Н.МӨНХЖИН
Хятадын нефтийн томоохон компани болох CNPC-ийн тэргүүн асан Цзян Зэмин, Коммунист намын Сычуань муж дахь салбарын орлогч дарга асан Ли Чунчэн нар шүүхээс ял сонслоо. Шүүхийн шийдвэр даваа гаригт гарсан хэмээн Associated Press агентлаг уламжлав. Цзян Зэмин нийтдээ 14 сая юанийн хахууль авсныг тогтоожээ. Тэрээр мөн өөрийн дансан дахь ийм хэмжээний мөнгөний гарал үүслийг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Үүний хажуугаар Цзян хамтрагчиддаа төрийн нэрээр баяжих, албан тушаалаа буруугаар ашиглах боломжийг олгож байжээ. Шүүхээс түүнд 16 жилийн хорих ял оноогоод байна. 40 сая юанийн авлига авсан Ли Чунчэн 13 жилийн ялаар шийтгүүлжээ.
Цзян Зэмин Хятадын үндэсний нефть, хийн корпорацийг (CNPC) 2011-2013 онд удирдаж байсан. 2013 оны арванхоёрдугаар сараас хойш БНХАУ-ын Төрийн зөвлөл дэх Төрийн өмчийг хянах, удирдах хорооны даргаар ажиллаж байсан юм. Ли Чунчэн 2011-2012 онд намын бүс нутгийн тэргүүний орлогчийн албыг хашиж байжээ. Цзян, Ли нар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын гишүүн, улс орны нөлөө бүхий удирдагч байсан Чоу Юнканы хүмүүс гэгддэг. Чоу Юнкан 2015 оны зургадугаар сарын 11-нд авлига авсан, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, төрийн нууцыг санаатайгаар задруулсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин