Дашболхойн ДАМБАДАРЖАА
/Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, аймгийн алдарт уяач/
НЭГ… АДУУГАА МАГТАЖ ДУУЛАХГҮЙ ЮМ БОЛ
Айргаа яриад яадаг юм
Морьдоо сайшааж бичихгүй юм бол
Монгол гэж орилоод яах ч юм
…Адуу! Аавын минь өвлүүлсэн амьд “алт”. Энэ миний бичдэг, хэлдэг титэм үг. Адуугаа дагавал алзахгүй ээ гэж хөвгүүддээ сурганам. Аавынхаа байгаад хүнтэй танилцаж, агтныхаа бийд газар үз гэж зөвлөнөм. Энэ бол миний эцэг өвгөд, морьтон монголчуудын захиас үг. Их дэлхийн талыг дагуулж явсан эзэн Чингис хаан монгол мориороо ертөнцийг тамгалсан. Эмээлт морь эзнээ эрж ирдэг. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гээд бичээд байвал их цаг, их ч цаас хэрэгтэй гэж бодсоор. Эр биеийн хийморь сэргээсэн адууныхаа салхин дор үүр цайхыг харж хэвтээд “Адууны тэнгэр” гэж тэмдэглэлээ нэрлэлээ. Адуу янцгааж байна. Арслан дэлтэй “цол” хонгор азарга минь адуугаа эргүүлж явна. Нар наашилсаар. Унага тосох дэлхийд хавар, зун ирлээ. Наадам болж нас насны морьдоо бид уралдуулна.
…Дээлтэй эрчүүд нь барилддаг ч
Дийлсээр нэг нь түрүүлдэг
Дэлтэй азарганууд уралддаг ч
Дүүлсээр нэг нь торойдог
Эвэр нумаа татсаар
Эрхий мэргэн нь тодордог
Эх дэлхийд ганцхан
Эрийн гурван наадам Монгол гээд… дуулсаар, дурссаар явахад, уяхан замбуутивийн нар уяан дээрээс минь мандах шиг манхайн дээшилсээр ертөнцийг гийгүүлнэ.
Адуу үүрсэж байна
Адуу минь иржээ
Айраг шуугиж байна
Айлчид ирэх нь ээ гэж бодном. Мэргэн уншигч таны мэдлэгийн санд дусал нэмье.
ХОЁР… ХЭНТИЙН УЯАЧИД МАРГААШИЙН НААДАМД…
…Улсын наадам үүд “тогшоод” ирэх шиг ойртох тусам, ургах наран дорнын талаас сарьдаг Алтайн хязгаар хүртлэх уудам нутагт хэний морь түрүүлэх бол оо гэсэн яриа хөөрөө өрнөдгийг бид мэднэ. Энэ тухай өөрийн таньж мэддэг уяачдын морьдыг харж, тандан сонирхож мэдснээ дурсан хүүрнэх тэмдэглэлээ хурдан морьдын өлгий нутаг Хан Хэнтийгээс эхэллээ. Учир нь энд төрж өссөн эзэн нь Чингисийн унаган хүлэг, найман шарга морьд дэлхийд тоосоо үзүүлсэн түүхтэй. Ямартай ч Хан Хэнтийн морьд их хүлэгч Хар дэл жанжин бээс Пүрэвжавын уяснаар халх даяар алдраа дуурсгаж, Галшарын уяач Донойн Цэгмид Монголдоо анх алдарт уяач цол хүртэж байсан гээд яриад бичээд байвал түүх дуусахгүй. Тонн тонноор цаас хэрэглэх тул товчлон хасч одоо цагийн өнгө аясаас өнгөцхөн өгүүлье гэж бодлоо… Өнөөдөр Хэнтий нутагт хэнийх нь морьд хурдан байна вэ гээд асуувал УИХ-ын эрхэм гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд улсын алдарт уяач Гончигийн Содном, хурдан хул мориороо олныг шуугиулж байгаа Хан Хэнтийн уугуул “ЖО интернэшнл” компанийн ерөнхий захирал, аймгийн Засаг дарга Жагдагийн Оюунбаатар, Дархан сумын харьяат улсын алдарт уяач У.Буяндэлгэр, Дадал сумын Дарамрэнцэн, Дамдины Загдын Данзанпүрэв, Занданпүрэв “Гедро-Эко” компанийн захирал, гавьяат усжуулагч, уяач Ц.Балдандорж, Хамгаалах урлагийн “Канку” компанийн ерөнхий захирал Гомбогэрэл мөн сумын уугуул аймгийн алдарт уяач Жигмэдийн Ганцог, түүний хүү Болдням гээд хөхрөн цэнхэртэх Агац Онон-Балж-Хэрлэн голын уяачид Бурхан Халдуныхаа хормой бэлээр олондоо олон. Морьд нь хурдан байна.

Тиймээ.
Хан Хэнтий нутгаас халх даяар нэрд гарсан “Бажаа улаан” азарганы түүхээс өгүүлье.
Хэнтий аймаг хурдан морьдоороо зартай, цуутайг уяачид мэднэ. Эндхийн алдарт хурдуудтай тоосоо өргөж, шүдлэн насандаа “Бажаа улаан” Хан Хэнтийн өвөрт, Хэрлэн голын эрэгт болдог аймгийнхаа их наадамд түрүүлснээр нэр алдар нь цуурайтсан билээ. Энэ азарга хязаалан, соёолон, долоон настайдаа аймгийн наадамд түрүүлж найман настайдаа гурвалсан бол есөн настайдаа Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор улсын их баяр наадамд уригдан ирж, 400 гаруй азарга уралдахад айрагдсан түүхтэй.
Ардын хувьсгалын 50 жилийн ойн их баяр наадамд Хэнтий аймгийн Галшар сумын Дашийн Банзрагчийн хар саарал азарганы дараа орж байсан “Бажаа улаан” арван настайдаа аймагтаа уралдаж түрүүлсэн юм.
“Бажаа улаан” гэдэг нэрээр Хан Хэнтий төдийгүй халх даяар алдаршсан энэ азарга таван удаа түрүүлж, гурав айрагдсан гэдэг. Энэ азарганы нэг онцлог шинж гэвэл хурдны морь уяж байх үед үе үе тохиолддог усархаг хүйтэн бороотой өдөр уяан дээр байсан морьд цөм уруугаа харан бөмбөлзтөл чичирч байхад “Бажаа улаан” хүйтэн бороо сөрж, нүдээ үл мэдэг анин, дөрвөн хөл дээрээ бат зогсч, унтаж амарч байна уу даа гэмээр гайхалтай сайхан амгалан зогсдог байсан гэж Хэнтийн уяачид ярилцаж байна. Түүний угшлын хурдан азарга морьдоо аймгийнхаа түүхт 90 жил, улсынхаа наадам уралдуулахаар уяж байна.
ГУРАВ… НААДАМ ЗҮҮДЛЭХ ЦАГААР!
Шинэ залуу уяачдад зөвлөхөд
…Адууны хаан азарганууд
Агаар цалгитал янцгаан…
…Хазаартай арслан гэлтэй
Ханагар , ханхар азарганууд
Монгол гэсэн нэрийг дуурсгаж, эзэн уяачид нь дэлхий ертөнцийг халиан дурандаж сууна. Энэ бол морьтон монголчуудын бахархал. Адуугаа өсгөсний маань ая буян. Бидний өвөг дээдэс адуугаа хайрлахыг эрхэмлэж, азаргаа илүүтэйд үздэг байжээ.
…Азарганаасаа оролдвол адуугүй болно!
Адуу азаргагүй бол сүрэг бүрдүүлж чадахгүй
Гэхчлэн сурган зөвлөж байсан нь судар түүхийн хуудаснаас тодхон харагддаг юм.
…Эзэн богд Чингис хаан хүлэг морьд
Их дэлхийг доргион тоосруулж
Хөгшин Европын чулуун байшингийн үүдэнд
Хөлсөө цэлмээн үүрсэж байсан цаг бий
Энэ бол монгол мордын гайхамшиг
Аавын үг үнэтэй
…Аавынхаа сургаалын сонсдог эртний сайхан уламжлал бидэнд байдаг. Аав адуугаа мэддэг, азаргаа таньж, ямар үрээгээр азарга тавихаа ч мэддэг. Удам сайнтай азарга, гүүний гуч гаруй шинж бүрдсэн үрээ сонгон авч сүү амсуулаад, толгой, дэл, хондлойг нь сүүгээр мялааж, үр төл олонтой, түмэн сүргийн минь манлай болоорой гээд азарга болгодог. Ингэж тавьсан азаргандаа үрээ насанд нь олон унагалсан хоёроос илүүгүй гүү тавьж хураалган, омгыг нь дарж “хорыг” нь гаргавал сайн гэж үздэг ажээ. Азарга шинжих тухай эртний сударт өгүүлснээс үзвэл толгой хатангирдуу, магнай тэнэгэр, хөмсөг их, зовхны дотор 56 сахал ургасан, шүдлэн насанд нь чанга гуядахад шарвадаг, чих нь богино, гэдэс их, хоёр сугандаа нэвт эргүүлэгтэй, ганцаар явахад бүдрэмтгий, дуу нь тод, бөгсөн тал нь хатангирдуу, салтаа агуу том, ам хатуу байвал сайн гэжээ.
АЗАРГАА ШҮТДЭГ УЛАМЖЛАЛ
…Цагаан сарын шинийн нэгэнд гэрийнхээ зүүн урд наран ургах зүгт чулуун овоо босгож оройд нь нарийхан бургас “залам” хатгадаг. Тэр бургас “залмандаа” азарганыхаа дэлнээс зүүж уяад олон хурдан үр төл унага гуйж мөргөдөг уламжлалтай байжээ. Энэ нь азаргаа нартай зүйрлэн адилтгаж байсаны шинж гэж судлаачид үздэг. Хавар азарга гүү гишгэх үед тариа будаа цацаж, олон төлтэй болохыг бэлэгшээн азарганыхаа дүрс зурж, сийлбэрлэхийн дээр мөнгөөр цутгуулан хийлгэж гэрийнхээ хойморт тавьж шүтдэг байж. Шинээр азарга тавьсан үрээндээ сүү далайн усыг ууж, сүмбэр уулын өвс идэж мянганы манлай, түмний түрүү болоорой гэж ерөөгөөд арцаар сан тавьж ариулдаг байжээ. Мөн шинээр азарга тавихдаа адууныхаа цус холдуулахын тулд, холоос азарган үрээ авч тавихыг чухалчилдаг, тэхдээ бар, луу, морь, гахай гэсэн хатуу жилтэй үрээ сонгох нь гол гэдгийг анхааруулдаг байж. Удам сайтай азарганд сайн гүүгээ хураалгаж хурдан унага авдаг бол, удахм сайтай гүүг жирийн азарганд хураалгаж хурдан төл авсан тохиолдол цөөнгүй байдаг юм. Энэ нь адуу эх талаа дагадаг гэсэн эртний өвгөдийн үнэн үгэтэй холбоотой.
…Ангаалж хөөсөн чононоос
Адуугаа хамгаалсан “сум”
Алтан магнайдаа тоосгүй
Адууны “хаан” азаргаа хамгаалцгаая! Уяачид аа!
…Азарганд! Агуу сайхан урт дэл хэрэгтэй. Араатны хаан арслангийнх шиг дэл азарганд байхгүй бол чонын бэлтрэг азаргыг чинь даапаалж, унага даагыг чинь шоглон түүх гэж оролдоно. Азарга дэлгүй бол гүүний ороо мууддаг гэсэн өвгөдийн үг байдаг.
АДУУНЫ ТЭНГЭР
Адууны тэнгэр өндөр хишиг буян нь ихээ гэж өвгөд сургажээ. Тэр сайхан чанараараа азарга, морьд уяач эздээ баярлуулж ,урт наслуулж байна. Тиймээс би адуу морьдоо харж суухдаа
Энэ Монголын сүлд хийморь
Эр хүн-эмээлт моринд байна
Сэтгэл санаа гижигдэж “дууддаг”
Сайхан морьд минь наадмын чимэг…
Морьдын өлгий минь
Монголын газар
Морьдын маань туурай
Монгол нударга гэж бичсэн богинохон шүлгүүдээ “Адууны тэнгэр” тэмдэглэлдээ оруулъя гэж бодлоо. Тийм ээ. Адуу хотоо тойроод хэвтдэг хонь биш ээ. Холын уулсын оргил харж, хаа холоос нутгаа зорьдог хийморьтой ажнай.
Айраг нь “амьд” рашаан
Азаргаа магтан дуулахгүй юм бол
Айргаа яриад яах юм
Азаргатай бол гүүтэй
Гүүтэй бол унагатай
Айрагтай байдаг уяач айлын уламжлалт ёс. Айргын аяга хуланд цай ууж болохгүй гүү хусарч, сувайрна гэж өвгөд захижээ. Айргийн бүрэлдэхүүнд хүний биед чухал амин дэм болох 20-иод эмийн хүчил 2.2 хувийн тослог байдаг болох нь нотлогдсон тул хүний бие махбодид онцгой ач холбогдолтой гэдгийг эмнэлгийн шинжлэх ухаан аль эрт баталжээ.
УЯАЧ ХҮНИЙ ЖУДАГ САЙХАН
Дээл өмссөн уяач хүн өвөг дээдсийнхээ үг сонсч, хөөрөг гаансаар танхилж явах нь сайхан Хусуур зүүсэн уяач эр, охин чонын буруу хойт хөлийн шагайг хурдан мориныхоо хөхөл сүүлний боолттой хослуулан хэрэглэвэл “хийморь”-той явдаг тухай эртний сударт өгүүлсэн байдаг.
…Зээр гөрөөсний буруу талын урд хөлийн шилбээр хийсэн ташуурыг унаач хүүхэддээ бариулбал араас дайраад зэрэгцээд ирсэн моринд дийлдэхгүй түрүүлэх магадлал өндөртэй гэж өвгөд өгүүлдэг байжээ...
...Хотон шувууны хошуугаар хийсэн хусуур! азарга, морь,адуу, бүхэнд өлзийтэй. Гутаг муу, муухай бүхнийг нь арилгаж ариулдаг сайн талтай гэж эцэг өвгөдийн үеэс зүүдэг байсан тухай судар номонд бичигдсэн нь бий...
...Холын наадам зорьж очсон уяач хүн жамц давс, шар тос, сүүлний өөх, тарган хонь хэрэглэсэн бол шинэхэн яс, шар эсгийний өөдөс, хануурын хутга сэлтийг ойр авч явбал хэрэг болно гэж өвгөд захьдаг билээ. Хэрвээ таны морь өөр довын өөр сумын хүнтэй олон хүлэг морьдтой наадам үзээд, мордуулахын өмнө хөөрч тэлүүлээд байвал эмээлийн тохмыг нь сайн халаагаад тохож явуулахад буруудахгүй гэж зөвлөдөг.
АДУУ АМЬД АЛТ
...Аавын минь надад өвлүүлж өгсөн адуу! хүүхдүүддээ миний үлдээж , үе удмаараа өвлүүлэх АМЬ АЛТ гэж бодном... Адуу минь надад буян хишгээ их хүртээлээ. Амьдралын минь алтан шар замд , алдар нэрийг минь өргөж, улс аймаг сумдын наадам олныг үзүүллээ. Холын Америк , Канад , Москва, Бээжин ч үзүүллээ гэж бодном. Тиймээ! намайг анх, хүлэг морь минь нуруундаа бүүвэйлж хөлөг онгоцны дөрөөн дээр гаргажээ. Дэлхийн бөмбөрцөг тойрч явахдаа хүлэг хурдан морьдоо бодож зүүдэллээ, дурслаа. Тэгээд би Америкт очоод байхдаа ‘Аав нь нутгаа буцая’ гэсэн шүлэг бичлээ.
...Аав нь Америкт тогтохгүй нь
Агацынхаа гол зорьё...
Саран саатаж хонодог
Сантхаан өндрийнхөө өврөөр
Сартай хонгороо уралдуулж
Соёолонгийнхоо тоосонд оръё
Хүй долоон худагтаа
Хүлэг морьдоо уралдуулж
Хөхүүртэй айргаа тойроод
Хуруудаж цэнгэж явъя
Хэрэлдэж нанчилдаж явсан ч
Хорон санаа боддоггүй
Хэдэр хэнхэг өвгөдөө
Холоос аав нь санаад байна
Хурдхан ааваа мордуул... гэж 2008.08.17-нд Америкийн том хотод эрлэж дэлхийд зартай Арлингийн гэдэг цэнгэлдэх хүрээлэнд хурдан морьдын уралдаан үзэж суухдаа адуундаа сэтгэл тэмүүлж байж билээ.