М.ЦЭЦЭГ

 

Манай улс гадаадын зарим улсад Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг нээн ажиллуулахаар боллоо. Энэ тухай тогтоолыг УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар батлав. Үүнд, Индонезийн нийслэл Жакарта, Бразил улсын нийслэл Бразилиа, Афганистаны нийслэл Кабул хотод Монгол Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх юм байна. Мөн Түркийн Истанбул хот, Киргизийн нийслэл Бишкек хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар, Хятадын Хайлаар болон Солонгосын Пусан хотод Консулын газар нээж ажиллуулах ажээ. Энэ талаар зарим гишүүн Гадаад харилцааны сайдаас тодруулав.

М.Энхболд:

-Зардал төсөв, орон тооны хувьд ямар байх юм бэ, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг хэрхэн харж байгаа вэ, татварын орлого хангалтгүй байгаа энэ үед олон газар нээх гэх нь хэр зохимжтой юм бол. Истанбулаас бусад нь шаардлагагүй санагдаж байна.

Л.Болд:

-Яамны зүгээс цаашид хоёр талдаа Элчин сайдын яамыг харилцан нээх зарчмыг хэрэгжүүлнэ. Гадаад бодлогын чиглэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааны байдал зэргийг харгалзсан. Ирэх жилийн төсөвт дарамт учруулахгүйгээр яам өөрийн төсөв, орон тоонд зохицуулан шийдэх боломжтой.

О.Баасанхүү:

-Гадаад улсад суугаа консул нь тухайн оронд байгаа иргэдийнхээ төлөө илүү анхаарал тавьдаг байх ёстой, төсөв нь хэр байдаг юм. Бразилээс газар нутгийн хувьд илүү байршилтай Чилид Дипломат төлөөлөгчийн газар байж болохгүй юу?

Л.Болд:

-Гадаад харилцааны яам бол иргэн бүрийн гадаад яам байх ёстой. Иймээс иргэндээ шаардлагатай үед туслалцаа үзүүлэх нь нэн чухал юм. Харин төсөв хөрөнгө, хүн хүчний хувьд хангалттай биш байгаа. Бразилийн хувьд бүс нутагтаа тэргүүлэх орон. Харин Чилийн тухайд харилцан нээх асуудал одоогоор байхгүй. Гэхдээ зэсийн томоохон олборлогч орон учраас цаашид хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой.

Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав. Хуульд импортоор оруулж ирэх 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторхи шинэ автобус, троллейбусыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заав. Хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр боллоо.

Мөн  Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав. Түлш шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг импортлоход гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр боллоо. Хөрөнгө оруулалтын дүн хэмжээнд шууд нөлөөлдөг гааль, НӨАТ-ыг чөлөөлснөөр нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 10-15 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Ингэснээр гадаад до­тоодын хөрөнгө оруу­лалтыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх боломжтой гэж төсөл санаачлагч Засгийн газар үзжээ.

 Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг батлав. Ингэснээр импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.