Э.ОРХОН

“Аав цэргийн ансамбелийн бүжигчин, ээж дуурийн балетчин байсан учраас миний хүүхэд нас дуурийн театр юм уу эсвэл цэргийн ансамбелийн зааланд өнгөрсөн. Тиймээс миний хувьд өөр зүйл сонирхох ойлголт байгаагүй. Ер нь өөр мэргэжил байдгийг мэдэхгүй өссөн. Багаасаа урлагийн гэр бүлд өссөн. Дөрвөн настай байхдаа “Айболит эмч” дуурийн өвчтэй африк охины дүрд тоглож байсан. Миний амьдрал төрсөн цагаасаа эхлээд бүжгээр амьсгалсан. Хүүхдүүд цэцэрлэгт явдаг бол би аав, ээжийнхээ ажил дээр эсвэл эмээ дээрээ очдог байсан” хэмээн ярих энэ бүсгүйг Батбаярын Хулан гэдэг. Түүнийг энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор урилаа.
Тэрээр 11 настайдаа Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгсөн ч тэнцсэнгүй. “Тэгсэн аав, ээж хоёрыг нь бодсон юм уу бүү мэд эрэгтэй хүүхдийн оронд хичээл эхэлсэн хойно хөгжим бүжигт орсон юм” гэв. Хөгжим бүжигт долоон жил сураад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу хуучнаар Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр орсноос хойш 22 жил бүжиглэж байгаа аж. Харин Хүүхдийн ордонд багшлаад зургаан жил болжээ. Түүний анхны багш нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Б.Алтанцэцэг. “Хөгжим бүжигт орсон цагаас хойш миний амьдрал багштай минь салшгүй холбоотой болсон” гэв. Учир нь хөгжим бүжгийн сургуулиа төгссөний дараа Соёл урлагийн их сургуульд сурахад Б.Алтанцэцэг багш дээр очжээ. Тэр үед Алтаа багш СУИС-д бүжгийн нэгдсэн тэнхим байгуулж бүжгийн багш нарыг бэлддэг, сургалт явуулж эхэлсэн байна. Харин Хулан багшийн хувьд Алтаа багшийнхаа удирдлага дор гурван жил сурчээ. Төгсөх дөхөж дипломын ажлаа юугаар хийхээ мэдэхгүй эргэлзэж байх үед нь Алтаа багш “Чи ийм мундаг аавтай урлагийн гэр бүлд төрсөн байж аавынхаа амьдрал, уран бүтээлээр дипломын ажлаа хий” гэж зөвлөсөн байна. Ингээд тэрээр 2008 онд аавынхаа уран бүтээлээр баклаврын дипломоо хамгаалжээ. Түүний аав мэргэжлийн сургууль төгсөөгүй ч цэргийн ансамбельд 40 гаруй жил ажилласан гавьяат жүжигчин хүн гэнэ. Цэргийн ансамбельд бүжгийн багш, бүжиг дэглээч, ерөнхий балетместрээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Хулан багш хэсэг хугацааны дараа магистр хамгаалахаар СУИС-д ортол дахиад л Алтаа багш дээрээ очсон байна. Тэрээр 1992 онд хөгжим бүжгээ, 2008 онд бакалавраар төгссөн юм. Харин 2011 оноос магистраар сурч энэ жил хамгаалж байгаа аж. СУИС-ийн Балетместрийн урлагийн тэнхимийг төгсөхөд өмнө нь бүтээлээр хамгаалдаггүй байж. Харин өнгөрсөн жилээс эхлэн бүтээлээр хамгаалдаг болсон байна. Анх Улаанбаатар чуулгын бүжигчин Сувдмаа гэх бүжигчин бүтээлээр хамгаалсан бол хоёр дахь нь Хулан багш болж байгаа ажээ. Түүний магистрын бүтээлд Хүүхдийн ордны дугуйлангийнх нь бүх хүүхдүүд бүжиглэсэн байна. “Надад Хөгжим бүжиг, Соёл боловсролын лицейд хамгаалах дипломоо хамгаалах санал ирсэн. Гэвч би нэгдүгээрт, ордондоо үлдэх хоёрдугаарт, дугуйлангийнхаа хүүхдүүдийг бүжгэн жүжигт тоглуулж сургах сонирхолтой байсан” гэлээ. Одоо түүний хийсэн бүтээл Хүүхдийн ордонд үлдэх учир цаашид үе үеийн хүүхдүүд тоглож сурах боломжтой болж байгаа аж. Түүний дэглэсэн “Манжин” хэмээх бэсрэг жүжигт Хүүхдийн ордонд 3-6 жил явж байгаа хүүхдүүд гол дүрд нь тогложээ. Бүтээлийг нь үзсэн мэргэжлийн багш нар нь ам сайтай, магтсан баяртай байгаа гэсэн шүү. Түүний “Манжин” жүжгийг сонгох болсон нь том шалгаантай аж. Учир нь 1986 онд Алтаа багш нь энэ жүжгийн дэлгэцийн уран бүтээл болгон анх тавьж байжээ. “Тухайн үед тоглож байсан уран бүтээл цаг хугацаа явах тусам мартагддаг. Тиймээс дэлгэцийн уран бүтээлийг тайзны болгож багшийнхаа хийснийг үргэлжлүүлэх гэсэн юм” гэв. Харамсалтай нь Алтаа багш маань шавийнхаа хийсэн бүтээлийг үзэж амжилгүй сар гаруйн өмнө тэнгэрийн оронд очсон байна. Гэсэн ч тэрээр “Багш минь шавийнхаа хийсэн бүтээлийг тэнгэрээс харсан байх” хэмээн санаа алдан хуучилсан юм. Түүний хийсэн бүтээл өвгөн манжин тарихаас өмнөх хэсгийг оруулж өгснөөрөө онцлог болсон гэнэ. Тухайлбал, тосгоны хэсэгт эмгэн, өвгөн залуучууд тоглож наадан ажил хөдөлмөр хийгээд орой нь гэртээ харина. Ингээд маргааш өглөө нь тахианы донгодох дуунаар өвгөн манжиндаа явдаг байна. “Тухайн үед хувцас хэрэглэлийн материал муутай учир хүүхдийн триког чимэглээд л юм юмаар аргалдаг байсан бол одоо амьтны жижиг тарчигхан үсийг ч хийж байна. Дүрийг улам тодотгосон хувцасны материал их болжээ. Энэ бүтээлд шинэчлэл нэлээд хийсэн. Ямар ч байсан дипломынхаа ажлын 70 хувийг хамгаалсан. Одоо 30 хувийн судалгаагаа бичиж байна” гэсэн юм.
Хулан багшийг сургуулиа төгсч байхад аав ирсэнгүй гэнэ. Тэгсэн аав нь “Чамайг сургуулиа төгсөөд чуулгад орохыг чинь мэдэж байсан юм” гэж хэлжээ. Аав, ээж хоёр нь урлагийн хүмүүс учраас байнга л бригадаар явна. Тиймээс ч тэрээр Хөгжим бүжигт анх орсон өдрөө л сургуульдаа хүргүүлсэн байна. Түүнээс хойш өөрөө л хичээлдээ ирж очдог болжээ. Хулан багшийг сургуулиа төгсөөд уран бүтээлч болсноос хойно хийсэн бүтээлийг нь үзэж алдаа оноог нь хамгийн түрүүнд хэлж өгдөг зөвлөгч нар болсон байна. “Ер нь намайг өөрөөр нь сургачихсан юм уу эсвэл би өөрөө тэгээд сурчихсан юм уу бүү мэд өөрөө л хийчихдэг. Аав, ээж хоёр ч гэсэн уран бүтээл хийж байхад юу болж байна гэхээс биш энийг нь ингэ, тэг гэж зааж сургадаггүй” гэв.
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”, “СҮНЖИДМАА”-Д ТОГЛОСОН
Ардын дуу бүжгийн чуулгын 16 бүжигчин тухайн үед америкт хоёр жилийн хугацаатай явах болжээ. Гэтэл тэдний бүтэн жилийн хөтөлбөрийг хагас жилд шахаад С.Сүхбаатар багш дагуулж явсан байна. Бүжигчин болсон хүн бүр чуулгын бүжигчин болохыг мөрөөддөг. Гэтэл тэр мөрөөдөл нь санаандгүй байдлаар биелэсэнд өөрийгөө азтай хүн гэсэн юм. “Би бүжигчин болсон нь чуулга болоод Сүхээ багш, чуулгын Ардын жүжигчин, төрийн шагналт Сэвждийн нэрэмжит бүжгийн ангийн хамт олонтой салшгүй холбоотой. Одоо ч гэсэн би давхар бүжиглээд, багшлаад, хичээлдээ явж байгаа нь чуулгатай холбоотой” хэмээн чуулгаараа бахархсан юм. Түүнийг чуулгад орох үед С.Сүхбаатар гуай монгол бүжигт сайн хүүхдийг биш сонгодог бүжигт сайн хүүхдийг сонгож авч авдаг байж. Учир нь тухайн үед тэрээр “Нарны домог” бүжгэн жүжгээ дэглэсэн байна. Хулан багшийг төгсч очсоноос хойш “Алтан ураг”, “Бөртэ чоно”, “Монголын бахархал” зэрэг бүжгэн жүжгийг тайзнаа тавьжээ. “Биднийг чуулгад орохоос өмнө 1989 онд “Алтан ураг” бүжгэн жүжиг тоглогдсон байсан. Бид 1992 онд чуулгад орсон. Тухайн үед зах зээлийн нийгэмд шилжээд олон чуулга хаалгаа бариад хэцүү байхад чуулгын, бүжигчдийн уран бүтээл дэвшээд л байсан. Тэр үед тав, зургаан бүжгэн жүжиг бидний үед тавигдаж байсан. Мөн дуулалт жүжиг болох “Учиртай гурван толгой”, “Сүнжидмаа” зэрэг уран бүтээлд бид оролцсон. Өнөөдөр чуулга 50 бүжигчинтэй өнөр өтгөн, монголын бүжгийн урлагийг тодорхойлж байна гэж үздэг. Гэтэл бидний болоод үе үеийн ахмад бүжигчдийн хөдөлмөр шингэсэн. Ахмад бүжигчдээ хараад чуулгын бүжигчин болох юмсан гэдэг байсан бол биднийг ч гэсэн одоо сурч байгаа хүүхдүүд хараад чуулгад орох юмсан гэж боддог байх. Чуулга өнөөдрийн хэмжээнд явж байгаа нь ахмад бүжигчид, бидний үеийнхэн Сэвжид багш, Сүхээ багштай салшгүй холбоотой. Чуулгагүйгээр би өөрийгөө төсөөлөхийн аргагүй. Бүжгэн жүжиг гол болон туслах дүр, олны хэсэгтэй байна. Гэхдээ миний бодлоор гоцлол дүрд бүжиглэх нь тухайн хүнээс ур чадвар, мэдрэмж шаарддаг. Өөрт байгаа ямар материал байна түүнийгээ гаргадаг. Тухайлбал, би эргэлтийн техниктээ сайн бол түүнийгээ гаргах жишээтэй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө харуулах, сайн хийдэг зүйлээ хийх боломжтой. Гэтэл олуулаа бүжиглэх хэцүү. Яагаад гэвэл хөдөлгөөн хийхээс гадна нэгийгээн харах, бие биеэ мэдрэх, зэрэг хөдлөх нь чухал байдаг. “Нарны домог”-т таван баатар, нар, ээж гэсэн гол дүр байдаг. Гэтэл тэдний цаана байгаа олны бүжиггүйгээр тэр бүжгэн жүжгийг төсөөлөхийн аргагүй. Дээр үед монголын бүжгийн урлагийн гол зарчим нь аав хуураа татаж, ээж бий биелэгээгээ хийнэ. Нүүдэлчин учир гэр дотроо бүжиглэдэг байсан. 1990 оноос хойш тэр дундаа “Нарны домог”-оос хойш тайзны бүтээлүүдийг их хийсэн. Сүхээ багш гэхэд хойно дэглээч, нарйуулагч мэргэжлээр төгссөн учир европын өнгө аяс манайд орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тайзны бүтээлд дэлхийн хэмжээнээс хоцрохгүй болсон. Мэдээж язгуур урлаг, бий биелэгээ бол монголын нүүр царай хэдий ч ингэж хөгжөөгүй бол бид одоо ямар төвшинд байхыг хэлэхэд хэцүү” гэж ярисан юм.
ААВ МИНЬ УРЛАГИЙН УДАМТАЙ
Түүний аавыг Ц.Батбаяр гэдэг. Төв аймгийн Борнуур сумын уугуул. Эцэг, эхээс 14-үүлээ аж. Аавынх нь төрсөн дүү Ц.Лувсан гэх хөгжмийн зохиолч, ах нь балетместр Ц.Ихбаяр гэж байж. “Гарын таван хуруу” киноны үлгэр ярьдаг сахалтай ах. Тэр ах нь ихэвчлэн орон нутгийн театруудад ажилладаг байж. Аав нь сургуульд байхдаа дуулж, бүжиглэдэг урлагийн авьяастай байсан гэнэ. Тэгээд санаандгүй цэргийн ансамбельд шалгалт өгөөд тэнцсэн байна. “Сүүлийн үед аав завтай болоод нутаг руугаа гүйгээд байх болсон. Тэнд соёлын төвийн хүүхдүүдэд бүжиг зааж байгаа” гэв. Харин ээжийг Р.Гэрэл гэдэг. Хөгжим бүжгийг төгссөн. Дуурийн театрт 20 жил балетчин хийсэн хүн аж. Тэтгэвэртээ гараад Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд 15 жил өнчин, хайраар дутсан хүүхдүүдтэй ажиллаж байсан. Одоо гэртээ байдаг. Миний аав “Би монголын 32 цагаан хунгийн нэгийг нь аваад суучихсан” гэж ярьдаг юм. Манай гэрт аав сонин уншаад, ээж хоол цайгаа хийнэ гэсэн ойлголт байгаагүй. Яагаад гэвэл бүгд урлагийн хүмүүс учир хэн завтай нь хоол, гэр орны ажлаа хийдэг байсан. Одоо ч гэсэн тийм. Манай гэр бүлийн хүмүүжилд дүү бид хоёрыг хүүхэд гэж харьцаж байгаагүй. Хүүхэд ийм зүйл хийж болохгүй. Наанаа томоотой суу гэж байгаагүй. Бүжигчид эхний таван жил хүүхэд гаргахгүй гэдэг гэрээ хийдэг байсан гэдэг. Тийм болоод ч тэрүү эхээс хоёулаа. Манай дүү Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг зураачаар төссөн. Манай аавын төрсөн ах нь Ц.Зориг гэж дуурийн театрын тайзны зураач байжээ.
ЭМЭЭ ЭЭЖ, ААВ ХОЁРЫГ ЮНДЭН, НАНСАЛМАА ГЭДЭГ БАЙСАН
Би багадаа дүүтэйгээ тоглож байгаагүй. Бид хоёр долоон насны зөрүүтэй. Би хичээлдээ явчихна. Дүү цэцэрлэгтээ явна. Тэр үед 45 хоногтой байхад нь яслид өгчихдөг байсан. 11 настайдаа Хөгжим бүжигт ороод өглөө нь ерөнхий эрдмийн хичээл үдээс хойш мэргэжлийн хичээл орж орой долоо, найм гээд тардаг байсан. Ер нь тавдугаар ангиас урлагийн амьдрал эхэлсэн. Орой ирээд хичээлээ давтана. Дараа нь нойр хүрч байсан ч маргааш өмсөх дасгалынхаа хувцсыг угааж унтана. Өглөө найман цагаас хичээлдээ явна. Тэр үед ажлын зургаа хоногтой байсан учир долоо хоногийн зургаан өдөр нь ийм л байдлаар өнгөрнө. Амралтын өдөр ч гэсэн хичээл ном, багш нарын тайлан тоглолт гээд ямар ч завгүй л өнгөрсөн. Зун зуслан явна. Тухайн үед зуслангуудын дунд улаан цэцэг урлагийн наадам болдог байсан. Дөл зусланд амарна. Бас л нөгөө бүжгээ хийнэ. Биднийг тэр наадамд оруулахын тулд зусланд ангиар нь амраадаг байсан. Ээж, аав хоёрыг байхгүй үед эмээ дээрээ байна. Эмээ намайг аав, ээжийгээ санаж байгаа байх гэж бодоод нэрийг нь миний хажууд хэлдэггүй Юндэн, Нансалмаа гэж ярьдаг байсан. Гэтэл нэг өдөр би Юндэн, Нансалмаа хоёр ирвэл ч ирэг байвал ч байг гэсэн гэдэг.
ЭНЭ САРД БИ ТЭТГЭВЭРТ ГАРНА
“Сайн бүжигчин бүр багш болдоггүй. Хүнд юмаа тайлбарлаад ойлгуулчихдаг хэрнээ өөрөө зүгээр л гүйцэтгэгч байх тохиолдол бий. Өөрөө бүжиглээд сурчихсан учир тэр нь амархан санагддаг. Би өөрөө гүйцэтгэгч бүжигчин байсан учраас багш болоход илүү дөхөм байсан. Нэг үгээр хэлбэл дадлага, онол хоёрыг заахад илүү ойр байсан. Бүжиглэж байгаад багшлах нь шууд багш болсноос илүү үр өгөөжтэй юм байна гэдгийг мэдсэн. Багшийгаа бүжиглэж байгааг хүүхдүүд харах дуртай байдаг. Эцэг, эхчүүд ч гэсэн сайхан хүлээж авдаг. Би өөрөө тэдэнд таалагдаж байж тэд миний заасныг сурна. Би өөрийнхөө сурсан зүйлийг бусдад өвлүүлж үлдээхгүй юм бол бүжигчин болоод яах юм. Багш хүн өөрийнхөө хийж чадаагүй, мөрөөдөж байсан зүйлийг хүүхдүүдээрээ дамжуулдаг. Бүжгийн нэг онцлог нь хөгжмийн нотыг бичээд тэр нь цаасан дээр үлддэг бол бүжиг биеэс биед үлддэг. Зургаан жилийн өмнө Хүүхдийн ордонд багшлахаар иртэл намайг тойроод 100 гаруй хүүхэд зогсчихсон байхад гэнэт цочсон. Дохиогоор босоод суугаад гэж гараараа үзүүлэхээр хүүхдүүд дагаж хөдөлгөдөг байсан. Миний шавь нараас хөгжим бүжигт орсон анхны шавь ирэх жил төгсөнө. Энэ сард миний 20 жил бүжиглэх хугацаа дуусч чуулгаасаа тэтгэвэрт гарч байна. Би хүү, охин хоёртой. Хүүхдүүд маань урлагаар явъя гэхгүй бол би заавал урлагийн хүн бол гэж хэлэхгүй. Гэхдээ хоёулаа бүжигчин болохгүй байх. Том нь энэ жил 11 дүгээр анги төгсч байгаа. Хүү болоод ч тэрүү техникийн их сургууль гэж яриад байсан. Тэгэхээр уул уурхайн хүн болно гэсэн. Миний хувьд инженер гэдэг надаас хөндий тэс өөр мэргэжил. Охин маань бас бүжигт дургүй. Намайг бүжиглэхийг харах дуртай ч өөрөө дургүй. Гэхдээ одоогоор хятад сургуульд сурдаг, хэлтэй хүн болох байх” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.