэсэн үг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлаа хүндэтгэх үүднээс Босго тэнгэрийн давааг давуулахгүйгээр Бурхан Халдун уулаа хардаг байхад буруугүй. Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Чингис хаан
“Өндөр дээд Бурхан Халдун чамайг
Өглөө бүр мялааж байя
Өдөр бүр тахиж байя
Үрийн үрд үүрд тахиж
Үе тутам үргэлж шүтье”
хэмээн эрхэмлэн тахиж шүтэж байхыг хойч үедээ гэрээсэлсэн байдаг.
Чингис хаан энэ гэрээслэлээрээ энгэр өөд нь мацаж, орой дээр нь зайдлахыг хориглож, алсаас тахиж, бишрэхийг тушаасан гэж ойлгож болохоор юм. Гэтэл бид сүүлийн үед туйлширч, боломж л олдвол их хайрхандаа мацаж авирах ыг оролдох болжээ. Гэтэл байгалиа хамгаалах ардын ухаан гэдэг сонин. Нутгийн хүмүүсийн яриаг сонсоход эртнээс нэрлэж ирсэн нутаг усны нэршил ихэнх нь тонгоргосон байдаг гэнэ. Дайн самуунтай цаг үеийг туулж, дараа дараагийн он жилүүдэд манжийн дарлал, Монголын түүхтэй дайн зарласан хэлмэгдүүлэлтийг даван туулж онгон дагшин бүхнээ авч үлдэхэд өвөг дээдсийн энэ ухаан үүргээ гүйцэтгэсэн байна. Босго тэнгэрийн даваа нь Тэнгэрийн босго гэх. “Нугаар” гэдэг нь Ар нугыг хэлсэн гэх мэт. Хамгаалах хайрлахын тулд бид заримдаа онгон шүтээнийг мэдсэн ч мэдээгүй гэж өнгөрөөж, харсан ч хараагүй царайлж чаддаг байх хэрэгтэй шиг.
АЯЛАГЧИД УНААГАА ЮҮЛЭВ
Сайдын тушаалд заасан цэг хүртэл бид 17 км замыг машинаар тууллаа. Энэ замын турш бид байгаль хамгаалагчидтай уралдсан. Тэд мориор, бид Ланд-80-аар. Ёстой л өнөөх “Морьтой ч болоосой” гэдэг шиг юм боллоо. Гэхдээ киноны үйл явдлаас эсрэгээрээ. Морьтнууд түрүүлж, машинтнууд хожигдлоо. Жаахан хэтийдүүхэн хэлсэн хүнд “Зам гэдэг там юм”. Бөөн намаг, шалбааг. Машины гупер цохих хэртэй усаар туучина. Тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад нарын туршлагатай хэд нь ажрахгүй. Аялалд анх удаа явж буй нэг нь л жаахан эмээнгүй. Хаана очиж шавар ухах бол гэсэн битүүхэн айдастай. Гэсэн ч бид сурцтай жолооч, сайн машины хүчээр зорьсон газраа саадгүй очлоо. Б.Хашмаргад даргын ярихнээ зарим үед зам үүнээс ч хэцүү болчихдог гэнэ. Тэрээр бартаатай замд баараггүй нь дээр гээд хувийнхаа машинаар гарсан байж.
Морин аяллын эхлэх цэгт ирэх богинохон замыг туулахдаа бид сойр, гөрөөс харлаа. Унаагаа юүлж, машинаа мориор солих газарт очиход байгаль хамгаалагчид бүгд цөөн хэдэн модтой уул руу хараад зогсчихож. Тэд гараараа заах аж. Учрыг тодруулбал, бодон гахай явж байна гэнэ. Дурангаар нүд хийж бөв бөөрөнхий хар бодон нэг модны араас гарч нөгөө мод руу гүйхийг сая л нэг харлаа.
Бодон гахай харж хэсэг шуугилдсаны дараа байгаль хамгаалагч дөрвөн залуутай нэр усаа мэдэлцэж, танилцав. Д.Батжаргал, У.Аварга, С.Сосорбарам, Б.Энхболд нар бидэнтэй хамт аялах юм байна. Тэд бидэнд унах морийг оноож өглөө. Уг нь бидний саналыг асуусан боловч тус бүрт нь нэг, нэг морь оноож өгөөд хөтлүүллээ. Хүнд биетэй нэгэнд чадал сайтайг, сайн унадаг бол хөнгөн хөлтэйг нь, амьдралдаа гучин минут морь унаж үзсэн эмэгтэйд хамгийн номхон, өөр нэгэнд захиалга ёсоор хамгийн зөөлөн зузаан дэвсэгтэй эмээл тохсон морь гэх мэтээр хуваарилж өглөө.
ГУРВАН ЦАГИЙН МОРИН АЯЛАЛ ТАРВАГАТАЙН ДЭВСЭГТ ХҮРГЭВ
Жолооч ах отог манаж үлдэхээр боллоо. Үерлээд эргээ хальж байгаа голын уснаас загас барих нь худлаа ч эзгүй хээр үлдэж байгаа эр хүнд “хань” болгож уурга, дэгээ үлдээлээ. Машинаар сэгсчүүлж очсон бидэнд морины нуруун дээр гарч аясаар нь алхуулж, боломж олдвол цогиулах, хэт давраад таваргах сайхан байлаа. Хотын амьдрал, түгжрээтэй замд машины цонхоор агаар амьсгалахтай зүйрлэх юм даанч үгүй. Шавар намаг ихтэй энэ хангайд нутаглах айлын бараа алга. Хэзээнээсээ нутаглаж байгаагүй. Энэ бүхнийг харж явахад Эзэн Богд Чингис хааны “Үүнээс цааш газар үгүй” гэх алдартай үг өөрийн эрхгүй санагдлаа. Өмнө нь энэ үгийг дэлхийг дайлаар мордсон монгол эрсийн аян дайн их далай, тэнгисийн эрэгт тулаад зогсох үед хэлсэн болов уу гэж боддог байсан. Харин өдгөө Босго тэнгэрийн даваан дээр зогсч байхдаа хэлсэн юм биш байгаа гэж хийсвэрлэв. Тэр аугаа хүн холын нутгийн тэнгисээс сүрдэхдээ биш төрсөн нутгийнхаа их хайрхан Бурхан Халдун уулаа дархлан хамгаалж, зөвхөн алсаас сүсэглэн залбирахыг ард олонд зарлигдахдаа ийн хэлсэн байж болох.
Шигүү ургасан бут сөөгний дундуур, унаж хөндөлдсөн унаанги дээгүүр, голын оргилоос эх авсан горхины хажуугаар, тэртээд цэнхэртэх тэнгэрийг ажиж, халуу шатах нарыг үүлний цаагуур зурс орох зуур амсхийн явсаар л. Өглөө биднийг отгоос гарахад тэнгэр бүүдгэр байсан. Цаг агаарын мэдээгээр бол бороотой гэсэн. Харин одоо бид нарны төөнөсөн элчинд халууцаж явна. Тэнгэр хангай биднийг ивээж, машинаар бус морин аяллыг маань сайшааж гэж билэгдлээ. Морин аялал гурван цаг үргэлжилсний эцэст бид зорьсон газар, Тарвагатай дэвсэг дээр гарлаа. Уулын таг дээр гарахад тээр доор их мөрөн дэлгэсэн хадаг шиг цэнхэртэнэ. Бурхан Халдун уулын өврөөс Хэрлэн мөрөн эх авч, тун ойрхон газар Онон мөрөн мянган булаг цуглуулдаг гэнэ. Уулын баруун суганаас урсах уулын бяцхан горхинуудын аль нэг нь Туул голын эх ундарга болдог. Дэлхийн усны томоохон хагалбар болох гурван голын эхэн ингэж бүрддэг ажээ. Энэ хагалбарын Хэрлэн гол Хятадын Далай нуурыг тэжээж, Онон гол Оросын Амар мөрний цутгал болж, Туул гол Монголын хүн амын талыг ундаалдаг гээд та бод доо. Хянганы уулсын цасан нөмрөг хайлах яагаа ч үгүй байна.
Тэртээд дүнхийх Бурхан Халдун хайрханы сүрлэг барааг харлаа. Амьсгаа даран, залбирлаа. Энэ агшны төлөө бид зорьсон. Хайрханы хажууд Маарч, Түшиг уулс тахилгат хайрханы сүрд дарагдангуй зэрэгцэнэ. Түүхийн нэгэн үед дэлхийг байлдан дагуулсан гүрэн Их Монгол, Эзэн Богд Чингис хааны хувь тавилангийн эхлэл “цатгалан могой” шургахад бэрх их хөвчөөр өвч бүрхэгдсэн Бурхан Халдун ууланд эхэлсэн гэхээр сүрдмээр. Их хааны маань язгуур угсаа дээд тэнгэрээс заяатай төрсөн Бөртэ Чино, гэргий Гуа Маралын хамт тэнгис далайг гатлан Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж Батцагаан хөвгүүнийг төрүүлжээ гэж энэ түүх эхэлдэг.
Өнөө цагт тэнд Чингис хаан ташуураа гээсэн, цэргээ үлдээсэн, морио усалсан гэх сүүмэлзэх төдий домог үнэн мэт түгж аялал жуулчлалын орд, мөнгөний эх уурхай болсон нь олон. Харин бидний өдгөө зураглан байгаа их хайрханы тухайд “Мэргэдийн цэргүүд Тэмүүжиний хойноос өвсний налархайгаар мөр мөшгиж, Бурхан Халдун өөд гарав”, “Тэмүүжинг нэхэж Бурхан Халдунг гурав тойрон нэгживч олсонгүй”, “Тэмүүжин Бурхан Халдунаас бууж, өвчүүгээ дэлдэж залбиран өгүүлрүүн” гэхчлэн өгүүлжээ. Энэ аглаг хөвч, энэ арын хайрхан Монголын түүхийн нэгэн гайхамшигт хөвүүнийг өвчүүндээ нууж, өстнөөс хамгаалж, өргөн залбирах тахилгат хайрхан болсон түүхтэй. Нууц товчоонд нэгэнтээ “Жамух хэлүүлсэн нь Тоорил хан ах мордож, Бурхан Халдуны өврөөр Тэмүжин андыг дайрч аваад … ирэгтүн” гэжээ. Их хайрхан анд нөхдийн урвалтыг ч тольдон байжээ.
ОЛНЫ ҮЙЛС БҮТЭЭСЭЙ ГЭЖ ЗАЛБИРЛАА
Нутгийн иргэд 1992 онд санаачлан хайрхан уулаа тахих заншлыг сэргээсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 1995 онд зарлиг гаргаж Бурхан Халдун уул төрийн тахилгат болж, их хар сүлдээн цэнгүүлэх их цэнгэлээ дахин эдэлж эхэлжээ. Төрийн ёслол, хүндэтгэлийг дагаад саар үр дагавар гарч эхэлсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган дээд овоон дээр гарч тойрч гороолохыг болиулжээ. Тэр ёсоор бурханч лам Г.Пүрэвбат санаачлан бэлд нь шинээр овоо босгосон юм.
Бурхан Халдун уулын оройд их хэмжээний чулуу асгасан тогтоц нь бунхан барьсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Чухам үүнээс л их хааны бунхан шарил байж болзошгүй гэсэн үнэм¬шил төрдөг гэнэ. Нутгийн хүмүүсийн ам дамжсан яриагаар Бурхан Халдун уулын оройд гарсны дараа “нэг юм” заавал болдог гэнэ. Тэгдэг байвал сайн л байна, яадгийм. Уул бүхний зулайд гишгэлж, бусдаас дээгүүр хийморь лундаатай боллоо гэсэн аминчхан үзэлтэй хувиа хичээгчдийг цэнгүүлэх л гэж өвөг дээдэс цусаа урсгаж энэ Монголыг хамгаалаагүй, өглөө бүхэн ээжүүд сүүгээ өргөж залбирдаггүй.
Тахилга, шүтлэг заримдаа хэрээс хэтэрч, “Сайн байна уу гэсэн биш гай болов” гэдэг шиг зүйл болдог гэнэ. Овоо хангайгаа утаж байна гээд цайн дээр арц уугиулаад орхисон нь гал болж хавь ойрыг түймэрдэнэ. Босго тэнгэрийн овоог нь хаа газрын бөө зайран ирсэн юм бүү мэд, улаан даавуугаар зад ороочихсон байх юм. Тарвагатайн уулан дээрээс харж суухад Бурхан Халдуны байгалийн онгон тансаг бүрдсэн бүхнийг энэ янзаар нь эцэг өвгөдөөсөө хүлээгээд авсан шигээ үр хойчдоо өвлүүлээд өгчих арга ухаан байгаа болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Дэлхийн соёлын их өвд бүртгүүлж, энэ их хайрханаа гагц монголчууд хайрлах төдийгүй хүн төрөлхтний их соёл, байгалийн ариун дагшин газар байлгахыг зорьж байгаа олны үйлс төд удалгүй бүтээсэй билээ гэж залбирлаа. Онгон хайрхан, дагшин байгалиа хамгаалахын тулд морин аяллыг санал болгосон төрийн сайдын тушаалыг ягштал биелүүлэх болтугай.