Д.МЯГМАР

Чингнэлтэй хайр­ханыг бараадан буусан хотын айлуудын хаяа тэлсээр нэг л мэдэхэд уул өөд өгсчээ. Жалга, судгийг үл тоон байшин босгож, гэрээ дугуйлж айлуудын хашаа талаар нэг цэлийжээ. Энэ бол Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг. Хорт утаа, хөрсний бохирдлын голомтыг дарж устгахаар гэр хорооллын айлуудыг нүүлгэн суурин дээр нь орчин үеийн бичил хот барихын тулд шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг өчигдөр эхлүүллээ.Энэ хэрээр гэр хорооллын гудамжаар нэг тардаг хог, үнс, угаадас зэрэг олон асуудлаас байдлаас бага ч гэсэн  салах цаг хаяанд иржээ. Барилга, хот бай­гуулалтын яам, Нийс­лэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар энэ ажилд хяналт тавьж, батлагдсан зураг төслийг ягштал мөрдүүлэх гэнэ. Нээлтийн үеэр шинэ Улаанбаатарыг байгуулахаар зориг гарган ажиллахаар ирсэн компаниуддаа хотын удирдлага талархал илэрхийлнэ лээ.

Олны мэдэхээр хэмээн хүндэтгэн эл газрыг 72 дугаар сургуулийн орчим хэмээн нэршиж баримжаалдаг аж. Хөрөнгө чинээ, хүн хүч тааруу дотоодын компаниуд гэр хорооллын газрыг цэмцийлгээд оронд нь орон сууц, сургууль, цэцэрлэг барьчих чадал, бяр алга. Арга ядахдаа хотын дарга Э.Бат-Үүл “Та минь, энэ газарт орон сууц барьж тус бол. Дараа нь хот та бүхнийг ямар нэг байдлаар дэмжиж, харж үзнэ” хэмээн бараг л уйлах нь холгүй явсан гэдэг. Хотын захирагчаар гуйлгуулж, амлалт өгсний хүчинд 13, 15 дугаар хорооны нутаг хөгжлийг тэлэх эзэнтэй болов. “Асар-Өргөө”, “Буурал сутай” компанийн ажилчид зориглон бүтээн байгуулалт хийхээр ажилдаа орлоо. Тэнд оршин суугчдын 90 гаруй хувь нь бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх эсэх талаар хуралдаж 80 хувь нь хананаасаа халуун ус авч, паартай байшин, паалантай суултууртай орон сууцаар өнөөгийн нөхцлийг арилжих нь зүйтэй хэмээн гар өргөжээ.

Иргэд энэ ажлын талаар янз бүрийн санаа, бодолтой байв. “Манайх хашааны газраа боломжийн үнээр өгсөн. Хэдэн хүүхдээ гурван өрөө сууцтай болгох боломжийг яалаа гэж алдах вэ” хэмээн хэлэх хүн таарсан. Зарим нь “Манай  хашааны  нэг ам метр газрыг 70 мянган төгрөгөөр авна гэсэн яах вэ” хэмээн эргэлзэнгүй сууна. Ямартай ч галт тэрэг хөдөлсөн учраас нэг ч гэсэн айл яндангаар утаа саагуилахгүйгээр асуудлыг шийдэж байгаа нь хөгжлийн эхлэл, зорилт руу тэмүүлсэн алхам болж байна.

“Буурал сутай” болон “Асар-Өргөө” компанийн захирлууд хотын дарга нар, иргэдийн итгэлийг алдалгүй ажлыг чанартай, хугацаанд нь хийж өгөхөө амлалаа. Дээрх компаниуд айлуудын газрыг хангалттай үнэлж байгаа. Нэг айлын хашаа, байшинг 100 орчим сая төгрөгт дөхүүлж авч байгаа гэнэ. “Буурал сутай” компани гэхэд энэ удаа зургаан айлын гэрийн эзэнтэй тохиролцож газрыг нь чөлөөлж ажлаа ийн эхэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн байдал, газрын хэмжээ байрлалаас хамаараад зарим айлын газар 100 сая төгрөг давж ч болохоор байгаа гэсэн. Тэд барьсан орон сууцандаа газраа чөлөөлж тохиролцсон айлуудаа нүүлгэж оруулсан гэж байлаа. Суурьшлын айлууд голдуу амьдарч байсан газраа дассан, тиймээс тэндээ буцаж очиж амьдрана гэсэн бодолтой байдаг юм байна.

Энэ үеэр харамсалтай нэг зүйл ажиглагдсан нь хятад ажилчид байв. Монголчууд хөгжлийн төлөө хөрөнгө, хүчээ хаяхгүй бол хөрш улсын ажилчдын мөр гэр хорооллыг барилгажуулах талбайд гараад эхэлчихжээ. Хөгжлийн төлөө монголчууд энэ бүтээн  байгуулалтын ажлыг гололгүй, гуйлгалгүй оролцоосой.