Д.БОЛОРМАА

ИЗНН-ын дэд дарга Х.Бат-Ялалттай ярилцлаа. Тэрээр намынхаа шинэчлэл, өөрчлөлтийг эхлүүлэх “Иргэний Зориг” жигүүр байгуулснаа онцолж байна.
-ИЗНН-д таны тэргүүлсэн “Иргэний Зориг” жигүүр байгуулагджээ. Намынхаа удирдлагуудыг шүүмжилж байгаа дуулдсан?
-Намын дүрмэнд жигүүр байгуулж болох тухай тодорхой заасан. Үндэсний хороо болон намын их хурлаар удирдлага, төлөөллийн байгууллагуудтай тодорхой нэг асуудалд байр сууриа нэгтгэх зорилготой гишүүд нэгдэн жигүүр байгуулж болно гээд заачихсан. Гэхдээ дүрмийн заалт нь ойлгомжгүй учраас ИЗНН-ын хэсэг гишүүн “Намаа шинэчилж сайжруулъя гэвэл намын дүрмийг өөрчлөх ёстой” гээд нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, намаа бусад улс төрийн хүчнээс илүү зоригтой, ард түмний итгэлийг хүлээсэн хүчин байлгахын төлөө нэгдэж байна. Хэсэг гишүүн гэдэг нь “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн миний бие, Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Жаргал болон н.Дэмбэрэл гэсэн гурван залуу улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцохоор шийдлээ. Өнгөрсөн сонгуулийн дүн бидний төсөөлж байсан үр дүнд хүрээгүй ч УИХ-д хоёр төлөөлөлтэй болсон. Гэхдээ өнөөдөр намын дотоод амьдрал, дотоод ардчилалд шүүмжлэлтэй хандах олон асуудал байна. ИЗНН дотор юу болдог талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Би ч гэсэн энэ намд элсэхээсээ өмнө мэддэггүй байсан. Одоо ажиглахад тодорхой хүмүүс улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа дотроо зохион байгуулалтайгаар байр сууриа нэгтгэсэн бүлэглэл байна. Гэвч үүнийгээ ил зарладаггүй. Зарлах ч боломжгүй гэж ойлгодог. Нам дотроо улс төр хийж хоорондоо тэмцэлддэг мөртлөө нийгэм рүү чиглэсэн хандлага бага учраас жигүүр байгуулахаар шийдсэн юм.
Зохион байгуулалттайгаар ямар нэг асуудлыг явцуу хүрээнд шийдэж нийгмийг хамарсан томоохон асуудал хөндөж чадахгүй байгаа учраас бид гурав нэгдсэн нь энэ.
-”Иргэний Зориг” гэх нэрнээс үзвэл хуучин намын нэрийг ашигласан. Энэ нь хуучин намынхан л бүлэг байгуулсан мэт харагдаж байна?
-Иргэний Зориг намын нэр ашиглаад байна гэж ойлгож болохгүй. Шударга бус зүйлсийн эсрэг иргэний зориг гаргаж тууштайгаар тэмцэнэ гэсний илэрхийлэл. Нэр бүхий улс төрчид сонин хэвлэлээр “Иргэний зориггүй ногоорсон юмнууд” гээд шүүмжилж байсан. Энэ үг бидэнд хүнд туссан учраас дахин ингэж хэлүүлмээргүй байна. Улс төрийн сонголтод хариуцлагатай хандаж, улс төрийн амьдралд хэрэгтэй зүйл хийхийн тулд жигүүр байгуулсан. Одоогоор манай нам С.Дэмбэрэл, С.Оюун, Д.Энхбат гэж гурван даргатай. Хоёр нь УИХ-ын гишүүн бол Д.Энхбат дарга улс төрийн сонгуульд оролцоогүй. Д.Энхбат даргын хувьд үнэхээр ойлгомжгүй хүн. Намыг манлайлах гээд байгаа юм уу, үгүй юм уу. Бидний лидер мөн эсэх нь ойлгомжгүй байна. Тиймээс намын даргын үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг шалгаж өгөөч гэж хяналтын зөвлөлд хандаад байна. Намын дүрэмд зааснаар намын дарга манлайлалын үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ тооцох тухай заалт бий. Энэ дагуу хариуцлага тооцох ёстой. Өөх ч биш, булчирхай ч биш байснаас улс төрийн шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Бид даргатай мөртлөө даргагүй юм шиг явж байна шүү дээ. Нөгөө талаас манай намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон С.Оюун, С.Дэмбэрэл нар намын бодлого, мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагаа нь уялдах ёстой. Гэтэл С.Дэмбэрэл УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, С.Оюун Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хуулийн төсөл санаачилсан байна. Энэ нь намын бодлогын хороодоор аливаа асуудлыг шийдэлгүйгээр өөрсдөө дур мэдэж байгаа гэсэн үг. Цаашид намтай холбоогүйгээр бие даасан гишүүд шиг дуртай хуулиа санаачлах уу эсвэл намын бодлогод нийцсэн хуулийг санаачлахын төлөө ажиллах уу гэдгийг асуумаар байна. Хууль санаачлах эрхийг намынхаа хамт олонтой хэрэгжүүлэх ёстой. Энэ үг намын харъяаны УИХ-ын бусад гишүүнд ч хамаатай.
-УИХ-д ИЗНН бүлэггүй учраас асуудлыг намын цогц бодлогоор шийдэх боломжгүй юм биш үү?
-УИХ-ын гишүүн бүлэг байгуулахдаа биш ганцаараа хууль санаачлах эрхтэй субьект. УИХ-ын гишүүн хэнбугай ч гэсэн нийгэмд зохицуулагдаагүй харилцааг зохицуулах хууль санаачлах юм бол том амжилт. Тэгэхээр бүлэгтэй эсэхээс үл хамаарч өөрийг нь дэмжсэн нам, иргэдийнхээ бодлоготой уялдаж явах ёстой юм.
-Та өөрөө намын дэд дарга. Намын бодлогыг чиглүүлэхийн оронд жигүүр байгуулаад намаа хагаралдуулах шан тавьж байгаад шүүмжлэх хүн бий?
-Ингэж ярих юм бол манай дарга нар хүртэл тодорхой жигүүрт харъяалагддаг. Энэ нь олон нийтэд мэдэгддэггүй нууц байдаг юм. Харин би намын манлайлагчийн хувьд бүлэглэлд нууцаар байж болохгүй гэж үзээд байр сууриа илэрхийлэх зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байна. Өөрөөр хэлбэл, нам дотроо байр сууриа илэрхийлэх зорилгоор Монгол Улсын иргэнийхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдэлж байгаа юм. УИХ-ын хоёр гишүүн маань ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөр, хүний эрх, эрх чөлөө, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой атал өөр өөр хууль санаачлаад явж байгаа нь зохисгүй. Үүнийг албан тушаал авах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ утгаар ИЗНН-д албан тушаал эсвэл нэгнээ дэмжих бүлэглэл байгаа учраас “Иргэний зориг” жигүүр байгуулагдах гол шалтгаан болсон. Жигүүр маань албан тушаал хувааж иддэг, намын бодлогын төлөө явдаггүй бүлэгтэй хатуу тэмцэнэ. Дээрээс нь намынхаа дотоод дахь ардчиллыг бэхжүүлж, тэгш бус хуваарилалтыг шүүмжлэх болно. Өнөөдөр АН-д гишүүнээр элсэнгүүтээ УИХ-ын гишүүн болсон хүн байна. Энэ мэтчилэн тэгш бус хуваарилалт , шударга бус шийдвэр, мөнгө, танил талтай нь асуудлыг шийддэг тогтолцоо нийгэмд байгаа учраас бид хөгжихгүй байгаа юм.
-ИЗНН дотроо Иргэний Зориг болон Ногоон намын эрх ашгийг илэрхийлдэг бүлэглэл бий гэдэг. Тэд хоёр намын төлөөлөл гэдэг утгаар өөр хоорондоо зөрчилдөөнтэй байдаг гэх юм билээ?
-Би аль, алинд нь харъяалагдаж байгаагүй хөндлөнгийн хүн. Иргэний Зориг Ногоон намууд эвсэхдээ гэрээ хэлэлцээр хийсэн нь байдаг юм билээ. Гэхдээ энэ хоёр намыг нэгдсэн гэж болохгүй. Яагаад гэвэл Ногоон нам нь өөрсдийн статусыг сэргээчихсэн үед Иргэний Зориг намтай нэгдсэн цөөн хэсэг нь аль намынх вэ гэдэг нь эрхзүйн хувьд ойлгомжгүй болж байгаа юм. Ер нь хэн, хэнтэйгээ нэгдэж нийлэх нь сонин биш. Гэвч манай намд яахын аргагүй ногоон намынхан бол Иргэний Зориг намынхан гэсэн хагарал байна. Хурал зөвөлгөөн болохоор хувь тэнцүүлж орж ирээд хэн нэгнийгээ ялах гээд өрсөлдөхөөс биш бодлогын өрсөлдөөн алга. Үүнийг дунд нь сууж байгаа гишүүд бид хараад бухимдаж байна. Д.Энхбат даргын хувьд өөрийг нь дэмжсэн хэсэг бүлэг хүнд тал засч, үлдсэн хэсгийг өөрийнх нь эсрэг мэтээр хандаж болохгүй.
-Түүнийг ИЗНН доторх ногоон намынхаа хэсэг гишүүдийг хатгаж хөл, гараа хийгээд сууж байгаа гэх яриа байдаг юм билээ?
-Тийм дүр зураг харагдаж байгаа нь үнэн. Өөрөө намынхаа хуралд идэвхтэй оролцохгүй байна. Намын анхан шатны байгууллагын удирдлагууд идэвхтэй ажиллахыг хүсдэг ч зохион байгуулалт дутагдалтай байдаг нь намын зөвөлгөөнөөр анзаарагдлаа. Цаашид энэ дутагдлаа засч, олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулах ёстой.
-Д.Энхбат даргыг ИЗНН-аас хөөх тухай мэдээлэл гарах болсон. Энэ үнэн үү?
-Хөөх тухай асуудлыг тавьж байна. Ямар ч улс төрийн хүчин дарга нартаа хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Д.Энхбат гэдэг хүн даргын хувьд сонгуулийн ажлыг удирдаж орох ёстой байсан ч ороогүй. Дээрээс нь өөрөө нэр дэвшилгүй сураггүй алга болсон. Олон хүн өөрт нь итгээд даргаар сонгосон байхад итгэлийг нь даахгүй байгаад харамсч байна. Сонгуульд оролцоогүйгээс гадна намаа зохион байгуулалттайгаар дэмжиж ажиллаагүй нь дайны талбараас зугтсан хэрэг юм. Д.Энхбат дарга дайны талбарт цэргүүдээ орхиод зугтсан генерал гэсэн үг. Ийм байтал генералгүй цэргүүд яаж сайн байлдах юм бэ. Энэ утгаар намыг удирдаж байгаа хүн тэмцлийн тэргүүн эгнээнд явах ёстой атал зугтаж байгаа нь ёс зүйн болоод хариуцлагагүйн шинж. Өнөөг хүртэл түүнд хариуцлага тооцохыг шаардсан ч дорвитой шийдвэр гаралгүй удлаа.
-ИЗНН Шинэчлэлийн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа. Танай намын ногоон хөгжлийн төлөөх “Амьдрал” мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж гарлаа гэж харахгүй байна уу?
-Сайд маань яаж ажиллахаас шалтгаална. Зоригтой ажиллах ёстой. Жишээлбэл, өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг муулахын оронд алдаа гаргасан этгээдэд хариуцлага тооцох ёстой. Дархан цаазад бүсэд орон сууц бариад тансаг амьдарч байгаа хүмүүсийн хууль бус үйлдэлд хариуцлага тооцсон юм алга. Үүнээс л ажлаа эхлэх ёстой. Байгалийн нөхөн сэргээлтээс эхлээд ногоон хөгжлийн эрх зүйн актыг хэрэгжүүлэх хүртэл хийх ажил бишгүй байна шүү дээ.
-Та өөрөө хуульч хүн намынхаа дотоод ардчилалд хэр анхаарч байх юм?
-Манай нам дүрмээрээ бол хэвтээ удирдлага буюу анхан шатны байгууллагын эрх мэдэл нь давамгайлсан байдаг. Тэгсэн атлаа дарга нар маань өөрсдийгөө дэмжлүүлэх зорилготой бүлэглэл үүсгэсэн байх жишээтэй. Нам дотроо ардчилал, шударга ёс, тэгш эрхийг бий болгож чадахгүй бол нийгэмд түүнийг байгуулна гээд ярих ч хэрэггүй. Манай жигүүрийн хийх эхний ажил бол гишүүд бүрт тэгш боломж олгох тухай юм. Ер нь дарга нарынхаа эсрэг жигүүр байгуулаад дутагдалтай асуудлыг олон нийтэд зарлана гэдэг бас л зориг шүү дээ. Бид иргэний зоригоо гаргаад явж байгаа хэсэг залуус. Энэ нь намын удирдлага гэхээс илүү төрийн эрх баригч хуйвалдагч, луйварчидтай тэмцэхийн төлөө бүгдээрээ зоригтой байя гэж уриалж байгаа юм. Цаашид ИЗНН өөрчлөгдөж шинэчлэгдэх байх.
-Энэ нь Иргэний Зориг албан ёсоор байгуулсан анхны фракц уу?
-Жигүүр байгуулах эсэхийг Үндэсний хороогоор шийднэ гэж дүрмэндээ заасан бий. Одоогоор Үндэсний хороо хуралдаагүй байна. Бид улс төрийн зөвлөлдөө танилцуулж байна. Гэхдээ дүрэм зохиогчид маань тодорхой нэг асуудлаар жигүүр байгуулдаг гэж хэлээд байгаа. Энэ нь жигүүр байгуулах харилцаагаа хүртэл дүрмэндээ зохицуулж чадаагүйн илрэл.
-Тэгэхээр дүрмийг бас өөрчлөх ёстой юу?
-Өөрчилнө. Шударга ёс, тэгш эрх, нийгмийн сайн сайхны төлөө хэн нэгнээс зөвшөөрөл авч тэмцэл хийнэ гэж байхгүй. Тэмцэл бол зөвшөөрөгдөөгүй арга замаар явдаг. Алдаа бодлогын эсрэг бид хэнээс ч зөвшөөрөл авахгүй. ИЗНН-ын дарга нар маань өөрсдийн буруу зүйлээ хүлээн зөвшөөрдөг болооч гэж хэлмээр байна. Түүнээс биш хүчтэй нь хүчгүйгээ удирддаг адгуусан амьтны хуулийг хэрэгжүүлж болохгүй.
-Та нэг хэсэг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагыг байгуулан ажилласан. Одоо энэ албаа өөр хүнд өгчихсөн юм уу?
-Миний албыг н.Батбаатар гэдэг залуу хэсэг хугацаанд орлосон. Саяхан хурлаа хийгээд дахин тэргүүнээр нь сонгогдоод ажиллаж байна. Манай байгууллага хууль хяналтын байгууллагынхан яагаад шударга бус шийдвэр гаргадаг вэ гэдэгт судалгаа хийж ажилладаг. Шүүх бүх төрлийн маргааныг эцэслэн шийддэг төгсгөл. Энэ утгаараа шүүхийг шударга байлгая гэвэл эхлээд хуульчидаа шударга байлгахын төлөө алхам хийх ёстой. Өнөөдөр хууль зөрчсөн, хуулиас давсан шийдвэр гаргадаг хуульчид олон байна. Өөрсдөө хуульчид мөртлөө хуулиа зөрчдөг нь нууц биш шүү дээ. Үүнийг өөрчлөх цаг аль хэдийнэ болсон.