Ц.БАЯР

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй  холбоотой сөрөг мэдээллийг Нийслэлийн ИТХ дахь МАН бүлгээс гаргаж огцруулах тухай хүртэл яригдаж байгаа. Өнгөрсөн баасан гаригийн  Улс төрийн тойм сонинд МАН-ын бүлгийн ахлагч Амарбаясгалан өгсөн ярилцлагадаа  “ Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийслэлийн төсвөөс 410 тэрбум  төгрөгөөр гараа угаасан” гэсэн мэдээллийг өгчээ. Үүнтэй холбоотойгоор Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал зарласан. Тэрээр “ Өнөөдөр / энэ сарын 16-нд”  Улс төрийн тойм сонинд Нийслэлийн ИТХ дахь МАН –ын бүлгийн ахлагч Амарбаясгалангийн гүжир гүжирдлэг хэрээс хэтэрч  хүний ёсноос гадуур  санаанд оромгүйгээр намайг гүтгэлээ. Энэ нь миний эсрэг  санаатай зохион байгуулалттай компанит ажлыг өрнүүлээд байгаа юм. Намайг эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэн гүжирдэж байна. МАН-ын бүлгийн дарга Амарбаясгалантийн ярилцлага дээр 410 тэрбум төгрөгөөр Засаг дарга гараа угаасан гэж хэлжээ. Энэ бол асар их хэмжээний хөрөнгийг шамшигдуулж, завшсан үрэгдүүлсэн гэсэн утгатай ярьсан.  Манайхан гараа угаана гэдэг юу гэсэн үг болохыг мэднэ. Э.Бат-Үүл татвар төлөгчдийн 410 тэрбум төгрөгөөр гараа угаасан гэж. Амарбаясгалантийн  цахим ертөнцөд байдаг вэйб сайтуудаар тараасан ярилцлагад өнөөдөр Бат-Үүл дарга шиг их мөнгөөр гараа угааж байгаа хүн цөөхөн шүү. Мөн хүүгийнхээ компанид хууль бусаар 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялуулсан. Өөрөөр хэлбэл намайг асар их хэмжээний мөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан тухай санаатайгаар, зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийж байгаа юм.  Намайг ингэж онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн учраас эрүүгийн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргаж шалгуулна.Түүнчлэн энэ гүтгэлгээ олон удаа цацаж тарааснаас болж надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулсан. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргаж эдийн бус хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилнэ. Өөрийн зөвлөх хуульчдын багт мөнгөн дүнг тогтоох хүсэлт тавьсан тэд ажиллаж байгаа ирэх долоо хоногт  хэдээр үнэлэхийг тодорхой болгоод надад танилцуулна” гэж хэллээ. Тэрээр цааш нь хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандаж мэдээллийг нэг талыг барилгүй, улс төрийн явцуу сонирхолд авталгүйгээр   тэнцвэртэй явуулахыг уриалав. Мөн энэхүү уриалгыг цахим ертөнцөд байдаг тевитерчид,фэйсбүүкчдэд уриалсан юм.

 Эх сурвалж:www.polit.mn