Б.ЭРДЭНЭ

ЖИНГИЙН ТУУХАЙД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

Уншигч та дэлгүүрт ороод жингийн туухай үнэн зааж байгаа үгүйд хэр эргэлздэг вэ. Мэдээж одоо үед электрон хэмжүүртэй болсон учраас үнэн, худалд эргэлзэх зүйл үгүй ч олон жилийн өмнө, одоо ч зарим нэгэнд нь эргэлзэх, бага ч гэсэн шалгах бодол хүн бүрийн тархинд орж л байдаг. Яг үүн шиг бид хар, цагааныг дэнсэлж байдаг шүүгчийн шийдвэр дэлгүүрт байгаа жингийн туухай шиг хэр үнэн байдаг вэ гэж асуумаар санагддаг.

Мэдээж хүний хувь тавиланг алхныхаа тогшилтоор шийдэж, үнэн худлыг дэнсэлж суудаг шүүгчид гэдэг дэлгүүрийн автомат туухайнаас хэд дахин хариуцлагатай, бас үнэн зөв байх ёстой. Харамсалтай нь шүүхийн шийдвэрт эргэлзсэн, тал тохой татсаныг баталж, нотолсон олон жишээ өнгөрсөн жилүүдэд бидний амьдралд байсаар ирж, тэр хэрээрээ энэ  салбарын нэр хүндийг доош чангааж ирсэн нь маргашгүй үнэн.

Тиймдээ ч хуулийн заалтыг биш хуулийн цоорхойг ашиглан хэн нэгнийг өмгөөлж, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлсэн тухай олон шийдвэрийг бид сонссоор, жирийн иргэд ч шүүгч гэдэг “жингийн туухай”-д итгэх итгэл алсарсаар байлаа. Аливаа нийгмийн гажуудал, сөрөг бүхэн учир шалтгаантай байдгийн учир дээр өгүүлсэн хууль, шүүхийн салбарын гажуудлыг учир мэдэх хүмүүс “Хуулийнхан өөрсдөө эрх зүйн дутуу дулимаг зохицуулалттайгийнх” хэмээн дуу нэгтэй баталж,  нэг талаар өмгөөлж, нөгөө талаас гоочилсоор ирлээ.

Харин сар гаруйн өмнөөс Шүүхийн тухай шинэ хууль хэрэгжиж эхлээд байна. Салбартаа байгаа болохгүй бүхнийг арилгах, хуулийн нэрээр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахын эсрэг гэсэн тодотголтой энэ хууль шүүхийн салбарыг хөлнөөс нь толгой хүртэл илааршуулах зорилготой. Гэвч иргэн бүрт хамааралтай энэ хуулийн алдаа оноо, ач холбогдлыг миний, таны, эргэн тойрны олон хүн төдий л анхаарч хайхрахгүй байх шиг. Заримдаа та бидний хайхрамжгүй өнгөрөөсөн нэг мэдээ хамгийн чухал нь байх тохиолдол цөөнгүй шүү дээ.

Тийм ч учраас хэрэгжиж эхлээд сар гаруй болж байгаа ч хүний нийгмээс хуулийн нийгмийг утгаар нь бий болгох энэ том хууль бидний ирээдүйг хэрхэн өөрчилж, ямар нийгэмд хөтлөх бас нэгэн зам болох гэж байгааг хамтдаа сонирхоё.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганы үеэр Төрийн ордны их танхимын индэр дээрээс “Хүний засаглалаас хуулийн засаглал руу шилжлээ” хэмээн шинэ хуулийн талаар тодотгосон юм. Товчхондоо бол хэрэгжиж эхэлж байгаа Шүүхийн багц хуулийн агуулга, зорилго, ач холбогдол тэр чигээрээ энэ ганцхан өгүүлбэрт тэр чигээрээ багтаж буй юм. Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачлагаар “Шүүх эрх мэдэл ба шударга ёс” анхдугаар чуулган болж, нийт 1600  орчим хүн хуран цуглаж, шүүх эрх мэдлийг шинэчлэхэд тулгамдсан олон асуудлыг эрдэмтэн мэргэд, хуульчид, иргэний төлөөллийн оролцоотой хоёр өдөр шүүн хэлэлцэж, зөвлөмж гаргаж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн үндэсний чуулганы үеэр  Монгол  Улсын Ерөнхийлөгчийн санаачлан, Их хурал баталсан Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлснийг онцолж, анхны чуулганаас гарсан зөвлөмжүүд амьдралд биеллээ олж, хууль болон хэрэгжээд эхэлсэн тухай баяртай мэдээгээр үүдээ нээсэн хэрэг.

 

ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛЭЭС ХАРААТ ШҮҮХ ТҮҮХ БОЛОН ҮЛДЛЭЭ

 

Шүүхийн хараат бус, бие даасан байдал гэдгийг сүүлийн жилүүдэд ярих болсон. Шүүгчийн шийдвэрт эргэлзсэн бүхэн шүүгч бие дааж шийдвэр гаргасан уу, янз бүрийн дарамт, ятгалга, авлигад өртөөгүй гэсэн баталгаа бий юу гэдгийг асуухад хүрдэг нь маргашгүй үнэн. Тэгвэл алхныхаа тогшилтоор амьдрал шийддэг шүүгч нарын шийдвэрээ бие дааж гаргах, хараат бусаар ажиллах орчин бүрдүүлэхийг хуулийн хүрээнд зөв зохицуулалтаар шийдэж өгснийг энэ хуулиас харж болно. Хамгийн энгийнээр хэлэхэд хэтэвчнийхээ хувьд хэнээс ч хамааралгүй байх нь шүүгчдийн хувьд бие даасан байдлаа хангах хамгийн гол хөшүүрэг юм. Тиймээс шинээр хэрэгжиж байгаа хуулийн дагуу Шүүхийн төсвийг УИХ-д шууд өргөн барьж батлуулах, ингэхдээ шүүхийн урсгал зардал болон шүүгчдийн цалин хөлс хасагдахгүй, харин нэмэгдэж байх зарчим мөрдөгдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлээс төсөв сан­хүү­гийн хувьд хараат бай­дал түүх болон үлдэж байна.

Шүүхийн засаглал хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн хоёр засаглалтай эн зэрэгцэн орших тухай онолын түвшинд ярьдаг ч үнэн хэрэгтээ шүүгч нарын цалин гүйцэтгэх эрх мэдлээс хамаардаг байсан нь шүүгчдийн бие даасан байдалд сэв суулгах нэг шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй. Харин одоо шинэ хуулийн дагуу шүүгчдийн цалин буурах бус байнга өсөх зарчмаар ажиллах нь. Санхүүгийн хувьд хараат бус байлгаж байгаа энэ шагнал нөгөө талаар шүүгчдээс хариуцлагатай, бие даасан байдлыг шаардах гол хүч болж буй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, цалин буурахгүй байхтай адил шүүгчдэд тавих шалгуурыг тодорхой болгож, босгыг өндөрсгөсөн заалт ч энд бий. Шүүгчийн сонгон шалгаруулалтын журмыг нарийвчилж, Шүүхийн Ерөнхий Зөвлөл ил санал хураалтаар шүүгч болох хүмүүсийг тодруулдаг шинэ хууль мөрдөгдөж эхэлж байна. Өнөөдрийг хүртэл нууц санал хураалтаар шийдвэрлэгдэж ирснийг та бүхэн мэдэж байгаа.

 

ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНЫГ ХААЦАЙЛАХ БАМБАЙ БИШ

 

“Монголын хууль гурван хоног” гэсэн яриа бидний дунд олон жил байсаар л байна. Бүр сүүлдээ ийм байсан, цаашид ч ийм байх ёстой юм шиг тийм нэг зөрүү хандлага нийгэмд ажиглагдах болчихож. Ялангуяа Монголын хууль гурав хоног наслахад албан тушаалтнуудын баталсан хуулиа өөрчдөө зөрчдөг, байдал ихээхэн нөлөөлсөөр ирсэн. Тэгвэл албан тушаалтан эрх мэдлээ хуулийн нэрээр хэтрүүлэн ашиглахыг шинэ гарсан хуулиар нэг мөсөн хориглосон нь Шүүхийн тухай багц хуулийн алга ташмаар амжилт биш гэж үү. Монголын хууль гурван хоног хэрэгждэг биш, хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй байхыг жинхэнэ утгаар нь зааглаж өгчээ.  Өөрөөр хэлбэл, хууль биелүүлж байна, хуулийн дагуу ажиллаж байгаа нэрийн дор өөрийгөө өмгөөлж, албан тушаалаа хэтрүүлдэг байдлыг халахыг ч энэ хууль нарийн чанд зохицуулж чадсан. Албан тушаалтан гэдэг эрх эдэлдэг ямбатан биш эрх тэгш иргэн гэдгийг хуулийн дагуу зохицуулж чадсанаараа баталсан хуулиа өөрсдөө баллуурддаг албан тушаалтнуудын замыг хаах гол хаалт болон торж байгаа юм. Мөн шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруугүй гэж үзэх, хэрэгт холбогдсон хэн ч хэрэг маргаанаа хэт удаан хүлээлгүй, шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг ч энэ хуулиар зохицуулсан байна.

 

ИЛ ТОД ШҮҮХ

 

Шүүхийн шийдвэр үдээстэй хавтасны цаана үлддэг үе өнгөрч байна. Харин ч шүүхийн шийдвэр ил тод, нээлттэй, шүүгчдийн гаргасан шийдвэрийг хүн бүр тал талаас нь судалж, үнэн зөвийг нь цэгнэн, мэтгэлцэх цоо шинэ зүйл шинэ хуульд багтжээ. Одоогоор нийт 74 мянга гаруй шүүхийн шийдвэр цахим хуудсанд байршаад байгаа тухай тоо байна. Эдгээр шийдвэрүүдтэй шүүгчид, хуульчид, судлаачид, оюутнууд, хууль тогтоогчид өөрсдөө ч хүссэн үедээ танилцах, унших, судлах, шүүмжлэх, мэтгэлцэх боломж нээгдсэн байгаа нь шинэ хуулийн бас  нэгэн онцлог болжээ. Нөгөөтэйгүүр ил тод байдал гэдэг хуулийг жигд хэрэглэх хяналтын тогтолцоо бий болгох, хууль  тогтоомжийг боловсронгуй болгоход  ач холбогдолтойгоос  гадна  шүүгчдийг дэвшин ажиллахад нь өмнө гаргаж байсан шийдвэрт нь анализ хийн мэргэжлийн чадварыг нь тодорхойлоход нэг шалгуур үзүүлэлт болох аж. Мөн Улсын дээд шүүхийн олонхийн саналаар гаргасан шийдвэртэй хамт тусгай санал  буюу цөөнх болсон шүүгчдийн санал дүгнэлт хамт хэвлэгддэг болжээ. Өөрөөр хэлбэл, цөөнхийн саналаас ч бас авах гээхийн ухаанаар хандах зөв зарчим бий болох эхлэл тавигдаж байна гэсэн үг юм.

Үүнээс гадна Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хууль хүчин төгөлдөр болсноор сонгогчдын нэрсийн жагсаалтаас тохиолдлын журмаар сонгогдсон иргэн шүүн таслах ажиллагаанд ор нэр оролцдог байсан үе өнгөрч, иргэдийн төлөөлөл шүүгч нартай адилхан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог шинэ үе эхэлж байна. Нэг сарын өмнө гэхэд цөөхөн хэдхэн хүн нэг шүүхийн бүх шүүх хуралдаанд оролцож санал хэлсэн болоод оромдоод өнгөрдөг байсан бол шинэ хууль мөрдөгдсөнөөр тухайн шүүх хэр шударга, хэр зэрэг ажиллаж байна вэ гэдэг харагдана. Монгол Улсын иргэд шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах биш, дотор нь ороод, шүүн таслах ажиллагаанд өөрийн эрх мэдэлтэйгээр оролцдог болж байна.

Эвлэрүүлэн зуучлах тухай шинэ хууль шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Эвлэрүүлэн зуучлал нь олон талын ач холбогдолтой. Аливаа хэрэг маргаан ах дүү, хамаатан садан, эсвэл бизнесийн түнш гэх зэрэг дандаа таньдаг хүмүүсийн хооронд үүсдэг. Сайн маргаан гэж байдаггүй. Маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд ихэвчлэн нэг нь баярлаж нөгөө нь гомдож эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Эвлэрүүлэн зуучлалын хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөр маргааныг эв зүйгээр зохицуулах, хөрөнгө мөнгө хэмнэх, иргэдэд хүргэх маргааныг хянан шийдвэрлэх ажлыг хямд төсөр болгох олон талын ач холбогдолтой. Энэ хууль хүчин төгөлдөр болсноор шүүхийн ачааалал багасахаас гадна ард иргэдийн хүсэл зоригт нийцсэн чухал хууль болох юм. Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага жинхэнэ утгаараа байгуулагдаж, бас төрийн гүйцэтгэж байсан зарим үүргийг ч хамжилцаж хэрэгжүүлэх боломжтой болж байна.

Энэ мэтээр хэрэгжиж эхлээд хэдхэн хонож байгаа энэ хуулийг жингийн туухай үнэн гэдэгт итгэх жирийн иргэдийн итгэлийг баталж чадах хууль болсон гэж товчхон дүгнэж болохоор байна.