Ө.ОТГОНЖАРГАЛ
Иргэн Б.Цогтгэрэл, А.Ариунжаргал нар АТГ-т өргөдөл гаргажээ. Тэдний гомдол нийт 15 аймгийн 21 байгууллага, 24 албан тушаалтанд холбогдохыг эх сурвалж хэллээ. Тэр дотроо Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарыг шилэн данс дахь мэдээллүүдийг засварласан гэх үндэслэл шалгуулах хүсэлт тавьсан байна. Булган аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар гэхэд л 162 сая төгрөгийн үнэтэй автомашиныг Таван Богд компаниас худалдаж авсан гэсэн мэдээлэл байгаа аж. Гэтэл Таван Богд компанид 162 сая төгрөгийн үнэтэй авто машин байхгүй дээд тал нь 150 сая төгрөгийн үнэтэй байгааг АТГ-д хандсан иргэд хэлж байна. Түүнчлэн Ерөнхий сайдын өөрийнх нь төсөв болон Засгийн газрын нөөц сангийн нийт дүнгээр 96 тэрбум төгрөг, мөн М.Энхсайхан сайдын шилэн данс огт байхгүй байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авахыг онцоллоо. Иргэдийн гаргасан өргөдлийн дагуу УИХ –ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүнийг хяналт тавьж ажиллана уу хэмээн Б.Цогтгэрэл, А.Ариунжаргал нар хандсан байна. Дашрамд дурдахад, хугацаатай үүрэг даалгаврыг Зэвсэгт хүчний жанжин штаб биелүүлсэн бөгөөд 72 цагийн хугацаанд багтааж шилэн дансаа ажиллуулж эхэлсэнд нь талархаж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин