Л.ЭНХТУЯА
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргадтай Бурхан Халдуны өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Манай сонин Бурхан Халдуныг онцгой бүс болгоё гэдэг санаачилга дэвшүүлээд та бүхэнтэй хамтран ажиллаад эхэлсэн. Ямар үр дүнд хүрэв?
-Та бүхний зохион байгуулсан хэлэлцүүлэгт шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтэй хүмүүс оролцсон. Миний гарт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны 2013 оны тавдугаар сарын 21-нд гаргасан А-159 тоот тушаал байна. Энэ тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зам чиглэлийн маршрутыг тогтоож өгсөн.
Энд зааснаар Мөнгөн морьт сум, Тэрэлжийн гол, Таван салааны гүүр, Хориудын пост, Зүүн сайхан гол, Харууц өндөр гэсэн газруудын тодорхой цэгүүдийг заасан нийт 72 км аяллын маршрут гарсан байна. Аялал жуулчлалын маршруттай болсноор тусгай хамгаалалттай газар нутагт зорчихыг зогсоох эхний алхам боллоо. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлаа хүндэтгэх үүднээс Босго тэнгэрийн давааг давуулахгүйгээр Бурхан Халдун уулаа хардаг байх нь зүйтэй. 16 км орчим агаарын зайнаас дурангаар харуулаад буцаадаг болно. Машинаар явж байгалиа сүйтгэн байж хүндэтгэл үзүүлэхийн тухайд хүн бүхэн бодох хэрэгтэй. Иймээс энэ газар нутгийг хамгаалах хамгийн анхны энгийн арга болох мориор явдаг маршрутыг бий болгож чадсан нь та бидний ажлын анхны үр дүн боллоо.
-Сайдын тушаалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Сайдын тушаал гарсантай холбогдуулаад маршрутын дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд явж үзэх гэж байна.
-Бас л бөөн машин тэрэг болох нь дээ?
-Энэ аялал өнөөгийн байдалтай танилцах зорилготой. Хаана нь аялал жуулчлалын ямар боломж байна, хаана нь хамгаалалт байх, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тодорхой болгоно. Аялал сайдын тушаалын дагуу маршрутаар явна. Нэгэнт тушаал гарсан учир яамны мэргэжилтэн ажлаар явж байгаа нь хамаагүй. Тэд тодорхой заасан цэг хүртэл машинаар яваад цаашаа мориор явна.
-Та хэлэлцүүлгийн үеэр Бурхан Халдуны хамгаалалтад хоёр байгаль хамгаалагч ажиллаж байгаа нь хүч хүрдэггүй гэж ярьж байсан. Үүнийг өөрчлөх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бурхан Халдун уулын бүс нутаг дэлхий нийтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч, гаднын судлаачдын болон шунагчдын хараанд өртөж байдаг. Хамгаалалтын захиргаа байгаль орчин талаасаа хамгаалж байгаа. Нөөц боломжоороо хоёр байгаль хамгаалагч ажиллуулдаг байсан. Ийм хүчээр удаан хугацаанд хариуцаж хамгаалж, гаднын халдлагад өртүүлэхгүй гэдэг нь хүнд. Энэ хэлэлцүүлэг болсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Хамгаалалтын захиргаа энэ асуудалд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан Өмнөдэлгэр суманд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хэсэг байгуулсан.
-Бурхан Халдундаа залбирч байна гээд хаа дуртай газраа очих боломжийг хязгаарлаж байна гэж ойлгож болох уу?
-Бид тодорхой зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Түүхийн уг сурвалжид үлдээснээр зарлигаар хамгаалсан хайрханыг тахих, тайлга хийх гэсэн хоёр тусдаа зан үйл байсан байгаа юм. Тахилга бол маш цөөн хүн “Өглөө бүр мялааж, үеийн үед үргэлж шүтэж, ургийн ургаар ухварлан тахих” зарлиг захиастай Бурхан Халдун уулаа тахиж, хүндэтгэл үзүүлэх ёслол. Энэ ёслол зөвхөн Монголын төрийг төлөөлөх этгээд, бүх цэргийн жанжид оролцуулсан наймаас гучин хүний хүрээнд болдог байсан түүхийн баримт байдаг юм билээ. Харин дараа нь сүсэглэж бишрэн уулынхаа хормойд цугласан түмэн олныг оролцуулан тайлга наадам хийдэг.
Түүхийг улбаалбал Манжийн дарлалд байхад буюу 1772 оныг хүртэл их хайрханыг тахих тахилгыг хориглосон байсан. Тэр үед нууцаар тахидаг байж байгаад арван Засгийн ноёд нийлж Бурхан Халдунаа тахих ёслолыг сэргээе, түмэн олноо баясгая, байгаль дэлхийгээ аргадаж хур бороо оруулъя гэж Манжийн хаанд өргөх бичиг барьсан гэдэг. Ингээд 1818 онд Манжийн хаанаас эрх авч тахилгыг сэргээсэн байдаг. Энэ цагаас тайлгын наадмыг арван Засгийн наадам гэж нэрлээд Хан Хэнтий уулын наад талд нь хийдэг болсон. Одоо Төрийн тахилгыг журамд үүнийг оруулж зохион байгуулах юм бол хүмүүс тусгай хамгаалалттай газар руу явахаа болино. Тэр олон морь мал уяачид, хоол унд, бараа таваар ачиж явдаг байдлыг журамлах боломжтой. Тэгэхээр бид уламжлал тал руу нь хандуулж, хүмүүсийн тахилга шүтээн сэтгэхүйд хандуулбал илүү үр дүнтэй болох байх.
-Энэ тушаал гарснаар төрийн тахилгад зохион байгуулах хууль, дэг жаягт өөрчлөлт оруулах шаардлагатай юу. Жишээ нь оролцох бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгөх зэрэг?
-Бурхан Халдун уулын тахилга, тайлгатай холбоотой Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлиг бий. Түүнд төрийн тусгай хамгаалалттай уулуудаас Бурхан Халдун уулыг онцолж хар сүлдний тахилгатайгаар тусгасан. Отгонтэнгэр, Богд, Алтан-Овоо зэрэг ууланд ийм зүйл байхгүй. Ганцхан Бурхан Халдун ууланд бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлдэг. Төрийн их тахилгын өмнө Төрийн Ёслолын алба, Батлан хамгаалах яам, дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тахилга зохион байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. Энэ зөвлөлийн ажлын хүрээнд тогтоод орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар батлуулаад дэг журмаа тогтож чадах юм бол заавал Ерөнхийлөгчийн зарлиг, хууль тусгайлан гаргах шаардлагагүй гэж бодож байна.
-Манайханд уулын оройд нь гарвал хийморь лундаа илүү өөдөө гэсэн ад мөрийн хүсэл байдаг юм биш үү?
-Сүүлийн үед хүмүүсийн тахилга шүтлэгийн агуулга өөрчлөгдөөд байна. Нутгийн хөгшин надад энэ тухай бас санаа бодлоо хэлж байсан. Хүмүүс мөргөж залбирахдаа хүртэл мугуйд болжээ гэж. Учрыг тодруулбал, уул овоонд залбирч мөргөхдөө “намайг мөнгөтэй баян болгоод өг, намайг дарга болгоорой, би УИХ-ын гишүүн болмоор байна” гэдэг. Энэ хирээрээ уул овоо хангайд хандаж, хайрлах сэтгэлгээ ч өчүүхэн болоод байна. Угтаа манай ард түмэн эрт дээр цагаас “түмэн олон эрүүл, амгалан байх болтугай, төр засаг дажингүй сайхан байгаасай, цас зуд, хур бороогоо хайрлаач, ган гачигийг аюулгүй байг, мал сүрэг тарган тавтай” гэхчилэн залбирдаг байж. Тэр олны дунд хувь хүний өөрийнх нь амьдрал, буян заяа даатгагддаг байсан байгаа юм. Хорвоо ертөнцийн түмэн живаа амьд олны амьдрал дунд ганц хүний аз жаргал, баян цатгалан байх нь юу ч юм билээ. Ёстой л хумхын тоос байлгүй дээ. Иймхэн зүйлээр их хайрханаа чилээгээд байх нь буруу юу, зөв үү.
-Сүүлийн үед хүмүүс тийшээ хэр явж байна?
-Хүмүүс явах нь багассан. Цаг дулаарч байгаа, шавар ус ихтэй, гол ус үертэй байгаа нь нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа манай иргэд “Хүн болгон заавал хайрхан дээрээ очиж жорлон болгох шаардлага байхгүй” гэх өөрсдийн ойлгоцтой болсон байна. Босго тэнгэрийн овоон дээрээс сүсэглэж залбираад идээ цайныхаа дээжийг өргөөд буцдаг.
-Ард олны сүсэглэж залбирахын хажуугаар судалгаа шинжилгээ хийх нэрээр халхавчилж байгааг яах ёстой юм вэ?
-Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээ хийх журмыг Байгаль орчин ногоон хөгжлийн яам шинэчилж баталсан. Энэ журамд манай Хан Хэнтийн тусгай хамгаалалттай холбоотой гол санаа нь судалгаа шинжилгээ хийх гэж байгаа газар шинжлэх ухааны хүрээлэнгийн эрх бүхий хүмүүсийн шийдвэрээр баталсан төлөвлөгөө удирдамжтайгаар баталгаажсан хүмүүс салбарын яаманд төлөвлөгөөгөө танилцуулж, зөвшөөрөл авсан байна. Энэ зөвшөөрлийг өгөхдөө ийм судалгаа шинжилгээ заавал хэрэгтэй, шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргасан байна. Ийм зөвшөөрөл авсан байгууллагатай хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахаар болж байна.
-Хэн дуртай нь Бурхан Халдунд ийм судалгаа явуулна гээд гүйж байхаар бодлогын яам өөрөө судалгаа хийлгэх чиглэлээ сонгоод эрдэмтдийн багийг сонгон шалгаруулж зөвшөөрөл олгож болдоггүй юм уу?
-Хамгаалалтын захиргаа менежментийн төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөөнд шаардлагатай судалгааны чиглэлүүдийг тусгана. Үүнтэй нийцсэн судалгааг судалж үзээд зөвшөөрөл олгох юм.
-Танай хамгаалалтын захиргаа өөрсдөө судалгааны боловсон хүчний нөөц хэр зэрэг вэ?
-Манайх биологийн төрөл зүйлийн чиглэлээр мэргэжилтэнтэй. Хуучин Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалаар Бурхан Халдун, түүний орчмын түүх соёлын дурсгалт газар, тахилгат газруудыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн ажлын хүрээнд мэргэжлийн судлаач, эрдэмтэд судалгааны ажлуудыг нэлээд сайн хийсэн. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж чадах юм бол түүх соёлын асуудал хариуцсан тусгай мэргэжилтэнтэй болох боломжтой.
-Бурхан Халдуны хамгаалалтын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөл боловсруулж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр, түүнээс хойш ч энэ хуульд дотоодын цэргийнхэн Бурхан Халдуныг хамгаалах талаар тусгах байх ёстой гэх хүн олон байна. Энэ талаар таны бодол?
-Энэ асуудалд хоёр талтай хандаж болно. Нэг талаас нь харвал Бурхан Халдун ууланд тусгайлан бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх шийдвэртэй. Тэгэхээр Батлан хамгаалах яам, дотоодын цэргүүдтэйгээ хамтраад хар сүлдний тахилгатай уулыг хамгаалах гарц байж болох юм. Нөгөө талаасаа их хайрхан маань дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд байгаа учир хамгаалалтынх нь зэргийг чангаруулж болно. Гэхдээ хайрханыг хамгаалахын тулд цэргийн хүчнээс хүний итгэл үнэмшил илүү хүчтэй.
-Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт төрийн түшээд нь нисдэг тэрэг хөлөглөж очоод дархан цаазтай ан агнаж байдаг?
-Нисдэг тэргээр нисээд оччихдог, мориор явж байгаа байгаль хамгаалагч мянга ч хурдлаад тэднийг гүйцэхгүй. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд бид Иргэний нисэхийн ерөнхий газарт албан тоот хүргүүлсэн. Тусгай хамгаалалттай газрын чиглэлд нисдэг тэрэг нисгэх гэж байгаа бол урьдчилан хамгаалалтын захиргаанд мэдэгдэж байх тухай. Тэд зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Ингэснээр бид урьдчилсан мэдээлэлтэй байх боломжтой болж байгаа. Үүний зэрэгцээ байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тэдний навигацийн хяналтыг ашиглаж мэдээлэл авдаг болох тухай ярьж байна.
-Нисдэг тэргээр судалгаа, тандалт хийж байна гээд өөр “ажил” амжуулаад явах юм биш биз?
-Тодорхой тохиолдлуудад хамгаалалтын бүсэд нисдэг тэрэг ашиглаж болно. Авран хайх, гамшиг, судалгаа шинжилгээ хийх зэрэгт. Ийм тохиолдолд манай байгаль хамгаалагч нарыг авч явах зайлшгүй шаардлагатай болдог. Манай хэдэн байгаль хамгаалагч нараас өөр энэ газар нутгийг мэдэх хүн байхгүй.
-Танай хамгаалалтын бүсэд аяллын маршруттай хэдэн жуулчлалын байгууллага байна?
-Одоогийн байдлаар Хан Хэнтийн дархан цаазат газарт нэг ч ширхэг жуулчны бааз байхгүй. Цаашид нэгийг ч байгуулахгүй гэсэн зорилготой ажиллаж байна. Орчны бүсэд Эрдэнэ, Мөнгөн морьт зэрэг олон сумын нутаг хамаардаг. Тэдгээр сумдын нутагт байгаа жуулчны баазууд хамгаалалтын бүсийн эргэн тойронд байдаг.
-Тэд тодорхой зааж өгсөн аяллын маршрутын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг уу?
-Өмнө нь дархан цаазат газарт аяллын маршрут ганцхан байсан. Маршрутыг яамнаас баталж өгдөг. Энэ нь Чулуутай голын чиглэлд байдаг. Энэ жил Бурхан Халдун уулыг алсаас харах маршрут шинээр баталж байгаа. Цаашид бид Хагийн хар нуур, Горхи тэрэлж, Ерөө, Ононгийн халуун рашааны чиглэлд аяллын маршрут гаргахаар ажиллаж байна.