Д.БОЛОР
Улаан тэрлэгтэй энэ буурайг Х.Цэндсүрэн гэдэг. Нас нь 70 дөхөж яваа. Маршал Х.Чойлбалсангийн зээ дүү. Өдгөө Дорнод аймагт аж төрж буй. Түүнтэй ярилцснаа хүргэе.
-Таныг Маршал Х.Чойбалсангийн зээ дүү гэж сонслоо. Маршалтай та ямар ураг садны холбоотой юм бэ?
-Миний ижий, Х.Чойбалсангийн ижий хоёр төрсөн эгч дүүс. Тэгэхээр Маршал бол миний нагац тал гэсэн үг. Миний нагац 1930-аад оноос нас барах хүртлээ хуучнаар БНМАУ-ыг удирдаж байсан нэртэй төрийн зүтгэлтэн юм. Х.Чойбалсан түүхийн эгзэгтэй үед Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бишгүй их зүйл хийсэн хүн.
-Та түүний бага насных нь талаар сонссон байлгүй. Түүхэн дурсамжаас нь яриач?
-Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-нд тэр үеийн Сэцэн аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гурав дахь хүү болон төрсөн. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн гэлцдэг. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учраас Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад нь орхин явсан гэх юм билээ. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирээд хүүдээ Дугар гэдэг нэр хайрлан хэсэг хугацаанд хамт амьдарсан. Нутгийнхны дунд “Дагуур гаралтай Жамц чинь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь” гэсэн дуу хүртэл гарч байсан гэдэг шүү дээ. Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар. Тэр Чойбалсан хэмээх хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэрээрээ бичигдэн үлдсэн нь энэ. Миний нагацын бага нас гэвэл ийм л байлаа.
Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлан ажилласан. Би нагацыгаа Монголд маш их юм хийсэн гэж боддог. Тусгаар тогтнолын төлөө амьсгалаа хураатал тэмцсэн хүн шүү дээ. Одоо тэгвэл түүний хийсэн гавьяаг хэн ч ярихгүй байна. Бас үнэлэхгүй байна.
-Та төр, засгийн удирдлагуудад хамаатай зүйл ярьж байна уу?
-Тийм ээ. Хуучны МАХН буюу одоогийн МАН-ынхан миний нагацын нэрийг дурсахгүйгээр түүхээ бас хийсэн ажлаа ярих боломжгүй. Гэтэл тэд Маршалын талаар юу ч ярихгүй, дурсахгүй байгаад үнэхээр гомдож байна. Хаа нэг бүүр түүрхэн ярих нь битгий хэл түүхэн ойн баяраар хүртэл дурсахгүй байна шүү дээ. Эцсийн дүндээ миний нагац ОХУ-д ямар нэгэн урилга очилгүйгээр “Би Монголыг чөлөөлж өгнө” гэж хэдэн цэргээ дагуулаад Жуков жанжин ирээгүй шүү. Түүний хүү Нэргүй ах хүртэл 100 жилийнх нь ойгоор энэ талаар өчнөөн хэлсэн дээ. Даанч тоохгүй юм. МАН-ынхан гэлтгүй Ерөнхийлөгчийг манай аймагт ирэхэд нь “Түүхэн гавьяа байгуулсан хүнээ дурсаж яваач. Үр хүүхдийг нь жаахан ч гэсэн харж үзнэ үү” гэж хэлсэн. Намайг байр гуйж байна гэж бодсон юм уу, хаашаа юм тэгсгээд хариулсан болоод өнгөрөөнө лээ. Үгүй ядаж Дорнод аймгийн захиргааны үүдэнд Чойбалсангийн хөшөөг тавиад өгөөч гэж гуйсан ч бүтэхгүй юм. Харин оронд нь зургаан хөлтэй яст мэлхий барихаар шийдсэн гэнэ.Яст мэлхийг урт настай гэж хүмүүс ярьдаг л даа. Гэхдээ би бодохдоо удаан хөлийн амьтан. Хятадууд Монголыг яст мэлхий шиг хөгжөөсэй гэж бодож тэр хөшөөг тавьж өгсөн болов уу.
-Та цагаатгах талаар олон удаа бичиг хүргүүлсэн гэж байсан. Ямар ч үр дүнд хүрэхгүй явна уу?
- Өө, ийм бичгийг дарга сэдэртэй олон хүнд л өглөө. Ямар ч хариу алга. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болоход нь хүртэл өгсөн дөө даанч нохой хуцаж байна чинээ тоосонгүй. Хөгшин намайг ямар нам дэмждэг гэж бодож байна, хүүхээ.
-Мэдэхгүй юм. Нагацаа бодвол МАН байх аа?
-Үгүй ээ. Би чинь АН-ын анхны гишүүн шүү дээ. Намайг АН-д элссэнийг гэрийнхэн маань сонссоод бөөн юм болж билээ. “Нагацынхаа гавьяаг мартаа юу. Яасан ичмээр дамшиг вэ. Хүний нүүр яаж харах гээд байгаа юм” гэж загнаж билээ. Би ч зөрүүдлээд л суучихсан. Одоо эргээд харахад АН-ын анхны гишүүн хэдий ч бас л хүн чинээ тоож харж үзсэн юм алга аа.
-Та одоо юу хийж байна. Гавьяаныхаа амралтыг эдэлж сууна уу?
-Хүүхдүүд бүгд тусдаа гарсан. Одоо ч айлын хажуу өрөө хөлслөөд амьдарч байна даа. Өөр сайхан зүйл хэлэх ч юм алга. Тэтгэвэрт гарсан гээд гараа хумхиж суултай биш гээд хурганы арьс элдэж өгөөд таван цаас олох юм. Миний бодож санаж яваа хамгийн гол юм нь нагацын маань алдрыг мөнхжүүлж, залуу хойч үедээ байгуулсан баатарлаг гавьяаг нь магтаж яваасай гэсэн чин хүсэл. Н.Энхбаяр даргын хүү “Миний аав өмөөрөх төр, өмөлзөх хүүтэй хүн шүү” гэж хэлэхэд нь ёстой нэг зүрхэнд туссан даа. Миний нагац өмөөрөх төр, өмөлзөх үргүй хүн юм байна гэж. Би хэдий наслав гэж дээ. Амьд байх хугацаанд маань нагацыг маань алдаршуулаасай гэж хүсч байна.