О.ЧУЛУУТ

Мээр Э.Бат-Үүл ажлаа авсан цагаасаа эхлэн Нийслэлийн хүүхэд, залуучуудын ордны хойд жигүүрт байрлах Нийслэлийн МАН-ын хороог “Байрыг минь шалавхан суллаж өг” гэж шаардаж, дарамтлах болжээ. Учир нь нийслэлийн өмчийн байранд улс төрийн нам байрлуулахгүй гэнэ. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гаригт намынхаа байрны гадны хийсэн хэвлэлийн хурлын үеэр мээрийн шахалт, шаардлагыг орон нутгийн сонгууль угтсан улстөржилт гэж мэдэгдлээ. Тэрбээр “Нийслэлийн өмчийн байрнаас манай намыг хөөж байгаа бол танай нам ч гэсэн биднээс нэг их ялгаагүй нийслэлийн, төрийн өмчийн байранд ажиллаж байгаа. 1990 онд АН-ынхан МОНЦАМЭ агентлагийн хуучин байранд байрлаж л байсан. Тухайн үедээ шахалт үзүүлж байгаад МАХН-ын Төв хорооны гишүүдээр шийдвэр гаргуулж хувьчилж авсан түүх хуучраагүй шүү. СТӨ-ний хүзүүвчийг одоо бас АН-ынхан нэг мөсөн өөрийн болгох гээд хашаа тойруулсан. Энэ байр бас л нийслэлийн өмчийн нэг хэсэг. АН-ынхан энэ байранд олон жил толгой хоргодохдоо түрээсийн төлбөр төлөхгүйгээр ашиглаж ирснээ мартсан гэж үү. Тэгсэн мөртлөө Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн МАН-ын хороог байраа суллаж өг гэж шаардаж байгаа нь бидэнд таалагдахгүй байна. Шинэ Засаг дарга Э.Бат-Үүл хэрхэн ажиллах мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар оруулж батлуулаагүй байж ингэж жижиг асуудлаар хөөцөлдөж байгаа нь иргэдийг хохироож байна” хэмээн бухимдаад авсан.
Харамсалтай нь АН ч байна уу, МАН-ынхан ч байсан Ардчилсан нийгмээр бамбай хийж нийслэлийнхний өмчийн байранд шунах ёсгүй. Хоёр хар хэрээ биенийхээ харыг гайхна гэгчээр нийслэлийн өмчийг хэн ч түрээсгүйгээр ашиглах эрхгүй. Тэр тусмаа төр, нийслэлийн өмчийн байрыг намынхаа эрх ашгийн үүднээс хууль бусаар үнэгүйдүүлэн хувьчлах эрхийг улстөрчдөд хэнд ч олгоогүй. Тиймээс дээрх өмч хувьчлалыг хууль, хяналтын байгууллагаар хянуулах цаг болсон. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд орох оронгүй байхад улстөрөөр мөнгө угаадаг эрх баригчид Нийслэлийн Хүүхэд, залуучуудын ордны байрыг хүүхдүүдэд эргүүлж өгөх ёстой. Энэ байрыг хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалтаар ашиглах нь зүйн хэрэг шүү дээ.