Б.ЭНХЗАЯА

Сүү, сүүн бүтээг­дэхүүнийг хамгийн ихээр хэрэглэдэг ард түмэн бол монголчууд. Ялангуяа сүүтэй цайг өдөр тутамдаа хэрэглэдэг. Гэтэл энэхүү хэрэгцээг хангадаг фермерүүд сүүлийн жилүүдэд нэлээд бухимдалтай байх болжээ. Нийслэлийн нэг сая гаруй хүн амын сүүний хэрэгцээг хангадаг 5000 гаруй фермер байдаг аж. Тэднээс сүүг нь томоохон компаниуд худалдан авч, нийслэлийн хэрэглэгчдэд савлан хүргэнэ. Компаниуд литр тутмыг нь зуны улиралд 300, өвлийн улиралд 800 төгрөгөөр худалдан авдаг болсон гэнэ. Энэ үйл явц сүүлийн жилүүдэд фермерүүдийн амьдралд сөргөөр нөлөөлөх болжээ. Фермерүүд өчигдөр “Амьд сүү хэрэглэж, хуурай сүүний импортыг зогсооё”, “Сүүний фермерийг бодитойгоор дэмжье” зэрэг уриа лоозон барьж, тайван жагсаал хийв. Нийслэлийн орчимд “Гачуурт”, “Борнуур”, “Рашаант” гэх мэтчилэн сүү үйлдвэрлэгч олон арван холбоо бий. Тэднээс үндэсний томоохон компаниуд болох “Сүү” хувьцаат компани, “Мон сүү”, “Монфрэш” зэрэг олон арван компани сүүг нь худалдан авдаг. Компаниуд ирэх сараас сүүний литр тутмыг 300 төгрөгөөр худалдан авах болсноо мэдэгджээ. Өмнөх жилүүдэд 500 төгрөгөөс буулгахгүй гэдгээ мэдэгдэж байсан гэнэ. Энэ байдлыг эсэргүүцсэн саальчид цэвэр сүүгээ тэнгэрт өргөж, сүү өргөх ёслол үйлдэв.

Жагсаал зохион байгуулагчид хуурай сүүний импортыг зогсоохыг хүсч буйгаа илэрхийллээ. Хуурай сүү оруулж ирэхийг зогсоовол, сүүгээ зарж чадахгүй байгаа олон мянган малчинд боломж олдох гэнэ. Ингэснээр нийт хүн амын 20 орчим хувийг малын сүү хангаж байна гэдэг ч сүү өгч байгаа бүх хүний сүүг авбал энэ тоо 50 хувьд хүрэх боломжтойг дуулгав. Тиймээс Монголын сүүний нэгдсэн холбооноос төрийн гурван өндөрлөг болон нийслэлийн Засаг дарга, ШӨХТГ-т шаардлага хүргүүлж буй аж. Тэдний хэлж буйгаар сүүг литр тутамд 1050 төгрөгөөр худалдаалах боломжтой гэнэ. Монгол Улсад сүүний зургаан том үйлдвэр, 115 жижиг үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний сүү боловсруулах ажиллагааг томъёолбол, фермээс 300 төгрөгөөр авна, боловсруулах үйлдвэр хүртэлх зардал 50 төгрөг, боловсруулах зардал 500 төгрөг, үйлдвэрээс дэлгүүр хүртэл 100 төгрөг. Дэлгүүр 200 төгрөгөөр нэмж зарна. Ингээд үйлд­вэрийн ашиг нь 650 төгрөг гэнэ. Харин фермерүүд дунджаар литр тутамд 753 төгрөг зардаг аж.

Фермерүүдийг төлөөлж, Нарийний хэсгийн ахлагч Б.Болормаа ийнхүү ярив.

 

Б.Болормаа:

ЦЭВЭР СҮҮ ГЭЖ СУРТАЛЧЛДАГ Ч БҮГД ХУУРАЙ СҮҮНИЙ ХОЛЬЦТОЙ

 

-Танай хэсэг хэр хэмжээний сүүг худалдаалж байна вэ?

-Манай хэсэг 170 өрхтэй. Өдөрт “Мон сүү”-д таван тонн, “Сүү” хувьцаат компанид 15 тонн сүү худалдаалдаг.

-Сүүний фермерүүдийн эрх зөрчигдөж байгааг хэлж байна. Танайхны хувьд энэ байдал ямар байна вэ?

-Фермер эрхэлж байгаа хүмүүс амьдрах боломжгүй боллоо. Монголд 300 төгрөгийн үнэтэй бараа ховор. Гэтэл бид хамгийн хэрэгцээтэй зүйлээ 300 төгрөгөөр үнэлээд сууж байна. Энэ нь фермерүүдийн амьдралд хүндээр тус байна.

-Та бүхний гар дээрээс 300 төгрөгөөр авсан сүү иргэдийн гар дээр 1800 төгрөгөөр ирдэг шүү дээ?

-Хамгийн гол нь ингэж дамлаж болохгүй. Сүүний үйлдвэрүүд бидний хөдөлмөрийг ч мөлжиж байна, ард иргэдийг ч хохироож байна. Бидний маллаж буй мал бүгд тэжээвэр. Зуны хэдхэн сард бэлчээрлээд л, тэжээж эхэлдэг. Боодол өвсийг 3500-4000 төгрөг, нэг тонн тэжээл нь 200 гаруй мянган төгрөг. 20, 30 тонн тэжээл, хоёр гурван мянган боодол өвс хэрэглэнэ. Маш их зардал гардаг хэрнээ ашиг тусаа өгөхгүй байна. Сүүний үйлдвэрүүд фермерүүд ядрааж гүйцлээ. Энэ асуудлыг нэг тийш зохицуулах цаг болсон.

-Та бүхэн бас хуурай сүүний импортыг зогсооё гэж байна?

-Компаниуд хуурай сүүгүй болчихвол үйл ажиллагаа нь зогсоно гээд байдаг. Үгүй юм.  Бидний ард Монголын олон мянган малчин сүүгээ өгч чадахгүй байгаа. Сүүгээ зарж амьдаръя гэсэн ард иргэд олон. Ард иргэдийг хангах хэмжээний нөөц бий. Сүүний үйлдвэрүүд өөртөө ашигтай гэрээ хийчихсэн. Эцсийн эцэст бид сүүний үйлдвэрийн зарц болчихоод байна.

-Компаниудыг шингэн сүүг хуурай сүүтэй хольдог гэдэг. Фермерүүдийн хувьд энэ байдал хэр бодит вэ?

-Бид байнга цэвэр сүү ууж байгаа хүмүүс.Нийслэлийн айлуудын цайг ууж үзэхээр цул хуурай сүүгээр сүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, томоохон компаниуд цэвэр үнээний сүү гэж сурталчлаад байгаа ч хуурай сүүнийх. “Цэвэр” сүү, “Милко” сүү, “Өүлэн эх” ч хуурай. Ийм шударга бус явдлаас болж залуу малчид энэ ажлаас няцаж малаа зарж, хот бараадаж эхэллээ. Гэтэл компаниуд гэрээг дагавал дага, эсвэл боль гэж дарамталдаг.