С.САРУУЛ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтад 170 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1020 зөрчил илрүүлж, 126 зөрчил буюу 12.3 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар биелүүлэх албан шаардлага 138, мэдэгдэл 19, танилцуулга 21, ажиллагаа зогсоох тогтоол 7, дүгнэлт нэгийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн “Шунхлай Трейдинг” ХХК-ийн шатахуун түгээх станц 26 дугаар салбар, “Жаст-Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станц 8 дугаар салбар, “Петро Жамп” ХХК-ийн шатахуун түгээх станц 2 дугаар салбар, “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станц 28, 56 дугаар салбар, “Дашваанжил” ХХК-ийн автомашиныг хийгээр цэнэглэх станц 15 дугаар салбар, “Бадрал” ХХК-ийн шатахуун түгээх станц 1 дүгээр салбар зэрэг нийт долоон газрыг Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн хууль журмын дагуу 19 субьектыг 6 сая 12 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: www.polit.mn