Д.БОЛОРМАА
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөрдөх албаны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьлаа. Мөрдөх алба байгуулах шалтгаан нь юунд байна вэ?
-Олон нийт хууль зүйн шинэтгэлийн хүрээнд хийж байгаа хуулийн төслүүдийг анхааран сонирхож байх шиг байна. Ялангуяа Мөрдөх албаны тухай хууль нь ямар утга учиртай юм. Ийм албыг байгуулах ямар хэрэг байгаа юм бол гэсэн асуулт байгаа байх. Мөрдөх алба бол гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага юм. Тодруулбал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан үүрэг бүхий хууль сахиулах бие даасан байгууллага байна. Иргэд “Цагдаагийн байгууллага чинь мөрдөн байцаах газартай. Энэ газар нь Мөрдөх алба гэдэг нэртэй болоод салах нь” гэж ойлгож магадгүй. Тэгвэл тийм биш. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд олон гэмт хэрэг бий. Хуульд заасан гэмт хэрэг дотроос цагдаагийн байгууллагад харъяалуулсан нь 200 гаруй гэмт хэрэг байдаг. Энэ 200 гаруй гэмт хэргийн дийлэнх хувийг эзлэх иргэдийн өмчийн эсрэг гэмт хэргээс эхлээд бусдыг зодож биед нь гэмтэл учруулах зэрэг хүч хэрэглэсэн, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгана. Харин шалгахад хүндрэлтэй, тусгай мэргэжил мэдлэг шаарддаг, тусгай лаборитариас эхлээд мэргэшсэн байгууллага байхыг шаардаж байдаг гэмт хэргүүд байна. Тэр нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд юм. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын харъяаллын гэмт хэргээс 30 гаруй хувь нь хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг үндэстэн дамнасан, зохион байгууллалттай шинжтэй, гол төлөв нууц далд аргаар үйлддэг манай улсын хувьд шинэ төрлийн гэмт хэргүүд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлддэг гэмт хэрэг их болсон. Ялангуяа, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх арга улам нарийсч, үндэстэн дамнасан шинжтэй болж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүргэж байгаа юм. Дээрээс нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагуудын чиг үүрэг тус тусдаа, гэмт хэрэгтэй тэмцэх боломж хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсаар байна. Иймд цаашид шинэ төвшинд шинэ арга барил, шинэ бодлогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа учраас бие даасан байгууллагыг байгуулах шаардлага байна.
-Мөрдөх алба гэж хөрөнгө мөнгө, хүч зарцуулж байхаар Улсын мөрдөн байцаах газраа чадавхжуулж болоогүй юм уу?
-Зарим хүмүүс Хууль зүйн сайд нь харъяа агентлагийнхаа тоог нэмж байна гэж ойлгож болох юм. Тэгвэл үгүй. Зарим хүн мөрдөх алба нь холбооны улсад байх ёстой. Манайх шиг нэгдмэл улсад шаардлагагүй гэх нь бий. Энэ бол зөвхөн холбооны улсад байдаг, нэгдмэл улсад байхгүй гэх зүйл байхгүй. Мөрдөх алба байгуулахын шалтгаан юу байв гэдэг нь хамгийн гол асуудал. Нууц далд аргаар үйлддэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад төдийлөн ирдэггүй. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжээс ийм төрлийн гэмт хэргийн тухай мэдээлэл ирдэггүй. Үүнийг зөвхөн гүйцэтгэх ажлын арга, хэрэгслээр илрүүлдэг. Урьдчилан мөрдөн шалгаж, гэмт хэргийн шинж байна уу гэдгийг эрэл хайгуул хийж байж олдог гэсэн үг. Хүч, хүн шаарддаг хэрэг. Гэхдээ манай цагдаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж ололт амжилт олсон зүйл олон бий. Үүнийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын ажилтнууд байгаа хэмжээндээ энэ төрлийн хэргийг илрүүлж ирсэн, одоо ч илрүүлж байна. Хамгийн гол нь зүй тогтол, хууль зүйн цогц утгаар нь авч үзвэл хууль сахиулах байгууллагын орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг л бий болгох зорилготой. Гэмт хэргийн гаралт санаа зовоодоггүй, үндэстэн дамнасан гэмт хэрэг гардаггүй байсан бол Мөрдөх алба байгуулах шаардлагагүй. Байгаа учраас ч хүн, хүч өгч тэмцэх шаардлага тулгарч байгаа юм. Би түрүүн хэлсэн дээ. Далд үйлддэг гэмт хэргийн тухай мэдээлэл ирдэггүй гэж. Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах зэрэг гэмт хэргийн мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөр тутам ирдэг. Далд үйлддэг гэмт хэргийг өвчнөөр зүйрлэвэл илэрдэггүй далд вирус гэсэн үг.
-Мөрдөх албаны хуулийн төслөөс гадна хууль сахиулах байгууллага хэмээх бүтэц байгуулж байна. Өмнө нь цагдаа цэргийн байгууллага уу эсвэл хуульч уу гэдэг нь тодорхойгүй байлаа. Энэ ойлголтыг нэг тийш нь болгох нь ээ?
-Хууль сахиулах байгууллагын тухай ярихаар хуульч, хууль сахиулагч гэдгийг холих нь өнөөг хүртэл хэвээр байна. Цагдааг цэргийн байгууллага гэж бас андуурна. Эсвэл хуульч юм байна гэнэ. Хуулийг сахиулна гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө бусдын эрх ашгийг хөндүүлэхгүй байх, нийтийн эрх ашгийг хөндөөд байгаа, хор хохирол учруулаад байгаа тохиолдлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд албадан сахиулах эрхтэй, албадахгүй ч сахиулна. Тийм учраас хууль сахиулах байгууллага гэж тусдаа байх ёстой. Цагдаагийн байгууллагыг хууль сахиулах байгууллагын гол төлөөлөл гэж олон улсын хууль сахиулах байгууллагын төвшинд авч үздэг. Шаардлагатай тусгай хэрэгслийг хэрэглэж номхруулах, эсэргүүцлийг зогсоох, бусдын амь бие, эрүүл мэндийг хамгаалах эрхтэй. Энэ бол хууль сахиулах байгууллагад байх эрх. Мөн гэмт хэргийн учир шалтгааныг тогтоох, гэмт этгээдийг баривчлах, гэмт хэргийг илрүүлэх мөрдөх шалгах ажиллагааг явуулах эрх, үүрэгтэй. Харин хуульч гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн тухайн этгээдийн гэм бурууг шийдэхэд оролцож буй хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгдөг хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч, прокурор, шүүгчид хуульч гэсэн үг. Хуульч, хууль сахиулагч хоёр бол ялгаатай. Энэ утгаар нь аваад үзвэл Мөрдөх алба нь хууль сахиулах байгууллагын гол төлөөлөл болно. Гэхдээ чиг үүрэг нь тодорхой, илүү чадварлаг алба байх ёстой.
-Энэ хууль батлагдсанаар хууль сахиулагчдын гүйцэтгэх ажил үүрэг тодорхой болох уу. Одоо бол цагдаа баривчлах эрхтэй гэж заасан атлаа яг яаж баривчлах тухай заагаагүй гэдэг?
-Хууль сахиулагчид нь хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй байна. Энэ чиг үүргийг нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хуулиар тогтооно. Харин ямар чиг үүрэгтэй байгууллага байх вэ гэдэг асуулт цагдаагийн байгууллага, мөрдөх алба, маршалын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тус тусын хуулиар тодорхой болно. Өөрөөр хэлбэл, тус бүрд нь салбарынх нь онцлогийг тусгасан хуулиар зохицуулна. Одоо үйлчилж байгаа хуулиар цагдаа баривчлах эрхтэй л гэдэг. Тэгвэл яаж баривчлах тухай тодорхой заалт байдаггүй. Харин Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар хуульч буюу шүүгчийн зөвшөөрөлтэйгээр хийх ажиллагаа бас зөвшөөрөлгүй хийх ажиллагаа гэж зааглана. Одоо бол энэ процессыг нарийн заагаагүй учраас хууль сахиулагч өөрийн үзэмж, дур, хувийн байдлаар хуулийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. Тодруулбал, гэмт хэргийг мөрдөх, зөрчлийг шалгах, нийгмийн хэв журам сахиулах, дотоод аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй субьект болох цагдаа, ял эдлүүлэх, хил хамгаалах, онцгой байдал, харьяатын албаны алба хаагчийн тус тусын хуульд давхардсан эрх, үүргийг нэг мөр болгоно. Мөн үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг зэвсэгт хүчин зэрэг хүчний байгууллагаас ялган салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэн зохицуулах учиртай. Тэгэхээр цагдаагийн алба хаагч хууль сахиулагч болохын хувьд нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль сахиулах үйл ажиллагааны хүрээнд л ажиллана.