С.САРУУЛ

Бидэнд  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны 109, 110 дугаар байрны иргэд эрхээ эдэлж чадахгүй, бүр хохирч сууна. Учир нь Баянзүрх хотхоны 109 дүгээр байрны зүүн талд оршин суугчдын нарыг хаасан орон сууцны зориулалттай 12 давхар барилгын ажил эхлээд удаж буй. Мөн хажууханд нь дахиад үйлвэрлэлийн зориулалттай найман давхар барилгын ажил эхэлжээ. Ийнхүү эргэн тойронд өндөр барилгуудаар хүрээлүүлж, өдөрт нэг цаг ч нарны элч гэрлийг үзэхгүй байгаа 240 гаруй өрх тэнд гомдоллож сууна. Оршин суугчид СӨХ-гоороо дамжуулан НМХГ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт бичиг хүргүүлж, эцэст нь Хотын дарга Э.Бат-Үүлд хүртэл ханджээ.

Энэ талаар “Гандирс” СӨХ-ны дарга И.Нарантуяа “Энэхүү хоёр барилгын орц гарц нь “Петровис” ШТС-аар шууд дамжиж байгаа тул галын аюул осол болоход дээрх барилгууд руу дамжсан аюул манай 109, 110 дугаар байрууд руу халдана. Эдгээр барилгууд ашиглалтад орлоо гэхэд бүх үйлчилгээ манай хотхоноор дамжина. Хотхоныхоо оршин суугчдад хүрэлцдэггүй тоглоомын талбай, машины зогсоолыг дундаа ашиглана гэсэн үг. Гуравдугаар цахилгаан станцын төгсгөл гэж явдаг манай хотхон ачааллаа дийлэхгүйн дээр дулааны шугам эвдрэх эрсдэлтэй. Барилга хоорондын зай нь долоон метр хүрэхгүй байгаа учраас хууль дүрэм ч зөрчиж байна” гэлээ.

109,110 дугаар байруудын нарыг халхалж найман давхар бүхий үйлчилгээний зориулалт буюу усны үйлдвэрийн барилгыг иргэн Д.Номондалай, 12 давхар орон сууцыг “Жикес” хэмээх компани барьж байгаа юм.

Нялх хүүхэд, настай хүмүүс нь насаараа нар үзэхгүй амьдрах нь  хэмээн халаглаж суугаа оршин суугчдын бас нэг санаа зовсон асуудал үндсэн хөрөнгө нь үнэгүйдэж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, орон сууцныхаа үндсэн хөрөнгийг өндөр үнээр авсан оршин суугчид худалдъя гэхээр нар үзэхгүй барилгыг хэн ч авахгүй. Тиймээс хот төлөвлөдөг хүмүүсийн хариуцлагагүй шийдвэрээс болж хохирч байгааг оршин суугчид хэлж байна.

Тэд “Түр хороо” байгуулаад байгаа бөгөөд 109 дүгээр байрны оршин суугч Г.Навч “Манай байранд өдрийн цагаар ороход л харанхуй байгаа. Мөн нярай хүүхэдтэй айлууд хувцас угаагаад тавихаар 2-3 хонож хатаж байна. Манай байрны оршин суугчид нар хаасан барилга бариулахгүйн тулд шөнө жижүүрт гарцгаадаг байсан. Гэтэл дээр Д.Номондалай гэдэг хүн барилгаа барихын тулд 30-аад залуу авчирч эсэргүүцсэн иргэдийг зодуулсан. Шүүх, цагдаагаар явж байгаа. Дарга нар өөрсдөө насаараа нар үзэхгүй амьдарч чадах уу. Иргэд иймэрхүү байдалтай байна” гэв.

Бид барилгын үйл ажиллагаа явуулж байгаа “Жикес” компанийн барилга дээр очиход мэдээлэл өгөхгүй гэсэн бол Д.Номондалайгийн найман давхар орон сууцны барилга дээр ажиллаж буй ажилтан нэрээ хэлэхээс татгалзаж “Манайх Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авсан. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа” гэлээ.

Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар иргэн Д.Номондалайд барилгын зөвшөөрөл олгосон мэдээллээ цахим хуудсандаа байршуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин