Н.МӨНХЖИН
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн бие ихэд чилээрхэж, дөнгөн данган ярьдаг болсон тухай түүний том охин Маказиве Associated Press агентлагт ярьжээ. “Аав минь бидэнд гараа сунгаж мэндчилдэг болсон. Түүний ярьж, хэлж байгаа зүйл нь гар нь л болоод байна. Тэр бидэнд гараа сунгаж “Би энд байна, чамд хайртай” гэж хэлдэг” хэмээн Маказиве өгүүлэв.
Эдүгээ 94 нас сүүдрийг зооглож байгаа 1993 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн Өмнөд Африк дахь апартейд дэглэмийн эсрэг тэмцлээрээ дэлхий дахинд нэрд гарсан билээ. Мандела арьс өнгөөр ялгаварлах үзлийг арилгаж, эрх тэгш байдлыг тогтоосон юм. Саяхан Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зума Иоханнесбург дахь экс Ерөнхийлөгчийн гэрт зочилж буй бичлэг телевизээр цацагдсан. Хэдийгээр эргэн тойрны хүмүүс нь Манделагийн эрүүл мэнд гайгүй байгаа хэмээн баталж байсан ч түүний бие ихэд доройтсон нь энэ бичлэгээс ил болсон юм.
Маказиве Манделагийн мэдэгдэл Өмнөд Африкт шуугиан дэгдээгээд байна. Апартейд дэглэмийн эсрэг тэмцэгчийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд муудаж, ой санамжаа алдсан тухай түүний өмгөөлөгч, дотны найз Жорж Бизос нь “АВС”-д ярьж байсан билээ. Нельсон Мандела сүүлийн таван сард гурван удаа эмнэлэгт хүргэгджээ. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард амьсгалын замын хурц халдвар нь сэдэрч яаралтай эмнэлэгт хэвтсэн юм. Түүнийг эмнэлгээс гарсны дараа “Экс Ерөнхийлөгч дахин эмнэлэгт хүргэгдлээ, тэр мөдхөн нас барж магадгүй” гэсэн цуу яриа дэгдсэн байна.
Маказиве Мандела эцгийнхээ нэртэй дарсны брэндийг эзэмшдэг. Экс удирдагчийн бусад хүүхдүүд энэ брэндийн эзэмшлийг булаацалдаж, шүүхэд хандаад байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч Маказиве энэ мэдээллийг худал хэмээн няцаажээ. Нельсон Манделагийн гэрээслэлийн тухай Өмнөд Африкийн хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарсаар. Үр хүүхдүүд нь Манделагийн өмч хөрөнгийг хуваах асуудал дээр санал зөрөлдөж, томоохон маргаан өрнөж байгааг ойр дотны эх сурвалж нотолж байгаа аж.
Том охин Маказиве болон Манделагийн гэр бүлийн бусад гишүүд “Манделагийн гэр бүлийн сан”-гийн удирдлага, хяналтын асуудлаар шүүхэд хандаж, сангийн зарим гишүүдийг хөөж зайлуулаад байна. Экс Ерөнхийлөгчийн өв залгамжлагчид ийм замаар эцгийнхээ мөнгө, хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхийг олж авахыг хүсч байгаа бололтой. “Манделагийн гэр бүлийн сан” нь хэд хэдэн барилга, урлагийн бүтээлийн цуглуулга болон янз бүрийн худалдааны эрхийг эзэмшдэг ажээ.