Ц.БАЯР

Өнөөдөр “Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ иргэдийн өмнөөс  БОНХАЖЯ, АМГ-ыг шүүхэд хариуцагчаар татсан тухай  Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлаас мэдээлэв. Учир нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн аманд байрлах  АУМ компанийн эзэмшилд байдаг тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад алт олборлох ажиллагаанаас байгаль орчинд 32 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь дээрхи төрийн байгууллага, албан тушаалтнуудын хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан аж. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 39.3-д заасан... “ Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар нөхөн сэргээх хөрөнгийг гаргуулж гүйцэтгүүлнэ” гэсэн зохицуулалтыг огт хэрэгжүүлж ажиллаагүй гэдгээр хариуцагчаар татах үндэслэл болжээ. Мөн ашигт малтмалын олборлолтын явцад эвдэрсэн газрыг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээж нутгийн иргэдэд хүлээлгэж өгөх шийдвэрийг хариуцагч талд гаргаж өгөхийг уг нэхэмжлэлээр шаардсан байна. Төрийн байгууллага болон албан тушаалтан хууль хэрэгжүүлээгүйд нутгийн иргэд  ийнхүү шүүхэд гомдлоо  гаргаад байна. Энэ мэтчилэн нийтдээ байгаль орчинд хор хохирол учруулсан, урт нэртэй хуулийг зөрчсөн  242 тусгай зөвшөөрөл байгааг тэд хэлсэн.

Эх сурвалж:www.polit.mn