Н.МӨНХЖИН
Хятадын генетикийн BGI компани өсч томордоггүй бичил бяцхан гахайг нэг бүрийг нь 1000 паундаар (гурван сая төгрөг) зарж эхэлжээ. Micropigphenomenon алгын чинээ гахай тэжээх нь сүүлийн үеийн хамгийн эрэлттэй, ашигтай бизнесийн нэг болоод байна. Хайр хүрмээр жижигхэн (аяганы цайны хэмжээтэй) гахайг олон хүн худалдаж аваад байна. Гэртээ байлгахад тохиромжтой, цүнхэндээ хийгээд аваад явж болдог тул хүмүүс ихээхэн сонирхож байгаа аж. Бяцхан гахайг тэжээдэг алдартнаас дурдвал Майли Сайрус, Рич Даймонд, Пантела нарыг хэлж болно.
Харин амьтан хамгаалах нийгэмлэгүүд болон био ёсзүйчид Хятадын компанийн бизнест санаа зовниж байна. Хятадууд гахайн генетик, гарвал зүйг өөрчилж, өсч томордоггүй гахай гарган авч арилжааны зорилгоор ашиглаж байгаа нь буруу хэмээн тэд үзэж байна.
Гахайг эсийн аргаар хувилж гаргахаас өмнө өсөлтийн дааврыг нь идэвхгүй болгодог нөлөөлөгчийг ашигладаг. Ийнхүү эл амьтны бие организм өсөлтийн дохио, зааврыг хүлээн авахаа больж өсч томрохоо больдог аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин