М.ХҮСЛЭН
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын 11-нд болсон Төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болов. Тус Сонгуулийн төв комиссын мэдээлснээр А.Лукашенко сонгогчдын 83.49 хувийн санал авч ялсан байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн 86.7 хувь нь оролцжээ. Энэ тухай Сонгуулийн төв комиссын дарга Лидия Ермошина мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бусад хүний хувьд Либерал ардчилсан намын тэргүүн Сергей Гайдукевич 3.32 хувь, “Үнэнийг хэл” иргэний хөдөлгөөний гишүүн Татьяна Короткевич 4.42 хувь, Эх орны намын дарга Николай Улахович 1.67 хувийн санал авчээ. Харин сонгогчдын 6.5 хувь нь бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгсөн байна. Сонгуулийн эцсийн дүнг аравдугаар сарын 16-ны баасан гаригт зарлах аж. Одоогоор хилийн чанадад байгаа Беларусийн иргэдийн саналыг нэгтгээгүй байгаа ажээ.
Александр Лукашенко бусад нэр дэвшигчээс хол тасархай түрүүлж, сонгуулийн дүнгийн албан ёсны мэдээ гараагүй байхад түүний өрсөлдөгчдийн хоёр нь түүнд баяр хүргэсэн байна. Өдгөө 61 настай А.Лукашенко Беларусийн Ерөнхийлөгчийн суудалд тав дахь удаагаа заларч байна. А.Лукашенко 1994 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар 80.3 хувийн санал авч анх удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдож байсан юм. 1996 онд бүх нийтийн санал асуулгаар түүний бүрэн эрхийн хугацааг 2001 он хүртэл сунгажээ. Үүний дараа тэрээр 2001, 2006, 2010 онуудад гурван удаа сонгуульд ялжээ. Төрийн тэргүүн хоёроос илүү хугацаагаар дараалан сонгогдож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг 2004 оны бүх нийтийн санал асуулгаар хүчингүй болгосон аж.
2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд А.Лукашенко 79.65 хувийн санал авч байв. Беларусийн сөрөг хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Минскэд жагсаал цуглаан болсон юм. Харин жагсаал цуглааныг эрх баригчид хүчээр дарсан аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин