М.ЦЭЦЭГ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдав. Тус байнгын хороо 16 гишүүнтэйгээс энэ удаад 10 нь ирцэд бүртгүүлж, Б.Гарамгайбаатар тасалжээ. Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд, С.Оюун, С.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Ц.Оюунгэрэл, Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат нар хуралд суув. Л.Энх-Амгалан нарын 11 гишүүний санаачилсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гишүүн Ж.Энхбаяр нэг асуудал хөндөв. Ботаникийн цэцэрлэгтэй холбоотой ямар асуудал болоод байна. Тэр талаар тодруулж өгөхийг салбар хариуцсан сайдаас асууж, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсэв. Хэрэв энэ тухай ярьвал хотынхон болон Хууль зүйн яамныхан байлцах шаардлагатайг С.Оюун гишүүн хэлээд түүний хариуцдаг яам Ботаникийн цэцэрлэгийг хамгаалж байгаа гэв.
Ингээд санаачилсан төслөө Л.Энх-Амгалан гишүүн танилцуулав. Ойн тухайн хуулийг өнгөрсөн онд баталсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх явцад хоёр асуудал үүссэн байна. Нэгдүгээрт, байгаль орчны байцаагчийн эрх үүргийг тодорхой заагаагүй, хоёрдугаарт, ойн түймрээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг хийж чадаагүй гэж төсөл санаачлагчид үзжээ. Ингээд хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөдөөгийнхөн хэрэглээний мод болон түлээгээ бэлдэхдээ сум орон нутгийнхаа удирдлагаас зөвшөөрөл авдаг байсныг байгаль орчны байцаагчаас авдаг болохоор заажээ. Ингэвэл иргэд хэрэглээний мод авахад учирдаг байсан хүндрэл арилна гэж үзсэн байна.
Мөн ойн түмрээс урьдчилан сэргийлэх заалт ямар ч хуульд байдаггүй гэнэ. Иймд Ойн тухай хуульд түймэртэй тэмцсэн, сэргийлсэн хүнийг урамшуулдаг байхаар заажээ. Хэрэв энэ үүргийг зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав, аж ахуйн нэгжийг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгож байхаар заажээ.
Гишүүн Ц.Оюунгэрэл аж ахуйн нэгжийг торгох мөнгөний хэмжээг хэтэрхий бага гэж үзэж байв. Харин гишүүн Х.Болорчулуун сумын даргын эрх мэдэл байгаль орчны байцаагчид шилжих нь буруу гэсэн саналтай байлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна.